Бөөр бол хүний биеийн хамгийн чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцдэг бөгөөд нэг минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Угтаа бол хамгийн их хайрлах ёстой эрхтэний нэг. Гэвч сүүлийн жилүүдэд монголчуудын дунд бөөрний өвчлөл хэрээс хэтэрчээ. Эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан статистик мэдээллээс харахад шээсний замын өвчлөл 10 мянган хүн амд тохиолдож буй байдлаар хотод 769.7, хөдөөд 795.4 гэсэн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн эмч нарын хэлж буйгаар жилд 400 гаруй хүн бөөрний архаг дутагдалтай болж, гемодиализийн эмчилгээнд орох шаардлага тулгардаг аж. Саяхныг хүртэл гемодиализийн аппарат тун хүрэлцээ муутай байлаа. Хөдөө орон нутгийнхан өчнөөн зардал гарган, хотод ирж гемодиализийн аппаратад ордог байв. Уг аппаратад нэг удаа орж, эмчлүүлэхэд өвчтөн 250-320 мянган төгрөг төлнө. Удаан дугаарлаж байж ийм хэмжээний мөнгө төлж эмчлүүлдэг гэхээр өвчтөн хийгээд гэр бүлд нь байсхийгээд л эдийн засгийн дарамт учирдаг гэж хэлж болно.
Харин төрөөс гемодиализийн аппаратын эмчилгээний зардлыг даадаг болсноор бөөрний дутагдалтай хүмүүсийн халааснаас гарах мөнгө багасгаж байна. Үнэхээр оновчтой шийдвэр хэмээн олон хүн хэлж байлаа. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн төвийн үйлчлүүлэгч Б "Би бөөрний архаг дутагдалтай гэсэн онош сонсоод хоёр жил гаруй болж байна. Эмчилгээ хийлгэхэд үнэхээр хэцүү байдаг. Маш их ядарна, бас эмчилгээ хийлгэхдээ төлбөр төлнө гээд бүх зүйлээс заримдаа халширмаар санагддаг. Гэхдээ диализийн аппаратад орох эмчилгээний зардлыг төрөөс даадаг боллоо гэсэн мэдээ сонсоод, эрүүл болчихсон юм шиг л мэдрэмж төрсөн. Ийм зөв шийдвэр гаргасанд талархаад барахгүй” гэлээ.
Орон нутгийн зарим аймгийн төвийн эмнэлгийг диализийн аппараттай болгосноор иргэд замын зардлаа хэмнэж, нутагтаа эмчлүүлэх боломж бүрдсэн юм. Эрүүл мэндийн төлөө хийж буй хөрөнгө оруулалт хамгийн чухал гэдгийг энэхүү жишээ харуулна.
Өвчтөнүүд ч гэлтгүй эмч нар хүртэл тааламжтай хүлээн авснаа дуулгаж байлаа. Улсын гуравдугаар төв эмяэлэг болон Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар диализийн аппаратын эмчилгээний зардлыг төрөөс даахаар болсон нь нүдээ олсон шийдвэр хэмээн олзуурхаж байв. Мөн эмнэлгүүдийг гемодиализийн аппаратаар хангаж эхлээд байна. Улсын 2015 оны төсөвт гемо-диализийн аппарат худалдан авахад зориулан дөрвөн тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр УНТЭ-д дөрөв, хоёрдугаар эмнэлэгт дөрөв, УГТЭ-д нэг, Өвөрхангай болон Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан-Уул, Булган, Говь-Алтай, Хэнтий, Дорноговь аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр нэг диализийн аппарат хуваарилжээ. Ингэж эмчилгээний тоног, төхөөрөмжийн хүртээмж сайжирснаар иргэдэд ч гэсэн цаг алдалгүй эмчилгээ хийлгэхэд хялбар болж байна.
Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл улам нэмэгдэж буй энэ цаг үед эмчилгээний зардлыг төр хариуцахаас гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал хамгийн зөв гарц болно. Уг нь манай улсад урьдчилан сэргийлэх талаар гаргасан баримт бичиг байдаг юм билээ. Гэхдээ иргэд төдийлэн мэддэггүй бас эмч нар ч бараг мартах шахжээ. Тодруулбал, Бөөр хамгаалах үндэсний стратеги гэсэн том баримт бичиг бий.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн энэхүү баримт бичгийг гаргасан байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхийн хөгжингүй орнуудад тулгарч буй нэг бэрхшээл нь бөөрний өвчлөл болсон байна. Хүн амын нас баралтын нэг шалтгаан бөөрний дутагдал болж буй тул анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ДЭМБ-аас гаргаж байжээ.
Дэлхий нийтэд хэвтэн эмчлүүлэх дадал зуршлаас татгалзаж буй бөгөөд сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулдаг болжээ. Тайланд, Малайз зэрэг улсад бөөр хамгаалах, хянах, төгс эмчлэх, хүүхэд насанд нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга туршлагыг хэвшүүлж байна.
Гэтэл манай улс хэвтэн эмлүүлэх дадал зуршлыг халж чадахгүй байгаа юм. Иймээс ч хүндэрсэн хойно нь илрүүлж, өвчтөн болоод эрүүл мэндийн байгууллагаас ихээхэн хэмжээний зардал гаргаж буй. Жишээлбэл, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт төсвийн 20-иод эмийн төсвийн 30 гаруй хувийг бөөрний дутагдлын эмчилгээнд зарцуулж иржээ. 2006 оноос хойш л гэхэд өдгөө 100 гаруй өвчтөнд бөөр шилжүү-лэн суулгах мэс засал хийжээ.
Бөөрний эмгэг судлалын клиникийн профессор Д.Нямсүрэнгийн хэлснээр бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд нийт 12 сая төгрөг зарцуулдаг бөгөөд үүний найман саяыг Сайдын багцаас, үлдсэнийг нь өвчтөн өөрийнхөө халааснаа гаргадаг аж. Ийм хэмжээнд хүндрүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх нь чухал. Тиймээс л мартагдах шахсан баримт бичгээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бөөр хамгаалах үндэсний стратегийг үр дүнтэй хэрэгжүүлбэл, хяналт тавих, бөөрний өвчин эмгэг, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх, тандах тогтолцоог бүрдүүлэх гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Уг баримт бичгийг хэрэгжүүлэх эхний шат 2016 онд дууссан. Харин хоёр дахь шатыг хэрэгжүүлэх хөтөлбөр 2016-2018 он хүртэл үргэлжлэх юм байна.
[ЗГМ]
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих