Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохиогдож буй "Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хурлыг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль зохион байгуулж байгаа бөгөөд 2016 онд хийгдсэн Монголын археологийн хээрийн судалгааны тайланг хэлэлцэх, мэргэжлийн судлаачид харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зорилготой юм.
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар "Сүүлийн жилүүдэд археологийн чиглэлийн судалгааг сургуулиуд болон хүрээлэнгүүд нэгдэж хийдэг болсон.
Чиглэл чиглэлийн байгууллагууд уялдаа холбоотой, харилцан туршлага мэдээллээ солилцож, судалгаа хийх нь маш ач холбогдолтой юм. 2016 онд Монгол болон гадаадын улс орнуудтай хамтарсан олон олон судалгааны төслүүд, олон олон нээлтийн чанартай судалгаа байна.
Өнөөдөр бид судалгааны үр дүнгээ хэлэлцэхээс гадна археологичид ямар хүн байдгийг харуулахаар "Монголын археологичид” нэрт гэрэл зургийн үзэсгэлэнг нээж байна.
Археологийн олдвор хадгалалтын хувьд манай ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль саяхан өөрийн гэсэн судалгааны агуулах, судалгааны төвтэй болсон байгаа.
Гэхдээ энэ тал дээр манай улсын хэмжээнд учир дутагдалтай. Шинээр олдож байгаа олдворуудыг хадгалах, судалгаа хийх тусгай орчин бүхий институт бусад орнуудад байдаг. Гэтэл манайд ийм зүйл байдаггүй.
Судлаачид зуны турш хээрийн судалгаанд явж, олон олдвор дурсгалуудыг олоод ирэхэд түүнийг нь хадгалах газар тэр бүр байдаггүй. Энэ бол маш том бэрхшээл юм.
Үүнийг төр засгаас анхаарч, сайхан орчныг бүрдүүлж өгвөл судалгааны олдворуудыг хадгалж, хамгаалах, судалж, нийтийн хүртээл болгох, жуулчдад үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой” гэлээ.
Хуралд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх-Археологийн Хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын Их Сургууль, Монголын Үндэсний Музей, СУИС-ийн Соёл Судлалын Хүрээлэн, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн, Соёлын Өвийн Төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтдийн тайланг хэлэлцэж байгаагаас гадна ОХУ-ын судлаачид хүрэлцэн ирж оролцож байгаа юм.
Монголын археологчид 2016 онд нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судласнаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.
Тухайлбал,
-
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух,
-
Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа,
-
Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг сор олдворуудыг нээн илрүүлсэн бөгөөд энэхүү судалгааны үр дүнг уг эрдэм шинжилгээний хуралд танилцууж байна.
Энэ талаар Шинжлэх Ухааны Академийн Түүх Археологийн Хүрээлэнгийн Хүрэл төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбат "Бид Хүннүгийн үеийг сайн мэднэ. Судалгаа сайн явагдсан. Мөн Их Монгол Улсын үеийн материал сайтай байна. Харин Сяньбигийн үеийн бүтэн том оршуулгын газар огт байдаггүй байсан.
Энэ үед хамаарах аж ахуй, соёл иргэншил, хүмүүс зэрэг бүхий л талаас нь судлах хэрэгтэй байна. Тэдгээрийг судлахад том хэмжээний оршуулгын газар зайлшгүй шаардлагатай.
Учир нь үүнээс бид тухайн үеийн хүмүүсийн угсаа гарал, соёлын хөгжил, олон улсын харилцаа, аж ахуй зэргийг судлах боломжтой байдаг.
Өөрөөр хэлбэл археологийн судалгаанд Сяньби, Жужаны үеийн хоосон орон зай үлдчихсэн байсан гэсэн үг. Харин 2016 онд хийсэн судалгааны үр дүнд үүнийг судлах бүрэн бололцоотой болоод байна. Энэ утгаараа шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна” хэмээн тайлбарлалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих