С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүхээс Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ оноосон билээ. Харин энэхүү үйл явдлын дараа буюу нэгдүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Б.Амгаланбаатар "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" хэмээсэн юм. Тэгвэл шүүхийн шийдвэр болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, шинэ баримт дэлгэлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд шүүхээс 24 жилийн ял сонссон Т.Чимэгийгийн ах Т.Лхагва "С.Зориг агсны хэрэгт холбоотойгоор дөрвөн хүнийг шатааж, алсан гэж байгаа. Энэ нь 2006 онд Эрдэнэт хотод эхнэр, нөхөр хоёр хүүхдийнхээ хамт шатаж нас барсан хэрэг гарсан юм билээ. Тухайн үед галын "Нотломж” гэж гарсан байдаг. Цаг хэмнэх үүднээс энэ нотломжоос товч танилцуулъя. 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гарсан №0304 Нотломжид "...Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн тодохойлолтоос үзэхэд Рашаант багийн 12 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Б.Отгонбаатарын байшинд гарсан гал нь цахилгааны буруу ашиглалтаар гарсан гэх үндэслэлтэй. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1 үндэслэн эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах...” гээд Гамшгаас урьдчилсан сэргийлэх улсын хяналтын ахлах байцаагч, Шадар ахмад Б.Хашчулуун, гэрч Д.Пэлжээ, Б.Өнөр гэсэн гарын үсэг бүхий нотломж гарсан байна. Эл хэрэгт Содномдаржаа, Чимгээ гэсэн хүмүүс ямар ч хамаагүй гэсэн нь үүгээр нотлогдож байгаа юм. Ерөнхийлөгч та шударгаа харуулаад энэ шүүх хурлыг нээлттэй хийлгээд өгөөч ээ гэж хүсч байна.
Гэтэл одоо энэ галын хэрэгт дээрх хүмүүсийг холбогдолтой хэмээж байна. Тиймээс бид энэ хэргийг ядарсан хүмүүст тохон, хаах гэж байна хэмээн хардаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор талийгаач С.Зоригийн хамтрагчид болон АН-ын нөхдүүдээс тусламж үзүүлээч гэж хүсч байгаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдожид хандаж хэлэх үг байна. "Та найман жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа гадны харъяат гэж бүртгүүлээд ээж дээрээ уйлаад очиж байсныг Монголын ард түмэн санаж байна. Тухайн үед таны нэр хүнд унах байсан байх, магадгүй та Ерөнхийлөгч ч болж чадахгүй байсан байж магадгүй. Тэгвэл одоо энэ гүжир гүтгэлэгт орсон хүмүүс ээж дээрээ уйлаад гүйгээд очих нь бүү хэл 70,80 нас хүрсэн ээжүүдтэйгээ, тэднийхээ ирээдүйтэй хамт 20-30 жилийн ял авчихаад байж байна. Та шударга байна гэж найман жил ярьсан. Тиймээс одоо та шударгаа харуулаад энэ шүүх хурлыг нээлттэй хийлгээд өгөөч ээ гэж хүсч байна. Үүнийг ард түмэн хүсч байна. Таны шудрага эсэхийг харахыг хүсч байна” гэлээ.
Анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: "Миний хүү Содномдаржаа С.Зоригийг нас барах үед 22 настай байсан. Тэр үед манайх ферм нээн, ажиллуулж байсан юм. Тэр үед миний хүү аавтайгаа бухалдсан өвсөө ачиж явсан хүүхэд. Тэр үеийн юмыг эх хүн би өөрөө л гэрчилнэ. Яг тэр хэрэг болох үед миний хүү өвс, хадлангаа бэлтгээд л байж байсан. Миний хүү тэр хүнийг хөнөөлөө гээд яах юм бэ. Эх хүний хувьд би өөрөө гэрчилж байна. Миний хүү аавтайгаа бухалдсан өвсөө ачиж явсан хүүхэд. Тэр үеийн юмыг эх хүн би өөрөө л гэрчилнэ.
Хоёрдугаарт тагнуулынхан асуулт асуухдаа зөвхөн асуултын дагуу л асуудаг. Гэтэл хариулсан хариултыг минь хавтаст хэрэгт хавсаргаагүй байсанд гомдолтой байна. С.Зоригийг амь насаа алдсаны дараа сэжигтнүүдийг эрэгтэй нь 155 см, эмэгтэй нь 165 см өндөртэй хүн байсан "Ардын эрх" сонин дээр бичсэн байсан. Гэвч ийм өндөртэй хүмүүс олдоогүй юм билээ. Гэтэл миний хүү 1,80 см өндөртэй хүн. Энэ бүхнээс зөрж байхад миний хүүхдийг яллаж байна. Тухайн үед Ц.Амгаланбаатар 16 настай, Т.Чимгээ 20 настай, миний хүү Содномдаржаа 22 настай байсан. Ийм бага насны хүүхдүүд яалаа гэж С.Зоригийг хөнөөхөөр очих билээ дээ. Би үнэхээр харамсаж байна. Одоо бүр ялласан хойноо С.Зоригийн хэргийн захиалагчийг олохоор ажиллаж байна хууль, хяналтын байгууллагынхан мэдээлж байна. Шүүх, прокурорынхон хилсээр хүнд ял өгсөн учраас энэ хэргийн захиалагч олдохгүй шүү дээ.
Мөн дөрвөн хүн шатаасан гэж хэлээд байна. С.Зориг 1998 онд нас барсан. Гэтэл үүнээс найман жилийн дараа нэг гэр бүлийн дөрвөн хүн нас барсан байдаг. Тухайн үед цахилгааны утаснаас болж гэрт нь гал гарч, улмаар дөрвөн хүн нас барсан гэсэн галын дүгнэлт гарсан байдаг. Манай хүү Эрдэнэтэд байдаг болохоор тэр айлын ажил явдалд очиж оролцсон. Өөрөө тэднийг шатаасан бол ажил явдалд нь оролцох уу. Прокурор Амгаланбаатар гэдэг хүн "Тэр мөрөө баллах гэж ажил явдалд нь оролцсон” гэж байгаа юм. Тэгэж хүн гүтгэж болох уу. Надад нэг хүсэлт байна. Одоо бид давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргана. Үүнийг эргэж хараач ээ. Үнэн мөнийн баталгаа огт алга. 1,5 жил хүү, охин хоёрыг маань тарчлаалаа. Тэднийг одоо батлан даалтад гаргаад, шалгаж өгнө үү гэж хүсч байна. Надад анхаарал тавьсан Монголынхоо ард түмэнд баярлаж явдаг шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Б.Энхжин
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих