Хаалттай хуралдсан ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн талаар мэдээлэл өгөв
Тэрбээр "Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд оролцсон. Мөн орчны бохирдлын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, нийслэлийн удирдлага оролцсон. Монгол Улсын төрийн тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийдвэр гарсан, цаашид ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэж байна" хэмээн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн талаар мэдээлэл өгөв.
ҮАБЗ-ийн хуралдаанаар гурван асуудлаар байр сууриа нэгтгэжээ.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Гамшгийн бүсээ тодорхойлох. Тус бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлох.
Хоёрдугаарт, Онцгой горимоор ажилладаг болох. Онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгох. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нэрийг Онцгой байдлын Үндэсний хороо гэж өөрчлөх.
Гуравдугаарт, Аюултай орчноос аюулгүй орчин нүүлгэн шилжүүлэх. Бүх аймгууд нүүлгэн шилжүүлэлтэд оролцох ёстой. Засгийн газрын ордныг хотоос гаргавал олон зүйл өөрчлөгдөнө.
Ц.Элбэгдорж "Энэхүү зөвлөмжийг гаргахдаа Үндсэн хуулийн заалтаа үндэслэн гаргасан. Тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хорьсон нь Үндсэн хуулийг хорьсон гэж шүүмжилж байгаа ч Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой" гэж заасан байдаг. Энэ зөвлөмж нь Үндсэн хуульд нийцсэн, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн" гэсэн юм.
Мөн тэрбээр "2009 онд Ерөнхийлөгч болоод Улаанбаатар хүн амьдрахад аюултай хот болсныг хэлж байсан. 2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг анх удаа хуралдуулж байсан. Тухайн үед хүмүүс тоодоггүй, тоож ч бичдэггүй байсан. Манай иргэд дулаараад ирэхээр утаагаа мартдаг. Агаарын бохирдлоос төлбөр авах тухай хуулийг 2010 онд УИХ-ыг шахаж байгаад гаргаж байсан. Давосын чуулганаар жил болгон агаарын бохирдлыг ярьдаг байсан. Агаарын бохирдлын асуудалд хамгийн их анхаарал хандуулсан Ерөнхийлөгч гэж намайг Дэлхийн Байгаль орчны газраас шагнаж байсан" гэв.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болж байгаа энэ аюулыг гамшиг гэхгүй бол юуг гамшиг гэх вэ
Түүнчлэн утаа гамшгийн хэмжээнд хүрсэнийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэн "Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болж байгаа энэ аюулыг гамшиг гэхгүй бол юуг гамшиг гэх вэ. Улаанбаатар хотод шилжин ирж байгаа хүмүүс эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэж ирсэн болохоос биш эрүүл мэндээрээ хохирохоор ирээгүй. Одоо эрүүл мэндээрээ хохирсон утааны үе бий болж байна. Бид одоо сэрж байгаа юм биш. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Ийм хууль, зөвлөмж гаргуулахад нөлөөлж байгаа нь хийхийн эхлэл. Та нар ч гэсэн хоёр гурван сарын дараа утааны асуудлыг мартана. Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийнх нь гаргасан гамшиг. Утааны ард нэртэй, устай, зүстэй хүн сууж байгаа. Одоо бүгдээрээ Ерөнхийлөгчөөс эхлээд хариуцлагатай болъё. Дугуй шатаахаа больё. Монголд сайн чанартай нүүрснээс их юм байхгүй. Хятад руу гаргаж байгаа сайн чанарын нүүрсээ дотооддоо ашиглах хэрэгтэй. Төвлөрсөн цахилгаан станцууд саяар яригддаг нүүрс түлдэг. Гэхдээ гэр хороолол тийм их хэмжээний нүүрс түлдэггүй. Энэ бол шийдвэрлэх асуудал. Монголд нүүрснээс их юм байхгүй. Одоо утаа Улаанбаатарыг муухай харагдуулж байна. Хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй үр ашиггүй хот болж байна" гэв.
Тэрбээр мэдээлэл хийж байхдаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
GoGo.mn сайт: Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Та их зүйл хийх санаачлага гаргасан ч сэтгүүлчид юу ч хийгээгүй. Таны удирдлаган доор байгаа хүмүүс хэлснийг чинь биелүүлдэггүй. Иргэд огт санаа зовдоггүй юм байна гэж ойлголоо. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл яагаад биелээгүй вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.
НD Монгол телевиз: Азийн хөгжлийн банк, Бээжин, Тьянжин мөнгө аваад өөрсдийнхөө агаарын бохирдлыг шийдэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манай ҮАБЗ-ийг өчигдөг Синьхуа агентлаг мэдээлж байна лээ. Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний хязгаарласан байна гэж мэдээлж байна. Хамгийн хэцүү ажил бол хүмүүсийн анхааралд оруулж, ажил хэрэг болгох юм. Манай телевиз, мэдээллийн агентлагууд англиар орчуулж мэдээлнэ. Би гэрийнхээ цахилгааны шийдэхийн тулд нарны эх үүсвэр ашиглахаар шийдэж болно. Гэрийн дулаан өөрөө бие даасан байх хэрэгтэй. Түүнийх нь төлөө тухайн айлд мөнгө орж ирдэг байвал асуудал шийдэгдэнэ.
NTY телевиз: Хотын татварыг өндрөөр тогтооё гэж байсан. Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад 600 сая төгрөг зарцуулсан гэдэг. Энэ ажлын үр дүн өнөөдрөөр илэрч байна. Алдаатай бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжинд хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх. Гэхдээ үүнд сонголтууд байх хэрэгтэй. Хотын татварыг бий болгох хэрэгтэй. Хот ажлаа хийх хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь нээлттэй. Үүнд хязгаарлалт байхгүй. Нэгэнт гамшгийн бүс гэж тайлбарласан.
МҮОНТ: Орон нутагт амьдар гэж байна. Гэтэл тэнд амьдрах, ажиллах орчныг яаж бууруулах вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Захиргааны арга хэмжээ, хүний сонголт давхар гарч байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг битгий бууруул гэж би хэлдэг. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төслийг хэрэгжүүл. Утааны асуудал гэдэг жижиг зүйл биш. Монголын хэмжээнд гэдгийн цаана хийж болох бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.
TV5 телевиз: Сайн санаачлагууд гаргаж байна. Гэхдээ энэ санаачлагууд хэзээ биелэх вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Утааны асуудал шийдэгдсэн ч гэсэн хөрсний бохирдлын асуудал гарч ирнэ. Ойрын 50-60 жилдээ сэргээн босголт явагдана. Шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал бий.
Ерөнхийлөгчийн зүгээс утааны бүсийг ногоон бүс болгох саналыг гаргасан юм.
Б.Чимэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих