Романд гурван өөр газар болж буй үйл явдлыг харуулна. Үндсэн үйл явдал 1930-аад оны Москвад өрнөнө. Профессор Воланд нэрээр чөтгөр Москвагийн гудамжаар Ариун долоо хоногийн үеэр өөрийн дөрвөн туслахтайгаа хамтран өөрсдийн замд таарсан хүмүүст хар шидийг хэрэглэж явдаг билээ. Нөгөө нэг үйл явдал галзуугийн эмнэлэгт өрнөх бөгөөд энд Мастер, Маргарита хоёрын талаар гарна. Гурав дахь үйл явдал нь Мастерийн бичсэн роман маягаар тавигдаж байгаа Иешуа га-Ноцри (Назаретийн Есүс Христ) болон Понтий Пилатын талаар өгүүлнэ. Москвагийн талаар өгүүлэхдээ Булгаков фантаз, уран шийдлийг ашиглан Сталины үеийн зөвлөлт холбоот улсыг егөөдөж байгаа нь энэ романы нэг онцлог юм. Гэтэл Орос орны байдалтай эсрэгцэн тавигдаж буй библийн гэмээр гурав дахь үйл явдал маш реалист байдлаар бичигдсэн байдаг.
Зохиолын өрнөлийн нэгэн чухал элемент нь Мастерийн шатсан гар бичмэл дээр тулгуурласан байдаг. Булгаков 1930 оны гуравдугаар сард түүний "Кабалын хоёр нүүртнүүд” жүжиг нь тоглогдохоос хориглогдсоныг мэдээд эхний гар бичмэлээ зууханд шатаагаад хаячихсан гэдэг. Булгаков 1931 онд романаа дахин бичиж эхэлжээ. 1935 онд Булгаков Спасын ордны Хаврын фестивальд оролцсон гэдэг. Эндээс тэр өөрийн романдаа үдэшлэгний хэсгийг нэмэх санаа төржээ. Хоёр дахь гар бичмэл 1936 онд бичигдэж дуусжээ. Энэ гар бичмэлд үндсэн үйл явдлууд бүгд орж өгсөн байлаа. 1937 онд гурав дахь хувилбар бэлэн болжээ. Тэр 4 дэх хувилбар дээрээ ажиллаж байгаад 1940 онд нас барсан юм. Энэ хувилбарыг эхнэр нь 1941 он гэхэд гүйцээн бичиж дуусгасан байна.
"Мастер Маргарита хоёр” зохиолын гар бичмэлийг түүний эхнэр Елена Шиловскаяа хэвлэлтэд өгөлгүй нуусаар Хрущевийн засгийн газар гарч ирсэн үед боломж олдон хэвлүүлсэн юм. "Мастер Маргарита хоёр” романаа Булгаков үнэндээ 1928 оноос бичиж эхэлсэн юм. Анх 1966 онд "Мастер Маргарита хоёр” зохиол "Москва” сэтгүүлд цуврал болон хэвлэгдсэн юм. Гэхдээ энэ нь хорио тавьсан хувилбар байсан юм. Учир нь энэ нь романы текстийн 12 хувийг хасаж, өөрчлөлт оруулсан хувилбар байсан юм.
1967 онд Франкфуртийн Посев хэвлэлийн газар гар бичмэлээс ямар нэг хэсгийг хасалгүйгээр бүрэн ном хэлбэрээр романыг хэвлэсэн байна. Харин Орост роман бүрэн эхээрээ "Художественный литература” компанид Анна Саакианцийн бэлдсэн байдлаар 1973 онд анх хэвлэгдсэн юм. Эцсийн бүрэн хувилбарыг 1989 онд Лидия Яновскаяагийн бүх боломжит гар бичмэлүүдээс нэгтгэн бэлдсэн байдлаар хэвлэжээ.
Энэхүү роман нь гарсан даруйдаа олон уншигчдийг татаж улмаар орос хэлэнд хэлц болсон олон хэллэгүүд энэ романаас эхэлсэн гэдэг. Жишээ нь "гар бичмэлүүд хэзээ ч шатдаггүй” (рукописи не горят), "хоёрдугаар зэргийн шинэ нөхцөл” гэх мэт. Энэхүү романаа бичихэд Булгаковт Германы аугаа найрагч Вольфганг Гётегийн "Фауст” зохиолын эхний хэсэг ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Мөн Николай Гоголийн зохиолууд нилээн нөлөө үзүүлжээ.
Харин Иешуа га-Ноцрийн тухай хэсгийг Фёдор Достоевскийн "Ах дүүКарамзовынхан” зохиол дээрх ёгт үлгэрээс сэдэвлэсэн гэдэг. Харин чөтгөр хүмүүсийн нийгэмд дүрээ хувирган айлчилж буй санааг Булгаков Луйс Велез де Гевара хэмээх зохиолчийн 1641 онд бичсэн "Зэрэмдэг чөтгөр” гэдэг зохиолоос олж авсан байж болох юм гэж үздэг. "Мастер Маргарита хоёр” роман Москвагийн гудамжинд шүүмжлэгч, яруу найрагч хоёрын хоорондын Есүс Христ, чөтгөр байдаг эсэх дээр маргалдаж байх үед чөтгөр тэдэн дээр айлчилж байгаагаар эхэлдэг.
Лхагва гариг
Утга зохиолын шүүмжлэгч Михайл Александрович Берлиоз, Бездомный (гэр оронгүй хүн) ч гэж дуудагддаг яруу найрагч Иван Николаевич Понирьёв нар Москвагийн гудамжинд уулзана. Берлиоз яруу найрагчид шүлэг бичихийг санал болгосон байсан бөгөөд энэ өдөр түүнтэй уулзсаны шалтгаан нь тэрээр Иван Бездомныйг шүлэгтээ Есүсийг хэтэрхий үнэмшилтэйгээр дүрсэлсэн тул шүлгээ дахин бичихийг шаарддаг юм. Гэнэт профессор Воланд гэж өөрийгөө танилцуулсан маш нууцлаг нэгэн Есүс үнэхээр байсан гэдгийг тэдэнд Понтий Пилатын талаарх түүхийг ярьж, цаашлаад Берлиозыг орой болохоос өмнөхөн толгойгоо тасдуулна гэж хэлээд явж одно. Үйл явдал Ершалайм руу буюу Иерусалим руу шилжинэ. Иешуагийн хэргийг Понтий Пилат сонсож зогсоно. Иешуа нь хүмүүсийг сүм хийдийг шатаахад уриалан дуудсан, Тибери хааныг унагах санаатай байгаа хэргээр буруутгагдсан байлаа. Пилат түүнийг эрүүдэхийг оролдсон ч эцэст нь Иешуад алах ял оноодог билээ. Орой нь Берлиоз үнэхээр Москвагийн трамвайнд толгойгоо тасдуулчихна. Иван Берлиозыг алуулсны дараа Воланд болон түүний бүлгэмийнхэн болох маш муухай хувцасласан зарц, хуучин хор дууны удирдаач байсан гэх Коровьев буюу Фаготто болон том биетэй, гай тарих дуртай, буу гарамгай эзэмшсэн хар муур Бегемотыг хөөдөг бол энэхүү үзсэн харснаа Иван цагдаа нарт хэлж итгүүлэхийг оролдсон ч галзуугийн эмнэлэг рүү ачигдлаа.
Пүрэв гариг
Варьете театрийн захирал Стиофа Лиходьев өглөө гэртээ сэрэхэд түүнийг Воланд хүлээж байв. Воланд Лиходьевт долоон хар шидийн тоглолт хийхийг зөвшөөрсөнд нь талархал илэрхийлнэ. Лиходьев тийм гэрээ хийснээ санахгүй байлаа. Гэхдээ гэрээн дээр Лиходьевийн гарын үсэг дүрээрээ байж байх нь тэр. Воланд гэрээг хуурамчаар үйлдсэн мэт сэтгэгдэл түүнд төрөв. Лиходьев удалгүй түүнийг театртаа тоглуулах хэрэгтэй юм байна гэдгээ ухаарна. Воланд өөрийн багийнхнаа түүнд танилцуулав. Бегемот, Коровьев, ганц соёот Азазелийг танилцуулах бөгөөд 50 номерийн өрөөнд байрлах хүсэлтийг тавина.
Энэхүү 50 номерийн энэ өрөө ёр шүглэсэн гэдгээрээ алдартай. Учир нь эндхийн оршин суугчид хэсэг хугацааны дараа алга болдог нь ёс. Удалгүй Стиофа ч өөрийгөө учир битүүлэг шалтгаанаар Ялта хотод ирсэнээ мэднэ. Түүний араас Варьете театрын менежер Иван Савельевич Варенуха гадаад мөнгө нуун дарагдуулж байсан хэргээр яллагдаж цагдаа нарт баригдаж явна. Иван Савельевич Варенуха нь Стиофаг олохыг хичээж байсан юм. Учир нь тэр байн байн Ялтаас түүн рүү телеграм явуулж байсан билээ. Иван Варенухад Воландыг чөтгөр гэдэг сэжиг төрж түүнийгээ батлахаар хичээх ажээ. Үүнээс сэргийлэхийн тулд Варенуха Гелла хэмээх тамын нэгэн эм шуламыг түүн рүү илгээх агаад тэр нь Иван Варенухаг вампир болгон хувиргана.
Варьете театрт Воланд өөрийн багийнхантайгаа хар шидийн тоглолтоо хийнэ. Энэ үед нь хөгжмийн удирдаачийн толгой таслагдаж, үзэгчдийн дээрээс мөнгөн бороо орж, удалгүй эдгээр мөнгө нь элдэв хачин зүйлс болон хувирна. Жишээ нь муур болон хувирсан мөнгө хүмүүс рүү дайрна. Галзуугийн эмнэлэгт Иван романы гол баатар мастертай нэг өрөөнд орсон байна. Тэр урьд өдөр юу болсныг Мастерт бүгдийг ярихад Мастер Воланд бол чөтгөр гэдгийг баталж өгнө. Мастер дараа нь өөрийн амьдралыг Иванд ярина. Тэрээр зохиолч бөгөөд эхнэртэй билээ. Гэвч тэр өөрийн нууц эхнэр буюу нөхөртэй бүсгүй Маргаритад хайртай гэдгээ түүнд хэлнэ.
Мастерийн зохиол дээр гарах Понтий Пилатын түүх нь Мастер, Маргарита хоёрын толгойноос үл гарах болжээ. Энэхүү зохиолоо Мастер хэвлэлтэд өгөхийг оролдсон боловч хорио тавьсан тул Мастер галзуурч гар бичмэлээ шатаасан ажээ. Удалгүй Иван Понтий Пилатын түүхийн нэг хэсгийг зүүдэлдэг ажээ. Энэхүү зүүдэнд шийтгэгдсэн хүмүүс цовдлуулахыг Леви Матвей харж тэдний өмнөөс өөрийгөө буруутай гэж бодон гэмшинэ. Тэр хэсэг хугацааны дараа уурлаж бурханыг зүхдэг билээ. Шуурга болох үед харгалзагч цэргүүд хүнлэг байдал гарган цовдлогсодыг ус өгөх нэрийдлээр хутгалж алах болно.
Баасан гариг
Воланд болон түүний бүлгийнхэн Москвад эмх замбараагүй байдал гаргасаар л байв. Энэ үед Маргарита өөрийн хайрт Мастерийн талаар бодож Мастерийн романы үлдсэн хэсгийг уншина. Тэр дараа нь парк руу очиж Берлиозын оршуулга болж байгааг мэдэж авахаас гадна ганц соёот Азазеллотой уулзана. Азазелло Маргаритаг Воландтай уулзуулж өгдөг билээ. Воланд түүнд крем өгөөд энэ нь сэтгэлийг чинь тайвшруулах болно гэж хэлдэг билээ. Гэвч Маргарита заасан ёсоор нь бүх хувцсаа тайлаад кремээ биендээ түрхвэл тэрээр сэтгэл дотроо шулам болон хувирна. Азазелло түүнтэй холбоо барьж түүнийг Воландтай уулзахын тулд Москва гол дээгүүр нисэж ир гэж хэлнэ.
Маргарита Москва хот дээгүүр нүцгэн хэвээр нисэж байхдаа шүүмжлэгч Латунскийн байрыг хараад шатааж орхино. Учир нь Латунский Мастерийн романыг хориглоход гол нөлөө үзүүлсэн юм. Хөрш айлын эр Николай Иванович одоо гахай болон хувирсан байгаа бөгөөд түүний зарц бүсгүй Наташа өөрийгөө нүцгэлэн кремийг биен дээрээ түрхэж мөн шулам болон хувирна.
Тэд Воланд болон түүний дагалдагчидтай Чөтгөрийн үдэшлэгт очив. Маргарита үдэшлэгийн хатагтай болсон байна. Үдэшлэгийн үед бүх нүгэлт хүмүүсийн сүнс парад хийж үдэшлэгийн үед Барон Майгел алагдав. Маргарита хундагатай цус уугаад нүдээ аниад нээхэд үдэшлэг дууссаныг мэдэх болно. Тэр Воландаас өөрийн хайрт Мастертайгаа уулзуулж өгөхийг хүснэ. Маргарита Мастер дээр очиход Мастер эхлээд итгэж өгөөгүй ч хайртыгаа ирсэнд ихэд баярлах болно. Хэдийгээр Мастер бүхий л романаа шатаасан ч гэсэн Воландад бүтэн эх нь байдаг билээ. Үүнийгээ тэрээр Мастерт өгнө. Тэрээр дараа нь Николай Иванович, Мастер, Маргарита, Варенуха зэргийг өөрсдйинх нь хүсэлтээр эргэж хэвэнд нь оруулдаг юм. Харин Наташа шулам хэвээрээ үлдэхийг сонгоно.
Понтий Пилатын түүх Пилат нууц цагдаагийн бүлэг Афраниустай уулзсанаар үргэлжилнэ. Тэр Иешуаг илчилж өгсөн Кериотын Иудасыг алах хэрэгтэй гэж хэлэх бөгөөд удсан ч үгүй түүнийг хотын гаднахан хүмүүс отож байгаад алсан байдаг. Гэмтнүүдийг булж байх зуур Афраниус Кериотыг аллагыг Пилатад мэдээлнэ. Пилат дараа нь цовдлогооны дараа Иешуагийн биеийг авч яваад баригдсан Левитэй ярилцаж байх зуураа өөрийгөө Кериотыг алуулсан гэдгийг илчилнэ.
Бямба гариг
Воланд болон тэдний хачирхалтай бүлгэмийнхний дэгдээсэн үймээн самууныг мөрдөх ажил Москвад эхлэв. Харин Иваны нүдэнд Пилат болон Иешуа болон бусад хүмүүс цовдлогдсон нүцгэн толгой харагдсаар л байлаа. Энэ үеэр 50 номерын өрөөнд Бегемот болон цагдаа нарын дунд буудалцаан болсон ч хачирхалтай нь хэн ч суманд оногдсонгүй. Харин үүний оронд барилга тэр чигтээ шатаж эхэлнэ. Бегемот болон Коровьев хоёр олон газруудаар явж хэрэг төвөг тарьж явах бөгөөд тэдний байсан газарт гал гарч Москвагийн ихэнх хэсэг галд автана.
Леви Иешуагийн захидлыг Воландад авчирч өгнө. Тэр Мастерт амгалан тайван байдал олгохыг Воландаас хүснэ. Воланд зөвшөөрч түүний дагалдан Азазелло Мастер, Маргарита хоёрт хортой дарсыг өгнө. Мастер, Маргарита хоёр үхэж биенээсээ гаран нисэцгээсээр эцэст нь нохойтой өвгөн дээр ирнэ. Воланд Мастерт энэ өвгөн бол түүний өөрийнх нь романы баатар Понтий Пилат болохыг хэлнэ. Тэр Понтий Пилатыг энэ сандал дээр Банга хэмээх нохойтойгоо хамт 2000 жил сууж байгааг мөн хэлдэг. Воланд Мастерт Понтий Пилатыг мөнхийн нойргүй суугаа байдлаас чөлөөлөх эрхийг олгох бөгөөд Мастер өөрийн романы хамгийн сүүлчийн өгүүлбэрийг буюу "Чөлөөлөгд! Чөлөөлөгд! Тэр чамайг хүлээж байгаа” гэж хашгирахад Пилат, түүний нохой хоёр хөдөлгөөнгүй байдлаасаа салж Иешуатай уулздаг билээ. Мастер, Маргарита хоёр гэгээрэлд хүрээгүй ч гэсэн тэднийг жижиг байшинд үүрд хамт амьдрах эрхийг олгоно...

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих