ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Эрүүгийн хуулийг батлах үед, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшил болсон, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж ярьсан. Судлаад үзэхээр тийм биш байсан. Жишээ нь, одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан. Эсрэгээрээ жинхэнээсээ шоронжуулах бодлоготой хууль шинээр баталчихсан. Үүнийг хүний эрхийн тал дээр дэвшил гарсан гэж яагаад ч хэлэх аргагүй. Түүнчлэн практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэхгүй гээд хуульчилсан байсан. Энэ нь залилагчид шалгагдаад, шүүхэд хэрэг нь ирэхэд нэгийг залилж нөгөөгийнхөө өрийг дараад л ял шийтгэгдэхгүй яваад байх боломжийг олгосон байсан" гэв.
Харин Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр "Эрүүгийн хуулийг 2015 онд батлахдаа тусгай ангийн 440 заалт нь бүгд хорих ялтай болчихсон. Анх ярьж байсан үзэл баримтлалаасаа эсрэг хууль батлагдсан. Дотор нь задлаад үзэхээр хорих ял 7 хоногоос эхэлж байгаа юм. Хорих гэдэг бол хамгийн хүнд ял шийтгэл ногдуулж байгаа хэлбэр. Тэгэхээр шоронд сууна гэдэг долоо хоног, долоон сар ч бай ялгаагүй нэр төр, эрхэмсэг оршихуйд их халтай. "Энэ хүн долоохон хоног ял эдэлж байсан юм гэж хэн ч ярьдаггүй. Насаараа л шоронд ял эдэлж байсан гэдэг нэртэй явна. Гэр бүл болох, шинэ ажилд орохоос эхлээд өнөөх ял шийтгэл эдэлж байсан гэдэг нь муу нэр салахгүй. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хорих ял шийтгэлээс аль болох түдгэлзэх, анх удаа үйлдсэн, хөнгөн гэмт хэрэгт заавал хорих ял ногдуулж, шорон гянданд хорихоос татгалзая гэж байгаа юм. Үүний оронд 60 гаруй зүйл анги дээр нийтэд тустай ажил хийлгэхээр оруулж өгсөн. Тодруулбал, өдөрт дөрвөөс ихгүй цаг ажил хөдөлмөр эрхлэх заалт бий. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хэвээр хадгалж байгаа. Тодорхой төрлийн гэмт хэрэгт хатуу байр суурьтай байх, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгана" гэсэн юм.
Б.Чимэг
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих