Жил бүрийн шинэ оны эхээр номын сан орж шинэ жилийн амралтын өдрүүдэд уншихаар авсан номуудаа буцааж өгөөд өөр ном авдаг л даа. Энд сургуулийн хүүхдүүд энэ үеэр нэлээн олон хоног амардаг, энэ удаа жишээ нь 12 сарын 19-нөөс 1 сарын 11 хүртэл амарч байгаа юм. Тэр л хэвшлээр саяхан ойролцоох номын сан орлоо. Хүүхдийн хэсэгт нь овоо удлаа… Германы хөлд ороогүй мөлхөө жаал хүртэл ном сугавчлаад харж, эргүүлээд тэмтрээд эгээ л үнэртэж үзэх нь холгүй суучих юм. Нөгөө "сургуультай юу аятай” гэдэг шиг. Ийм мөлхөө хийгээд цэцэрлэгийн насны хүүхдийн номнуудыг яг л гар хүрэхээр жижиг жижиг дөрвөлжин хөөрхөн амьтны хээ хуартай хайрцагт хийсэн байх. Арай том 6-гаас 9 настай хүүхдийн номын тавиурууд өндрөөрөө мөн л тийм. Өсвөр насны хүүхдийнх өндрөөшөө тавиуриуд нь томорсон байрлалтай. Номын санд түүнчлэн хүүхдийн хэл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг нас насных нь ангиллаар өрчихсөн байх нь өнгө алаглаж харагдана.
Интернет медиа ингэж их хөгжсөн сүүлийн хэдэн жилд ч германчуудын чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай зүйлсийн нэг нь "ном унших” хэвээр үлдэж чадсан байх юм. Дундаж герман хүн жилд 10-15, харин академикер гэж нэрлэдэг дээд мэргэжилтэй улс нь дунджаар 50-60 ном уншдаг байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр дуурайл болох тухай зөвлөгөө бүхий сэтгүүлүүд хүүхдийн хэсэгт өрөөстэй. Заримаас нь харлаа. "Ном унших нь шүдээ угаах мэт чухал” гэсэн гарчигтай өгүүлэл байна. Уншигчид бодох байх. "Гурав хоног би шүдээ угаахгүй байвал ямар байх вэ, тэгвэл адилхан юм бол гурав хоног ном уншихгүй байвал миний оюун ухаан юу болох билээ” гэх мэтээр. Санал асуулгаар германчуудын 61 хувь нь "НОМ БОЛ амьдралынх нь салшгүй нэг цул” гэж хариулжээ. Хоёр хүн тутмын нэг нь "Ном бол надад сайн найзууд мэт л” гэж хэлсэн байв. 14-өөс 19 хүртэлх өсвөр насны хүүхдүүдийн номын төлөөх хариулт 45,5 хувь байлаа.
"Номыг аль болох багаас нь …” гарчигтай нэг өгүүлэл уншив . Тэрхүү өгүүлэлд Герман улсын "Уншилтыг дэмжих” хандивын сангийн төлөөлөгч доктор Катарина Боетьш: "нялх жаахан хүүхдүүдэд ном уншиж өгөх нь тэдний үг ярианы баялгийг хөгжүүлэхийн сацуу сэтгэхүй хийгээд нийгмийн дунд биеэ авч явах дадлыг төлөвшүүлдэг” гэж хэлсэн байв. Мөн тэрээр, "Хүүхдийг 6 сар хүрүүт номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Тэдгээр ном насанд нь тохирсон зузаан картонон хуудастай, барьж үзэхэд амьтны зураг гэхэд жишээ нь арьсланг зөөлөн тэмтэрч үзэж болохоор байх хэрэгтэй” гэж онцлоод, "Эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох нь маш чухал. Хэрвээ та өөрөө ном уншдаггүй бол хүүхдүүдээсээ юу ч хүлээж найдаад хэрэггүй” гэж зөвлөсөн байлаа. Доктор Катарина Боетьшын зөвлөгөөг доор дугаарлаад тоймлож бичье ээ:
1. Хүүхдийн ном ямар байх ёстой вэ?
Хүүхдийн номын зураг, агуулга болон бичвэр нь "хармонлог”-оор харилцан уялдаж зохирсон байх учиртай. Ном бүр маш "тунгалаг” оновчтой зурагтай байх хэрэгтэй. Техт бичвэр нь хүүхдийн хэлээр "амь амьдралтай”, үгийн сонголт нь өгөөмөр баялаг байх нь чухал. Тухайн хүүхэд номын баатар, гол дүрийг таньж мэдэрч магадгүй өөрөө түүндээ хувирч "орох” боломжтой байх ёстой.
2. Тэд хэдэн удаа ч уншуулж магадгүй
Бага жаахан хүүхэд аав ээжийнхээ уншиж өгч буй номын үгсийг сонсохоосоо илүүтэй эхлээд нүүр царайны хувирал, сэтгэлийн хөдлөлд анхаарлаа голчлон хандуулдаг. Тэд абстрактаар хийсвэрлэж сонсох үгсээсээ "түүх”-ийг бий болгож байдаг. Тиймээс байнга шинэ ном гэж шаарддаггүй. Нэг номыг 30-н удаа уншуулж байж ч магад. Энэ нь сайн.
3. Цэгцтэй бодож сурах оюуны чадвар ба уран сэтгэмж
Эцэг эх нь багад нь байнга ном уншиж өгдөг байсан хүүхэд хожим нь ном их уншдаг хэвшилтэй, орчноо номын гэрлээр гийгүүлсэн, хүчирхэг мэдлэгтэй нэгэн болно. Улмаар тэдгээр хүүхэд аливаа зүйл юм үзэгдлийн тухайд тов тодорхой, эмх цэгцтэй бодож сэтгэх чадвартай, уран сэтгэмж сайтай хүн болдог төдийгүй бие сэтгэхүйн хувьд эрүүл, тааламжтай хүн болж төлөвшдөг. Үе үеийн ийм хүмүүс л Герман улсын хүнд хүчир ачаа, хөгжил хэтийн хувь заяаг "нуруундаа үүрч” авч явдаг аа.
4. Ном хүүхдүүдэд Эрч хүч, Эр зориг өгдөг
Ном хүүхдүүдэд эрүүл болох эрч хүч, эр зориг өгдөг. (Мюнхен хотын номын санч Моника Майерын туршлагыг энэхүү өгүүлэлд дурдсан байлаа) "Сэтгэл өөдрөг өвчтөний өрөө” гэдэг сайн дурын байгууллагад үйлчилдэг тэрхүү номын санч бүсгүй, өвчтэй хүүхдүүдийн сэтгэл зүйд дуртай ном нь хэрхэн үйлчилдэг тухай судалсан аж. Түүний баталж буйгаар ном өвчтэй хүүхдүүдийг аргадан тайвшруулж, зовлон бэрхшээлээ даван туулж эрүүл болох, эргэж хөл дээрээ босоход нь шууд бусаар тусалж байсан байна. "Зөв номоо олсон хүүхдийн нүдэнд нь оч гялалзаж, амьдралын баяр баясгаланг мэдэрч” байжээ.
("Ном өвчтэй хүүхдүүдэд эм мэт үйлчилдэг” гэж "Германы эмэгтэй эмч нарын холбоо” мэдэгддэг билээ. 1968 онд нэг эмч бүсгүй, "хүүхдүүд эмнэлэгт ирэхдээ үрчийж хуучирсан сэтгүүл, комик зурагтай л ирэх юм” гэж хэл ам зарга мэдүүлсэн байдаг. Түүнээс улбаалж энэхүү "Сэтгэл өөдрөг өвчтөний өрөө” нэгдэл үүсгэн байгуулагдсан түүхтэй. Одоогоор Герман даяар 90 гаруй хүүхдийн эмнэлэг ийм номын сан ажиллуулж буй. Тэнд бяцхан хүүхдийн зурагтай номноос өгсүүлээд өсвөр насныханд зориулсан зузаан романууд ч бий. Жишээ нь Мюнхений доктор фон Хаунершний хүүхдийн эмнэлэг "өнхөрдөг” номын сан ажиллуулдагаараа алдартай. Өвчтэй хүүхдүүдийн өрөө өрөөнд дугуйтай ном дүүргэсэн тэргүүд өнхөрч "орж ирдэг” аж. Орноосоо босож чадахгүй байгаа хүүхдүүд номынхоо сонголтыг өөрсдөө хийгээд яаж баярлаж буй тухай дээр нэг нэвтрүүлгээр үзэж хоолой зангирч суусан билээ. Бидний суугуул Карлсрүэ хотын хүүхдийн эмнэлэг мөн баялаг номын сантай шүү. Тэнд хүү минь жаахан байхдаа хүндэвтэр мэс засалд орсон юм. Эдгэрэх өдрүүдэд нь тэдгээр ном мөн ч их тус болсон доо. Үүнийг өөрийн биеэр мэдэрч үзсээн. Хоёр ч удаа тэр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энэ тухайгаа зарим хэсгээс нь Германд” Сурахын мөн чанар” номдоо бичсэн дээ. Д.О)
5. Тансаг сайхан эх хэл хүчирхийллийг "үгүй хийдэг”
Номтой нөхөрлөдөг, эх хэлээ сайтар эзэмшсэн, өөрийгөө зөв илэрхийлээд сурчихсан хүүхдүүд асуудлыг хүчээр бус эв дүйгээр шийдэх гэж эрмэлздэг. Тэд аливаа зөрчил, маргаан үүсэх тохиолдолд уурлаж уцаарлан, "нударгаа” харуулахаасаа илүүтэй баримт нотолгоо, шалтгааныг нь олж илрүүлэн, зөв дүгнэлтэд хүрч асуудлыг бодитой эерэгээр шийдэж чаддаг аа.
… Шинэ он гараад арав гаруй хонож байна. Харин бид хэдэн ном уншиж дуусган хуучин оноо үдэж мордуулсан бол? Хэдэн ном худалдаж авсан бол? Хүүхдүүддээ хэдэн ном уншиж өгөө бол? Энэ тухай хэдэн хүн бодож суугаа болоо?… Германчууд бүх юмаа төлөвлөдөг гэдэг. Тэдний хэдэн хувь дэвтэртээ "Би шинэ онд… ном уншина” гэж бичсэн байгаа бол? Үүнийг бичиж буй хэр нь би ч ингэж бичээгүй л байгаа. Ийм хэвшил надад байхгүй! Гэхдээ хичээнээ. Та бүхнээсээ ч тэр аль болох олон ном уншаасай, үр хүүхэддээ олон ном авч өгөөсэй, уншуулаасай, бага балчир үрсдээ мөн олон ном уншиж өгөөсэй гэж хүсье. Анд нөхөд, ойр дотныхон, нийт уншигч та бүхэндээ шинэ жилийн мэндийг дахин хүргээд, эрүүл энх, бурхан тэнгэрийн хайр ивээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
Дорждамдингийн Оюун
Карлсрүэ, Germany
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22055
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих