Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр /2017.01.23/ хуралдаж, озэки Кисэносатод ёкозүна цол олгохоор шийдвэрлэлээ. Ийнхүү мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа Японы сүмоч ёкозүна цолтон болж байна. Хамгийн сүүлд япон бөхчүүдээс их аварга Ваканохана 1998 онд ёкозүна цол хүртэж байжээ.
Ирэх лхагва гаригт /2017.01.25/ хуралдах Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар түүнийг 72 дахь ёкозүнагаар батламжлах юм байна.
2004 онд макүүчи зиндаанд хөл тавьсан озэки Кисэносато 13 жилийн дараа анхны түрүүгээ авсан юм. Тэрбээр өчигдөрхөн өндөрлөсөн 2017 оны тэргүүн башёд 14 даваатай түрүүлсэн. Улмаар Ёкозүнагийн зөвлөл түүнийг сүмогийн дээд цолд өргөмжлөх шийдвэр гаргасан нь өнөөдрийн онцлох мэдээлэл байлаа.
Макүүчи зиндаанд 73 башёг үдсэн Кисэносато 1926 оноос хойшхи сүмогийн түүхэнд хамгийн урт хугацааны дараа дээд цолд хүрсэн бөх болж байна. 2003 онд их аварга Таканохана зодог тайлснаас хойш япончууд сүмогийн дэвжээнд өөрсдийн гэсэн аваргатай байгаагүй юм.
Ибараки мужаас төрсөн озэки Кисэносато өдгөө 30 настай.
С.ЦЭЛМЭГ
http://www.news.mn/r/323224
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих