Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, агаар ус, хөрсний асуудлыг гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах зөвлөмж гаргав. Үндсэндээ шат шатны түвшиндээ энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, бууж өгсөн гэсэн үг. Агаар, хөрсний бохирдол хаалга тогшсон аюул биш, нэгэнт нүүр тулсан гамшиг болсныг хүлээн зөвшөөрч, дээр доргүй түргэн авч эхэлсэн нь өөрөө том амжилт гэмээр.
Яагаад гэвэл бид утааны сэдвээр сүүлийн 16-17 жил улиг болтол ярьж, 130, 140 тэрбум төгрөг зарцуулаад ч урагш алхаж чадаагүй. Одоо тэгвэл Төрийнхөө тэргүүнээс эхлээд жирийн иргэд, албан хаагч, аав ээжүүд хүртэл хөдөлгөөнд ороод эхэлсэн нь сайны дохио гэж үзэж байна.
Саяхнаас хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэхээ илэрхийлж, утааны эсрэг хамтдаа тэмцэх уриалга гаргасан бөгөөд МҮОНРТ, Монгол HD, TV5, "Bloomberg TV Mongolia”, "Өнөөдөр”, "Засгийн газрын мэдээ”, "Үндэсний шуудан”, "Өглөөний сонин”, "Монголиан экономи” сэтгүүл, unuudur.mn, news. mn, ikon.mn, niislel.mn зэрэг 25 байгууллага нэгдээд байгаа юм.
Тэгвэл манай сонин одоогоос 16 жилийн өмнө "Хотын утаа хорт хийн баг нэхэж байна” малгайн дор цуврал нийтлэлүүд бичиж байв. Утаа гамшиг боллоо гэж бид тэр үед анх дуугарсан билээ. Тэр байтугай Байгаль орчны болоод Дэд бүтцийн сайд, хотын дарга нарт "Өнөөдөр” сонины удирдлагууд маань хорт утааны баг бэлэглэж нийгэмд цочроо өгч байлаа.
Айсуй аюул, аймшигт үр дагаврыг нь урьдчилан сануулж, утаа болохоо байсныг сониныхоо хуудсаар дэлгэж эхэлснээс хойш өнөөдөр 16 дахь өвлийнхөө нүүрийг үзлээ. Сонины шарласан хуудас түүх болж үлддэг гэдэг. Тэгвэл 16 жилийн өмнө сайд дарга нар юу хэлж, тухайн үед нөхцөл байдал ямар байсныг бид танд нэмэр хачиргүйгээр нэхэн сануулахаар шийдлээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөнийг, бас өөрчлөгдөөгүй хэвээр байгааг уншигч та эндээс анзаарах буй за.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих