Хэнтий аймгийн "Хан-Хэнтийн” гар урчууд ХХК-ийн санаачилсан Монголын уламжлалт гар урлал болох зээгт оёдлоор 108 метрийн урттай эсгийнд "Монголын нууц товчоо”-г мөнхлөхөөр урлаж эхэлсэн. Энэхүү бүтээлийг Гиннесийн амжилт, Юнескогийн биет бус соёлын өвд бүртгүүлэх юм. Түүхэн энэ бүтээлд бүх нийтийг оролцуулах үүднээс 21 аймгаар тойрч хүссэн хүн бүрт учиг шингээх боломж олгож байгаа юм байна.
Тус үйл ажиллагааг зохион байгуулж буй санаачлагчид Дорнод аймагт хүрэлцэн ирж, өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Танилцуулах үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн, Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ болон агентлаг, хэлтсийн удирдлагууд оролцлоо. ”Монголын Нууц Товчоо” зээгт ширмэл бүтээлд учиг шингээх үйл ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн даваа гарагт Биеийн тамир спортын газарт 14 цагт болно. Тиймээс аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уг бүтээл нь Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан. Бүтээлд монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийж буйгаас гадна эртний буган чулуу, хадны сүг зураг оруулж байгаа бөгөөд өндөр нь 1,8м метр, урт нь 108 метр аж. Тус бүтээлийг урлахад нийт нэг сая 994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд одоогоор 19 аймгийн 3800 орчим иргэд гар бие оролцсон байна. 100 метр эсгий бүтээлийг урлаад байгаа бөгөөд энэ оны 2 дугаар сард бүрэн дуусгаж, ирэх 4 дүгээр сард Улаанбаатар хотноо нээлтээ хийх ажээ.
Бүтээлийг "Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлэн өгчээ. Энэхүү бүтээл нь нэгдүгээрт, малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл, хоёрдугаарт, эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, гуравдугаарт, хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацид бүртгэгдэх юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих