Эелдэг, даруухан инээмсэглэлээр мялаасан зураач Ч.Солонгын урланд очсон юм. Үүднээс нь эхлэн хөгжмийн намуухан аялгуу эгшиглэж, сонгодог, содон мэдрэмж төрүүлэхүйц байлаа. Урлангийн хаалгыг аяархан нээхэд хүүхдүүд зураг зурж байв. Тэд бол зураач Ч.Солонгын шавь нар. Амралтынхаа өдрийг урландаа өнгөрөөж буй зураач бүсгүй хүүхдүүдэд зөвлөгөө өгч, зурсан зургийг нь харж, санал бодлоо хуваалцаж байв. Энэ үед тэр аз жаргалтай байгааг анзаарлаа. Шавь нарынхаа зургийг сайшаан магтаж, урам хайрлахад зураач болохоор тэмүүлж буй хүүхдүүдийн нүдэнд ч хүсэл мөрөөдөл гийж байсан юм. Түүний амьдралын ихэнх хугацаа энэ л урланд өнгөрдөг. Хэдийгээр том, саруулхан биш ч тохилог, дулаахан урландаа зургаа зураад суух нь түүнд үгээр хэлэхийн аргагүй аз жаргал байдаг ажээ.
Урланд түүний зурсан зургууд өлгөөтэй байв. Зураач Ч.Солонго зураасан зургийн ангийг төгссөн ч монгол зургийн аргаар уран бүтээл туурвидаг ажээ. Тэр дундаа бурхны зураг зурдаг юм байна. Урлан тэр аяараа улаан, тод өнгийг илэрхийлэл гэмээр. Ороход хамгийн эхэнд нүдэнд туссан бүтээл бол өөрийнх нь хөрөг зураг байв. Бидний яриа тэр зургаас эхэлсэн юм.
-Таны хөрөг зураг сонирхол татлаа. Хэн зурсан юм бэ?
-Би өөрөө зурсан юм.
-Зарим зураачид өөрийгөө зурж болдоггүй гэх юм билээ?
-Тийм ёс байхгүй шүү дээ. Тухайн зураачийн үзэл бодлоос л шалтгаалах байх. Биднийг оюутан байхад багш нар өөрсдийгөө толинд харж байгаад зур гэдэг байсан. Дэлхийн алдартай зураачид ч өөрийнхөө хөргийг бүтээсэн байдаг.
-Өөрийнхөө хөргийг бүтээх хэр хэцүү вэ?
-Харин ч амархан. Өөрийгөө мэддэг учраас зовох зүйлгүй. Би өөрийнхөө хөргийг зурахдаа гадаад үзэмжнээсээ илүү дотоод сэтгэлээ гаргахыг хүссэн. Миний бодол, дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл дүрслэгдсэн байгаа. Хүний гадаад үзэмж, царай зүсийг зурна гэдэг амархан шүү дээ.
-Харин дотоод ертөнцийг зурна гэдэг?
-Мэдээж хэцүү. Тухайн зураг хэр амьтай болох нь түүнээс л шалтгаалдаг. Хэдий гоё, сайхан зурлаа ч дотоод сэтгэл, мөн чанарыг нь гаргаж чадахгүй бол бүтээл төрнө гэж юу л бол. Зураач хүний зурсан зураас бүхэн утга учиртай, хэлэх гэсэн үгтэй байдаг.
-Зуны улирал танд ямар мэдрэмжийг төрүүлдэг бол. Яг одоо та ямар зураг зурж байгаа вэ?
-Би зуны улиралд дуртай. Цэцэг ногоо дэлгэрээд сэтгэл хүртэл нэг л сайхан байдаг. Гэхдээ хавар нэг өөр, намар бас ондоо зураг зурдаг гэж хэлж чадахгүй нь. Учир нь тухайн цаг үед төрсөн сэтгэгдлээрээ л зурдаг. Би одоогоор домгийн сэдвээр үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна. Гэхдээ цаг хугацааны хувьд арай болоогүй. Ирэх есдүгээр сард гаргахаар төлөвлөсөн. Харин зуны улиралд ихэвчлэн зураачидтайгаа хамт натурт гардаг юм. Байгалийн сайхныг зурдаг.
-Домгийн сэдэв гэхээр сонирхолтой санагдаж байна. Ямар бүтээлүүд голлох вэ?
-Манай орон чинь түүх, домгийн өлгий нутаг. Хүмүүсийн мэддэг, ам дамжсан домгуудаас гадна тэр бүр сонсож байгаагүй домог олон байдаг юм билээ. Тэдгээрийг үзэгчдэд хүргэнэ гэж бодож байгаа.
-Таныг зураасан зургийн анги төгссөн гэж сонссон. Яагаад монгол зураг тэр дундаа бурхны зураг зурдаг болчихсон юм бэ?
-Намайг дүрслэхийн сургуульд орох үед дөрвөн жилд нэг удаа монгол зургийн ангид хүүхэд элсүүлдэг байсан юм. Миний орох жил зураасан зургийн ангид оюутан авч таарсан. Зураасан зураг, монгол зураг хоёр арга техникийн хувьд төстэй болохоор элссэн. Манай зураачид зураасан зургийг "Зураасанд дулдуйдсан” гэж ярьдаг юм. Энэ урлаг өөрөө их агуу. Зүгээр л зураас татаад холбоод байдаг юм биш. Зураас бүхэн тодорхой илэрхийлэлтэй.
-Таны зургуудыг харахад гадаад үзэмж, гоё сайхнаас илүү дотоод мөн чанарыг илэрхийлэхийг зорьдог юм шиг санагдлаа?
-Би тухайн зургийнхаа өгүүлэмж, зохиомж, санааг илүү тод илэрхийлэхийг хүсдэг. Зүгээр л мэлийсэн, мэлийсэн зураг зуръя гэж боддоггүй. Жижигхэн ч хэлэх гэсэн үгтэй, дотоод сэтгэлийг нь гаргасан бүтээл хийх юмсан гэж хүсдэг.
-Чухам тэр дотоод сэтгэлийг нь илэрхийлэх онгод хэзээ ордог бол. Та ихэвчлэн ямар үед зургаа зурдаг вэ?
-Би зарим үед өглөө, орой, шөнө зурдаг гэж хэлэхгүй. Тухайн цаг үед зурмаар санагдвал зурдаг. Онгод гэхээсээ илүү тухайн зураачийн чадал, авъяас, дотоод хүч гэж ярих дуртай. Зарим мундаг найрагчид ярьдаг шүү дээ. "Өөрийн мэдэлгүй л энэ мөр ороод ирсэн” гэж. Түүнтэй адилхан өөрийн эрхгүй л тухайн зургийг зурмаар санагдсан үедээ зурдаг. Магадгүй тэр нь нөгөө онгод гээч нь байж болох юм. Түүнээс яг тэдэн цагт босоод тийм үед зурна гэсэн ойлголт байдаггүй.
-Таны урланд бурхны зураг олон байна. Энэ төрлөөр дагнаж зурдаг юмуу?
-Хүүхэд байхдаа бурхны зургийг хараад "Ямар сайхан юм бэ” гэж биширдэг байсан. Бурхны зураг зурдаг хүн уран зургийн бүх техник, чадлыг өөртөө цогцлоосон байх ёстой. Багаасаа харж, судалж ирсэн учраас бурхны зургийн төрлөөр зурах дуртай.
-Бурхны зургийг зурахад баримтлах ёс, дэг гэж бий юу?
-Бурхан бүхэн өөрийн бэлгэдэл, дүртэй байдаг. Тэдгээрийг алдагдуулж, гуйвуулахгүйгээр зурах ёстой. Жишээлбэл Улаан жамсран бурхныг манайхан сайн мэддэг шүү дээ. Тухайн бурхан баруун гартаа тийм барьцтай, дагуултай гээд хүн бүхэн хэлнэ. Тэдгээрийг зөв зурах хэрэгтэй. Гэхдээ байгаагаар нь зурахдаа биш тодорхой зохиомжинд оруулж байж бүтээл болдог.
-Бурхны зураг гэхээр хүмүүс ойлгохгүй тохиолдол их гардаг байх?
-Зарим хүмүүс зохиомж хэлбэрт оруулчихаар энэ бол хуулбар зураг байна, ийм зураг байдаг шүү дээ гээд буруугаар ойлгох тохиолдол гардаг. Гэхдээ тийм биш, зураач бүхэн зурахдаа өөрийнхөө оюун санаанд бууснаараа зохиомжилж зурдаг. Түүнээс хэзээ ч нэг нэгнийгээ юмуу өөр байдаг зургийг хуулбарладаггүй.
-Таны бүтээлүүдэд Улаан жамсран бурхны зураг нэлээд голлосон байх юм. Яагаад энэ вэ?
-Их хүчтэй, догшин бурхан. Хэрвээ буруу зурах юм бол дахиж хэзээ ч сэхэхээргүй болдог гэдэг. Гэхдээ би яагаад ч юм Улаан жамсран бурхныг зүүдэлдэг, зүүдэндээ хардаг юм. Тэгэхээр надад ивээлтэй, илүү ойрхон учраас зурдаг гэж ойлгож болно.
-Таны уран бүтээлд улаан өнгө их голлодог юм байна. Их хүчтэй өнгө шүү?
-Өөрийн эрхгүй уран бүтээлийн төрөл, бүтээлээ дагаад энэ өнгөнд тэмүүлдэг. Хааяа гарч чадахгүй тохиолдол ч бий. Харин ахуйн зургууд бол арай өөр өнгөний сонголттой.
-Хүмүүс танд зураг захиалж зуруулдаг уу?
-Хүмүүс ихэнхдээ Цагаан өвгөн, Эвтэй дөрвөн амьтан, Улаан жамсран бурхныг зуруулдаг юм. Өөрийнхөө сүсэг бишрэлд тохируулж захиалдаг байх.
-Та шинээр гарч буй үзэсгэлэнг хэр үздэг вэ?
-Үздэггүй юм. Тэнд тийм үзэсгэлэн гарч, хүмүүс тэгж ярьж байна зэрэг мэдээлэл надад сонин биш. Учир нь зураач бүхэн зөвхөн өөрийнхөө ертөнцөөр л зурдаг шүү дээ. Миний зурсан зургуудын зарим нь хийдэд бий.
-"Хүслийн боолууд” гэсэн зураг тань өлгөөтэй байна. Энэ зургийн тухай яриач?
-Үйлийн үрийн тухай зурсан юм. Манай эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан муу талтай. Гэхдээ эрчүүдэд илүү байх шиг. Эмэгтэй хүн хэрээ мэдэж, өөрийгөө цэгнэдэг. Хэн нэгэнд дурлавал энэ хүн намайг тоох болов уу, яах бол гэж өөртэйгөө ярьж чаддаг. Харин эрчүүдийн хувьд архичин, тамхичин, муухай царайтай байсан ч Мэрлин Моноро шиг бүсгүйд дурласан бол өөрийг нь тооно гэж итгэдэг. Энэ зурагт гал галуун хүүхэнд дурлачихсан залуугийн тухай өгүүлж байгаа юм. Тэр хүүхэн өөрийг нь тоох үгүй нь чухал биш. Гэртээ ирэхээр эхнэр, хүүхдүүд нь түүнд юу ч биш юм шиг санагдаж, амьдралынхаа хамгийн нандин хүмүүсийг орхиж байгаа юм. Гэвч бүсгүйд тэр мунхаг залуу хэрэггүй ч тавихгүй тарчлааж байгаад нэг л өдөр хөсөр хаяна гэсэн утгатай зураг.
-Харин доод талынх нь зураг тамыг дүрсэлсэн юм уу?
-"Халуун там” гэсэн зураг. Там гэдэг нь бидний мэдэрдэг халууныг доод тал нь долоо нугалсан халуун байдаг гэж уншиж байсан юм. Нүгэл нь их байхын хэрээр халуун нь 14, 21 дахин их болдог гэдэг. Энэ зурагт энэ тарчлааныг харуулахыг зорьсон юм. Харин хүмүүс энэ зургийг эротик зураг гэж андуураад байдаг юм. Тачаалдаж үхсэн хүний сүнсийг дүрсэлж гэх мэт. Гэхдээ тийм биш.
-Өнөөгийн амьдралыг зур гэвэл та ямар өнгөөр дүрслэх бол?
-Зөвхөн саарал өнгөөр л дүрсэлнэ. Бидний амьдрал бүдэг, бараан байна шүү дээ.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих