Фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд оролцож, дэлхийн II дайнд хамтын хүчээр ялж, энх тайван тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулсан улсын нэг нь БНМАУ байв.
Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс БНМАУ нь ЗХУ, Холбоотны талд баттай зогсож, фашист Германы эсрэг тулалдаж байсан Зөвлөлтийн арми, ард түмэнд эд материалын болон сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Дайны төгсгөлд БНМАУ-ын зэвсэгт хүчин Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийг чөлөөлөх үйл хэрэгт хүчин зүтгэсэн билээ.
Ийнхүү бүх нийтийн үйл хэрэгт хүчин зүтгэсэн оролцоогоороо Монгол нь тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх үндсийг мөн тавьсан юм. Их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааны үр дүн болох эл асуудал нэлээд эртнээс сөхөгдөж, АНУ, Их Британи, Хятадын удирдагчдын Каирын уулзалтын үед Дундад улсын Ерөнхийлөгч Чан Кайши гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын бүрэлдэхүүнд оруулах санааг дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд тавьсан ч хэлэлцэлгүй орхижээ.
Улмаар 1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оруулах улс төрийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Алс Дорнодын орнуудаар айлчилсны эцэст БНМАУ-д иржээ. Айлчлалын зорилго нь Их гүрнүүдийн удирдагчдын Крымийн бага хурлын өмнө Монголын тусгаар тогтнолын тухайд Америкийн байр суурийг бэлтгэх үүднээс БНМАУ-ын бодит байдалтай танилцах, тус улсын Зөвлөлт, Хятадын харилцаанд эзлэх байр суурийг тодруулах явдал байв.
АНУ-ын төрийн дээд зиндааны анхны зочдыг Монголын удирдагчид хүндэтгэн угтаж, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан улс орныхоо туулсан зам, бодит байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхдээ Монгол нь тусгаар тогтносон улс болохыг онцолж, фашизмын эсрэг тэмцэж байгаа Холбоотон гүрнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Х.Уоллес БНМАУ-ын бодит байдалтай танилцсаныхаа дараа Монголын төв хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...үзсэн зүйлүүд Монгол Улс их мандаж буйг харуулж байна” хэмээн өгүүлж, Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд өргөн барьсан илтгэх хуудсандаа "...Ар Монголд улс төр ба засаг захиргааны эрх мэдэл, хяналт монголчуудын гарт байна. Хятадын бүрэн эрхийг сэргээх аливаа бодол санаа бодит бус” хэмээн онцлон тэмдэглэсэн нь БНМАУ-ын талаарх Ф.Рузвельтийн үзэл хандлагад эерэг нөлөө үзүүлжээ.
Үүний хамт ЗХУ, түүний удирдагч И.Сталин БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх явдлыг Японы эсрэг дайнд ЗХУ орох болзлуудын нэг болгон тавих талаар санаа бодлоо удаа дараа илэрхийлж, түүнийг бодит зүйл болгохын төлөө тууштай байр суурь баримталсан юм.
1945 оны хоёрдугаар сард Крымд хуралдсан ЗХУ, АНУ, Их Британи гурван гүрний тэргүүн нарын бага хурлаар Германыг буулган авсны дараа Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар ЗХУ ба АНУ-ын тэргүүн нар хоёрдугаар сарын 8-нд товч ярилцаж, хоёрдугаар сарын 10-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовоос "Японы эсрэг ЗХУ дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл” нэртэй хэлэлцээрийн төслийг АНУ-ын Элчин сайд А.Гарриманд гардуулж, зөвшилцсөний үндсэн дээр Герман дайнд ялагдаж, бүрмөсөн бууж өгсөнөөс хойш 2-3 сарын дараа ЗХУ тодорхой болзолтойгоор Японы эсрэг дайнд орно гэдгийг мэдэгджээ.
Тухайн асуудлаар хэлэлцээр байгуулах талаар ЗХУ, АНУ-ын удирдагчид У.Черчильд танилцуулж, гарын үсэг зуруулах зөвшөөрлийг авснаар тохиролцоонд хүрчээ. Чингэж дэлхийн дайны сүүлчийн голомтыг дарах цэргийн ажиллагаанд ЗХУ-ыг татан оруулах Холбоотны бодлого, түүнийг өөрийн геополитикийн ашиг сонирхлын үүднээс БНМАУ-ын статус-квог их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд чиглүүлж чадсан ЗХУ-ын үйл ажиллагаа БНМАУ-ын язгуур эрх ашигтай нэгдсэн түүхэн цаг мөч нь Ялтын бага хурал болжээ.
Эл байдалд хүрэхэд БНМАУ нь 20 гаруй жилийн туршид бие даан оршиж, тусгаар байдлаа бэхжүүлж ирсэн хийгээд фашизмын эсрэг нийтийн тэмцэлд өөрийн хүч бололцоогоор тусалж байсан нь үндэс болсныг тэмдэглэх ёстой.
1945 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулсан "Алс Дорнодын асуудлаар гурван их гүрний хэлэлцээр”-т Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг хамгийн эхний болзол болгон заажээ. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг Холбоотон гүрнүүд хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байв.
Ялтын бага хурлын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх талаар Холбоотон гүрнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 1945 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 6-ны хооронд хийсэн уулзалтаар Японы эсрэг цэргийн ажиллагаа эхлэх хугацааг тохиролцож, Хятадын талаарх ЗХУ-ын байр суурийг тодруулсны үндсэн дээр Чунциний Засгийн газрын төлөөлөгчдийг Москвад ирүүлж, ЗХУ, Хятадын хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
ЗХУ, Дундад улсын хоорондын хэлэлцээр 1945 оны зургадугаар сарын 30-наас 1945 оны наймдугаар сарын 14 хүртэл дундаа завсарлагатайгаар Москва хотод явагдаж, хоёр улсын холбоо найрамдлын гэрээ байгуулах, Крымийн бага хурлын шийдвэрт тусгагдсан асуудлаар хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээний үндсэн асуудлын нэг нь БНМАУ-ын статусквогийн асуудал болж, И.В.Сталин Алс Дорнод дахь ЗХУ-ын аюулгүй байдлыг хангахад Монголын газар зүйн байрлалын онцгой ач холбогдол хийгээд БНМАУ-ын бие даан оршин тогтнох хүсэл эрмэлзлийн аль алиныг тайлбарлаж, Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг зайлшгүй гэдгийг илэрхийлжээ.
Хятадын төлөөлөгчид Крымийн тохиролцооны бүх зүйлийг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн хэдий ч БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн байр суурьтай байсан тул И.Сталинаас "... монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдэхүүнд байх дургүй, бие даан орших, үндэсний тусгаар тогтнолтой байх эрмэлзэлтэй, хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой, БНМАУ-д тусгаар тогтнол олгох тухай одоо л тохиролцох цорын ганц гарц байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
"Ялтын бага хурлаар Монголын статус-квог зөвхөн хадгалах тухай шийдсэн учраас Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Сүн Зывенийг мэдэгдэхэд "...статус-квог БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэдэг утгаар Зөвлөлт Засгийн газар ойлгож байгаа, Крымд ч мөн утгаар ойлгогдож байсан” гэж И.Сталин тайлбарлажээ.
Чингэмэгц Хятадын тал "Гадаад Монголд дээд зэргийн автономит эрх олгоход бэлэн байгаа” тухай санал дэвшүүлж, Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар буулт хийхгүй гэсэн байр суурин дээр бат зогсчээ. Энэ бүхэнтэй холбогдон хэлэлцээр мухардалд оржээ.
1945 оны долдугаар сарын 9-нд Чан Кайшигээс цахилгаан утас ирүүлж "...Дундад улс ба ЗХУ-ын хоорондын харилцаанд Гадаад Монголын асуудал гол саад болж буйг Хятадын Засгийн газар анхааран үзэж,
...Японыг ялж, өөрийн тавьсан саналд дурдсан зорилгод хүрсний дараа Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг тавьж болно гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ эл ажиллагааг хүн амын санал асуулга явуулах замаар гүйцэлдүүлэх ёстой. Хэрэв санал асуулгын дүн Гадаад Монголын тусгаар тогтнолын талд гарах аваас Хятадын Засгийн газар эсэргүүцэхгүй. Гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын газрын зургуудын дагуу анхны хилээр нь тогтоох болно” гэжээ.
Ингээд В.М.Молотов, Сүн Зывень нар БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай гаргах тунхаг бичгийн төсөл "... Хятадын Засгийн газар санал асуулга явуулсны дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахгүй” гэсэн агуулгатай байна хэмээн санал нийлснээр хэлэлцээнд ахиц гарсан аж.
Хэлэлцээ түр завсарласны дараа 1945 оны наймдугаар сарын 13-ны уулзалт дээр Сүн Зывэнь "БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилийн хүрээнд хүлээн зөвшөөрөх” тухай И.Сталины хүсэлтийг Чан Кайши хүлээн авсныг мэдэгдэж, "Найрамдал ба холбоотон болох тухай Зөвлөлт, Хятадын гэрээ соёрхон батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.
Улмаар ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Дундад улсын Гадаад яамны сайд Ван Шицзе нар 1945 оны наймдугаар сарын 14-нд "Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнохыг удаа дараа хүсэж эрмэлзсэн учир ... Японыг дарсны дараа Гадаад Монголын ард түмний нийтийн хүсэл энэ эрмэлзлэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэсэн утга бүхий нотыг Москвад харилцан солилцсон байна.
Монголын асуудлын улмаас Зөвлөлт, Хятадын хэлэлцээр сунжирч байсан үед И.Сталины урилгаар БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан ЗХУ-д албан ёсны айлчлал хийжээ.
1945 оны долдугаар сарын 4-нд Москвагийн нисэх онгоцны буудалд БНМАУ, ЗСБНХУ-ын төрийн далбааг мандуулж, хүндэт харуул жагсан, ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа гадаадын төрийн тэргүүний хэмжээнд угтаж авсан юм.
БНМАУ-ыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгийг Хятадын дипломат албаныханд харуулах, Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн явц, үр дүнг Монголын талд мэдээлэх, Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах асуудлыг тохиролцох явдал айлчлалын гол зорилго байв.
ЗСБНХУ-ын Ардын комиссар нарын зөвлөлийн дарга И.В.Сталин, Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов нар 1945 оны долдугаар сарын 5-нд БНМАУ-ын Ерөнхий сайд газрын төлөөлөгчидтэй БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар хийж буй хэлэлцээрийн талаар И.Сталин дэлгэрэнгүй мэдээлж, эцсийн эцэст Хятадын тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Японы эсрэг хийх дайнд БНМАУ-ын цэрэг Улаан армитай хамт оролцох саналыг БНМАУ-ын Ерөнхий сайд хүлээн авч, Японы эсрэг дайнд оролцох нь тус улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж,
Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Улмаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариат, цэргийн удирдлагатай уулзаж, Японы эсрэг дайнд оролцох, Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны бэлтгэлийг хангах асуудлаар тохиролцсон байна.
БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тусгаар тогтносон улсын төрийн тэргүүний хувиар ЗХУ-ын удирдагчидтай хийсэн уулзалт Зөвлөлт, Хятадын хэлэлцээрт зохих нөлөө үзүүлсэн байна. Учир нь долдугаар сарын 7-нд өдрийн хоёр талын уулзалтад Хятадын төлөөлөгчид Крымийн бага хурлаас гурван улсын тэргүүнүүдийн хэлэлцэж тохирсон Гадаад Монголын статус-квог хадгалах томъёог Чан Кайши бүрэн зөвшөөрч буй”-г мэдэгдсэн бөгөөд цаашид хэлэлцээнд ахиц гарч, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ээдрээтэй асуудлыг удалгүй хэлэлцэн тохирсон билээ.
Энэ нь үүсэн бий болсон шинэ нөхцөл байдалд Хятад улсын эрх баригчид хөрш Монголын талаар баримталж ирсэн бодлогоо өөрчлөхөөс аргагүй байдалд хүрснийг харуулахын хамт ЗХУ-ын тус дэм ч их байв.
И.В.Сталин Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн Кремлийн ордны Екатериний танхимд долдугаар сарын 7-ны орой зоог барьжээ. Зөвлөлт, Монголын удирдагчид хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны төлөө хундага өргөснөөс И.В.Сталин "Монголд хоёр чиглэл байсан бөгөөд түүний нэг нь япончуудтай нөхөрлөхийг эрмэлзэж байсан, нөгөө нь ЗХУ-тай нөхөрлөхийг эрмэлзэж байв. Би ЗХУ-тай нөхөрлөж, сайн нөхрөө олсон Монголын удирдагчдын төлөө энэ хундагыг өргөж байна” гээд "Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө” гэсэн ерөөл дэвшүүлжээ.
Х.Чойбалсан Москвагаас буцаж ирмэгцээ ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа дүнг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, Алтан таван хошуу, алтан соёмбо бүхий улаан, цэнхэр, улаан хосолсон өнгөтэй төрийн далбааны тодорхойлолтыг хэлэлцүүлж батлуулжээ.
Улмаар Ардын хувьсгалын 24 жилийн ойд зориулсан 1945 оны долдугаар сарын 11-ний өдрийн баярын жагсаалын үед хэлсэн үгэндээ: "...Монголын ард түмэн энэ 24 жилийн дотор хөгжиж ирэхдээ бүх дэлхийн эрх чөлөөт, тусгаар тогтносон үндэстний дотор өөрийн байр суурийг эзэлж, манай улс бол биеэ даасан тусгаар тогтносон улс гэж бүх дэлхий дээр зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгээ ил үзүүлсэн байна” хэмээн мэдэгджээ.
Энэ бүхэн нь БНМАУ тусгаар тогтносон улс болохыг төрийн бэлгэдлээрээ харуулж, дэлхий нийтэд сонордуулсан хэрэг байлаа. Улмаар 1945 оны долдугаар сарын 17-25-нд Берлинд хуралдсан Холбоотон гүрнүүдийн хурлаар БНМАУ-ын олон улсын эрх зүйн хоёрдмол байдлыг эцэслэн шийдсэн Ялтын бага хурлын үзэл санааг Подстамын тунхагаараа баталгаажуулсан билээ.
Түүхийн ухааны доктор Н.Хишигт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих