"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг "Монгол зэс” корпорацид худалдсан нь Үндсэн хуулиас эхлээд Олон улсын гэрээний тухай, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг зөрчсөн тул төрийн эзэмшилд авах хэрэгтэй хэмээн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээлэв.
Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гэтэл Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр бие даан шийдвэрлэсэн. Түүнчлэн "Монгол зэс” корпораци "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг "Худалдаа хөгжлийн банк” (ХХБ)-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн "Кю Эс Си” компаниас 62 сая, "Ривер стоун” компаниас 70 сая, "Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая болон "Канет” компаниас 68 сая ам.доллар зээлжээ. Өөрөөр хэлбэл, ХХБ нь харилцагчдынхаа мөнгөөр бизнес хийсэн байна. Тиймээс төр "Эрдэнэт”-ийг өөрийнхөө мэдэлд 100 хувь авах ёстой. Мөн ХХБ нь хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн. Түүнчлэн ХХБ-нд Хөгжлийн банкнаас байршуулсан бондын хөрөнгө бий. Энэ бүх мөнгөөр хэлцэл хийх замаар "Эрдэнэт үйлдвэр”-ийг буцааж авах хэрэгтэй хэмээн Ш.Раднаасэд гишүүн хэллээ.
Мөн тэрбээр, "Иргэн нэг банкинд л хувьцаа эзэмших хуультай. Гэтэл ХХБ-ны 93 хувь, Улаанбаатар банкны 99 хувийг Д.Эрэнэбилэг гэгч эзэмшиж байна. Тиймээс энэхүү хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэхийг Монголбанканд даалгасан” гэлээ.
"Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авах ажиллагаа ХХБ-ны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хүрээллийн н.Пүрэвтүвшин, н.Хүрэлбаатар хэмээх хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжуулан явагдсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэллээ.
"Монгол зэс” корпораци нь анх 2012 онд "Жюмера” гэдэг нэртэй байгуулагдаад 2016 онд нэрээ сольсон. Энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй байснаа 2016 онд гэнэт 112 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон байна. Улмаар ХХБ-наас 75 сая ам.доллар зээлдэхдээ "Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-ны барьцаанд тавьжээ. Дараа нь ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг "Эрдэнэт үйлдвэр”-т "Монгол зэс”-ийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн болгосон хэмээв.
Тэрбээр, "Монгол зэс”-д 62 сая ам.доллар зээлсэн "Кю Эс Си” нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2012 онд 30 жилийн хугацаанд концессын гэрээгээр авсан. Энэ компани Д.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан. 2012 онд Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авахдаа өөрийн хөрөнгөөр төмөр зам, автозам гэх мэт таван бүтээн байгуулалт хийхээр тохирсон. Гэтэл Засгийн газар 2015 онд төмөр зам, автозам барьсан мөнгийг нь буцааж олгох гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Сангийн сайд Б.Болорын тушаалаар 90 сая ам.доллар олгосон байна. 2016 оны зургадугаар сарын 17-нд н.Пүрэвтүвшиний эзэмшлийн "Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар зээлдсэн байна.
Улмаар "Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлсэн. Энэ компани 2012 онд байгуулагдсан. 2012-2015 онд нийт 33 сая төгрөгийн татвар төлсөн бол 2016 онд нэг сая төгрөг төлсөн байна. Тэгээд "Кю Эс Си” компанийн мэдэлд шилжсэн. Дараа нь Сингапурт бүртгэлтэй "Канет” компаниас 68 сая ам.доллар авсан. Энэ компанийг н.Пүрэвтүвшин 2016 оны гуравдугаар сард Монгол Улсад бүртгүүлэх гэж байгаад больсон юм.
"Эрдэнэт үйлдвэр” 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн татвар төлөөгүй тухай мэдээлж байсан. Тухайн үед "Эрдэнэт”-ийн удирдлагууд үгүйсгэсэн юм. Гэтэл 58 сая ам.долларыг 2012-2013 оны ногдол ашиг хэмээн "Монгол зэс” рүү шилжүүлжээ. Энэ компани 2012-2013 онд "Эрдэнэт”-тэй ямар ч холбоогүй байсан. Мөн Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн "Хөтөл” компани руу хоёр тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Татварын албанаас хийсэн тооцооллоор "Эрдэнэт”-ийн улсад төлөх татвар 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгааг мэдээлсэн. Цаашдаа эдгээр хүмүүс огт татвар төлөх сонирхолгүй байна.
"Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийг энэ хүмүүс 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр авсан. Гэтэл 2015 онд Засгийн газар хөрөнгө оруулагчид нь борлуулах шийдвэр гаргасан. Энийг л таслан зогсоох ёстой. Арилжааны банкууд 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг. Өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл ХХБ-ны удирдлагууд төрийн өмчийг өөрийн болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа Монголын өнгөт металын салбарыг эрхшээлдээ оруулах хүсэлтэй байгаа. Мөн Эрчим хүчний салбарт ч хувийн хэвшлийн хяналт тогтоохоор ажиллаж байсан. Тухайлбал, сонгуулийн өмнө Багануурын цахилгаан станц, Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцыг авахаар санаархаж байсан" гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Ц.Нямдорж гишүүний хүүг "Эрдэнэт үйлдвэр”-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гараад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2004 болон 2006 онд миний хүү гэрээ хийсэн байна лээ. Ном журмынхаа дагуу гэрээгээ хийгээд больсон. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ. С.Эрдэнэ гишүүн намайг "Эрдэнэт"-д шахаа хийх гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа.
-Шүүхээс энэ гэрээг хууль зөрчсөн гэдгийг нь тогтоогоогүй байхад УИХ-аас байгуулагдсан. Ажлын хэсэг гэм буруутайг нь тогтоочихож байгаа юм шиг дүгнэлт оруулж ирж байгаа нь хууль тогтоомжинд хэр нийцэж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудал ярьж байгаа юм. Заавал шүүх тогтоох асуудал биш. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар шийдвэрлэх ёстой юмыг шийдүүлээгүй. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол УИХ хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт байгаа. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд төр оролцох ёстой.
-Засгийн газар эргүүлж авлаа гэхэд хөрөнгө мөнгөний хувьд хэр боломжтой юм бэ. Мөн наймаа буцах юм бол 100 сая долларын торгууль төлөх заалт гэрээнд байгаа гэсэн. Энэ мөнгийг яаж төлөх юм бэ?
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: УИХ-аар хэрхэн буцааж авах вэ гэдэг асуудал ярина.Тэр үеэр 100 сая долларын асуудал яригдах байх.
-Ц.Нямдорж гишүүнээ та хүүхдээ "Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэхэд нь оролцсон уу?
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таньдаг хүндээ "Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломжийн байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой” гэж гуйсан. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг.
-Хуул зөрчиж шийдвэр гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, шийдвэрлэх хэрэгтэй. Хуулийн байгууллага 2016 оны зургадугаар сараас хойш энэ асуудлыг шалгаж эхлэх ёстой байсан юм.
Ч.Ариунболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих