Навчаа Дэвидийг гарахад хаалгаа өөрийн мэдэлгүй тас хийтэл нь хааж орхиод тэр дороо хүнд юманд цохиулсан мэт суун туслаа. Түрүүнээс хойш биеэ барьсан бардам сэтгэл хормын төдийд хийсэн арилаад нулимс нүдийг нь агшин зуурт бүрхэв. Цээжнийх нь гүнээс гомдлын хар манан ундарч тэрээр чимээгүй мэгшүүлж байснаа бүр чангаар орь дуу тавин уйлж эхэллээ.
Энэ чимээнээр хүү нь юу болоод байгааг тааж ядан хэсэг зуур алмайран өмнө нь бүртэлзэн зогсож байснаа арай сэхээрэв бололтой шалан дээр өвдөглөн хаалганы бариулаас зууран орь дуу тавьж буй ээжийгээ тайтгаруулахыг оролдов. Тэрээр Навчаагийн хацар дээгүүр тунаран мэлмэрэх нулимсыг халуун гараараа арчиж, гараас нь татан өндийлгөх гэж оролдовч ямар ч үг хэлэх тэнхэлгүй орь дуу тавих ээжийгээ харан гайхаж ядаад өөрийнхөө өрөө рүү орж явчихав. Навчаа бүр хоолой нь сөөж дуу гарахгүй болтлоо эхэр татан уйлав. Нэг мэдсэн тэрээр биеэ ч хөдөлгөх тэнхээгүй болоод шалан дээр хэвтэж байлаа. Бурхан минь. Хүн ингэтлээ өөрчлөгддөг байжээ. Нөгөө хорхойд хоргүй зөөлөн зантай Дэвид мөн гэж үү.
Навчаа Дэвид хоёр анх Германд сурч байхдаа танилцаж ханилан суусан билээ. Сургуулиа төгсөөд Берлинд хэдэн жил амьдарсан ч Навчаа ах дүүс, нутаг усаа зүрхнээсээ гээж чадаагүй. Ингээд Навчаа том хүү нь төрөөд удаагүй байхад Монголдоо ирж амьдрал ахуйгаа төвхнүүлсэн. Дэвид ч ашгүй мэргэжлийнхээ дагуу харилцаа холбооны компанид боломжийн өндөр цалинтай ажилд оров. Навчаа ч Германд эзэмшсэн боловсрол хэл усныхаа ачаар мөн л Дэвидээс дутахгүй гайгүй цалинтай ажил ядах юмгүй олчихов. Угийн хээгүй Дэвид Монголын нийгэм, орчин нөхцөлийг ийм тийм гэж нэг их гоморхоод байсангүй бараг Навчаагаас хурдан шинэ орчиндоо дассан билээ.
Навчаа анх Дэвидтэй суухдаа түүний энэ л хээгүй гүндүүгүй, зөөлөн занд нь юу юунаас илүү татагдсан. Том хүү нь хоёр нас хүрэхэд Навчаа бага охиноо төрүүлэв. Нас нэлээн явчихсан хойноо хүнтэй сууж амьдралаа зохиосон болоод ч тэр үү хоёр хүүхдээ дараалан гаргачихаад нэг мөсөн ажил төрлөө цэгцлэнэ гэсэн төлөвлөгөөг Навчаа өөртөө зохиосон байлаа. Навчаа ер нь гялалзуур сэргэлэн зантай тул тэрсхэн хоёр хүүхэд дээр нь Дэвид гээд бүгдийг арчилж амжуулахдаа нэг их түүртэхгүй байлаа. Бага охиноо төрүүлээд удаагүй ажилдаа орж амьдрал нэгэн хэмнэлээр үргэлжилсээр нэг л мэдэхэд тэд арваад жилийн амьдралаа ардаа үдсэн аж. Гадны хүнийг хүндэтгэн үздэг монгол нутаг Дэвидэд тун их таалагдана. Нутагтаа бол мань хүн өдий зэргийн ажил хийж өдий их мөнгө олж яасан ч чадахгүй тул энэ амьдралдаа ихэд сэтгэл хангалуун. Заримдаа хүүхэд шиг гэнэн зантай гэр орны аахар шаахар хар бор ажилд арч муутай Дэвид Навчаад хоёр бага хүүхдээ өсгөж өндийлгөх гэж зүтгэж явахад нэмэр болох нь бага. Гэхдээ л Навчаа түүний ажил төрөлдөө амжилт олж ар гэрээ гайгүй тэжээж байгаад сэтгэл хангалуун явна.
Харин нэг л зүйл дээр тэр хоёр угаасаа тэс өөр хүмүүс гэдгээ хэн хэн нь арай л хожим мэдэрсэн. Дэвид бол эрүүл мэнд бие бялдартаа нэг их санаа тавьдаггүй тайван амгалан нэгэн. Тэр идэж болох бүх л зүйлийг иднэ. Хөдөлж хөлсөө гаргах бүхнээс үстэй толгой нь бараг арзайдаг гэхэд худал болохгүй. Тэгээд ч компьютер программын талын ажилтай тэрээр бараг өдөржин суудлаасаа ч ховхрохгүйгээр сууж чадна. Хоол унд бэлэн зэлэн байвал бараг хэдэн өдөр шөнө дараалан суух нь ч бий. Харин Навчаа бол тийм биш. Тэр бага байхдаа бүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй хөдөлгөөний эвсэлтэй охин байсан. Дунд ангиасаа эхлэн биеийн тамир спортоор хичээллэж бас ч үгүй амжилт гарган тэр үед ховорхон олддог медаль хүртэл энгэртээ зүүж үзсэн билээ. Оюутан болж амьдралын хэмнэл орчин нөхцөл өөрчлөгдсөн ч Навчаад хөдөлгөөн гэдэг эрүүл амьдралынх нь үндэс болдог байв. Тэр нэг дор ингэж таг сууж чаддаг Дэвидийг хараад заримдаа үнэхээр их гайхдаг байж билээ. Тэрээр мөн хэтэрхий их тослогтой, шарсан хайрсан төмс, зайдас мэтээр голчлон хооллодог Дэвидэд ногоо жимс, тараг гээд аль болох хөнгөн төрлийн хоол унд идүүлэх гэж зүтгэдэг байв. Харин энэ бүх түүний хичээл чармайлт алхам бүрдээ Дэвидийн "Би юу идэхээ хэнээр ч заалгахгүй” гэсэн зөөлөн хирнээ мятаршгүй эсэргүүцэлтэй тулгардаг байв. Нас явахын хирээр Дэвид жин нэмж бүр илүүдэл жиндээ түүртэн амьсгаа дээртэй явах болж билээ. Навчаа өдөр бүр шахам чи жингээ хас, таргалуулахгүй хоол унд идэхгүй бол болохгүй нь гэж үглэх боловч Дэвид энэ бүхнийг даанч нэг тоохгүй нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана.
Тэр нэгэн өвөл Дэвид бие нь сульдан ядарч хэд хэдэн удаа удаан хугацааны эмнэлгийн чөлөө авахад хүрэв. Харин үзсэн эмч бүр ам нэгтэйгээр түүнд "Жингээ хас!” гэсэн ганцхан зөвлөгөөг өгөв. Дэвид сая л тэр үгийг Навчаагаас өөр хүнээс сонссон тул нээрээ ч Навчаагийн үглээд байдаг ортой бололтой. Бие сульдаж ядраад байгаагийн гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хоол хүнс хэрэглэж байгаагаас болж байна гэж дотроо тунгаан бодов. Урьд нь тэрээр ажлаа тараад л шууд фитнес клуб руу явж дасгал хийдэг Навчааг үнэхээр ойлгодоггүй байв. Хүн яаж ийм илүү зүйл хийх гэж тэмүүлдэг байна гэж тээршээн бодно. Харин эмчийн зөвлөснөөр тэрээр Навчааг дагаж жингээ хасах дасгал хийхийг зөвшөөрөв. Үүнийг сонссон Навчаа ч бөөн баяр. Харин Дэвид нэг юманд мэрийж зүтгэвэл заавал ард нь гардаг хүний ёсоор их шургуу хичээллэв. Шантрах үе зөндөө байсан ч харин тэр өөрийгөө ялж чадсан юм. Навчаа ч түүний энэ хичээл зүтгэлд туйлаас их баяртай байлаа.
Бүтэн жил ингэж чармайн хичээллэсний хүчинд Дэвид 100 килограмм нэлээн давсан жингээс 80 гаруй болтлоо турж чадсан. Нөгөө илүүдэл жингээсээ болж эв хавгүй, тээртэй харагддаг Дэвид биш болж гялалзсан гав шав хөдөлгөөнтэй сэргэлэн цовоо нэгэн болж хувирав. Хааяа хөгжилтэй дуу исгэрэн үл ялиг инээмсэглэл нүүрэндээ тодруулан алхаж явах Дэвидийг шохоорхон харц чулуудах бүсгүйчүүдийн тоо ч нэмэгдсэн нь илт мэдрэгдэнэ. Тэрээр бие махбодь нь чангарч жавхайгаад гал цогтой хөнгөн шингэн нэгэн болсон байлаа. Хоёр хүүхэд нь ч нэг үеэ бодоход өсч томроод сургуульд оров. Навчаа хэдийгээр өөрийн гэсэн алба ажил ихтэй ч хоёр хүүхэд, гэр орны ажлаа яв цав амжуулна. Хажуугаар нь спортоор хичээллэх цаг зав хүртэл өөртөө гаргачихна. Хэдийгээр энэ мэтчилэнгийн аахар шаахар амьдралын хэвшил дээр ам зөрөлддөг ч Навчаа Дэвидэд туйлаас итгэдэг түүнийг хайрладаг билээ.
Өнгөрсөн хавраас ажил гэр гэсэн хоёрхон замаас хэзээ ч хазайж үзээгүй Дэвид хааяа нэг пиво ууж гадуур гарах нь элбэгшив. Тэрээр маш том төсөл эхлүүлээд ажиллаж байгаа тул хамтран ажиллагсадтайгаа гадуур дотуур сууж ярих зүйл их байна гэж Навчаад хэлсэн тул Навчаа хар буруу зүйл юу ч бодсонгүй. Орой тарж ирэхэд хэзээ ирсэн нь ч бүү мэд компъютер дээрээ л лаглайж суудаг Дэвид бүр гэртээ үзэгдэхээ байж энэ байдал бараг жил орчим үргэлжлэв. Шөнө орой гэртээ ирэхдээ ажил ихтэй байснаа ярих тул Навчаа түүнийг үнэхээр л ажил ихтэй болж дээ гэж бодно. Дэвидийн элдэв хүүхэн шуухан охид бүсгүйчүүдтэй хэл амаа ололцохдоо маруухан жаахан бүрэг ичимхий ч юм шиг зан Навчаад бүр залуу байхын л таалагддаг байлаа.
Зуны нэгэн дулаахан тогтуухан сайхан үдэш Дэвид томилолтоор явсан тул Навчаа битүүхэн уйтгартай гэртээ зууж байв. Гадаа наран ээж, цонхны доор шуугилдан тоглох хүүхдүүдийн чимээ түүнд ганцаардал мэдрүүлж уйтгар нэмэх шиг. Хоёр хүүхэд нь өвөөгийндөө очсон тул Навчаа хоол хийх гэж байснаа гэнэт ганцаараа гэдгээ санаад болихоор шийдэв. Харин утсаа шүүрч аваад ойрд уулзалдаагүй багын найз бүсгүй рүүгээ залгав.
Навчаагийн цөөхөн бөгөөд үнэнч нөхөрлөдөг найзуудын нэг болох Туяа:
"Найз нь энд зуслан дээрээ байна. Энд ёстой сайхан байна. Чи манайд ирэхгүй юм уу?” гэж асуув. Маргааш нь амралтын өдөр байсан тул эрүүл агаарт зуслан гарч нэг хонох зүгээр ч юм шиг санагдаад Навчаа дуртайяа зөвшөөрөв. Туяагийнх Зайсангийн аманд шинэхэн зуслангийн байшин бариулсан билээ. Шинэ байшинг нь ч сонирхох бодол Навчаад давхар төрж явлаа. Туяа шиг хотын утаа дуу чимээнээс ангид нэг ийм сайхан газар байшин бариулах мөрөөдөл Навчаад хэдийнээс төрнө.
Тэгээд ч Дэвид тэр хоёрын ажил урагштай байж бас ч гэж энэ хэдэн жилд чамгүй их мөнгө хуримтлуулж чадсан төдийгүй мөрөөдлийн байшингаа ч бариулахаар хоёул төлөвлөөд буй билээ. Туяагийн байшин яг наран ээвэр модтой энгэрт байрлах бөгөөд цонхоор нь ойр орчмын юм яг л алган дээр дэлгэсэн мэт харагдана. Туяа Навчаа хоёр элдвийг ярилцах зуур яарамгүй хоол зэхэж байв. Хоол бэлэн болмогц гадаа тагтан дээрээ ширээ засан тухлан суув. Навчаа Туяагийн хийсэн хоолыг амтархан идэх зуур авчирсан улаан дарсаа задалж хоёр бүсгүй наранд биеэ ээн тун чиг жаргалтай байв.
Гэнэт Навчаагийн нүдэнд нэг л танил хүн нүдний буланд нь бүртэлзэв. Навчаа Туяагийн байшингийн дэргэдэх хашаанд гадаа тэврэлдэн нялуурах бараг шалдан шахуу эр эм хоёр дээр харц тогтоон ажив. Тэр богино өмднөөс өөр хувцасгүй нүцгэн эр нь яах аргагүй Дэвид мөн байлаа. Дэвид хажуудаа байх зуны нимгэн майк богино өмд өмссөн бүсгүйг тэвэрч уруул дээр нь озож тэр хоёр тэврэлдэн инээлдэнэ. Арай ч дээ. Тэрхэн зуур Навчаагийн нүд нулимсаар дүүрч юу хэлэхээ яахаа ч мэдэхгүй балмагдав. Арай ч дээ. Даанч дээ гэж үглэн салганах Навчааг Туяа гайхан хараад:
"Чи чинь юу болоо вэ?” гэх Туяагийн дуу чихэнд нь нэг холдон нэг ойртоно. Навчаа дотор нь муухай оргиж нүд нь харанхуйлан тагтан дээрээс уначихгүйг хичээн арай ядан гуйвагнан зогсоно. Туяа түүний харц гөлөрсөн зүг эргэж хартал шалдан эр, эм хоёр бие биеэ усаар цацан хөөцөлдөж байгаа урд байшингийн зүг өөрийн эрхгүй гайхан харлаа. Туяа ядаж холын хараа муутай тул тэр хоёр хүнийг таньсан ч үгүй тул юу ч ойлгосонгүй. Түүний ийнхүү мунгинаж байх зуур Навчаа тагтны хаалгаар дотогш орж цүнхээ шүүрч аваад машинаа асааж яах ийхийн зуургүй яваад өгөв. Энэ бүхэн даанч хоромхон зуур болсон тул Туяа:
"Навчаа чи чинь яагаа вэ?” гэж араас нь гараа сарвалзуулан гүйсээр хоцров. Туяа эл болсон явдалд бүр гайхаж цөхөөд гэртээ орж нүдний шилээ зүүгээд хашаанаасаа гарч тэр инээлдэн хөөцөлдөх эр эмийн зүг сониучирхан явж хүрэв. Хүйтэн усаар толгойгоо шалба цацуулсан харь эрийг тогтож сайн харвал Навчаагийн нөхөр Дэвид мөн байлаа. Туяа сая л болж өнгөрсөн бүхний учрыг оллоо. Тэр бас л самгардан яахаа мэдэхгүй хэсэг зуур байж байснаа угийн аманцар бүсгүй тул сэхээ орж хашааны хаалгыг нь хүчтэй балбаж гарлаа. Энэ чимээнээр нөгөө бүсгүй гүйсээр ирж хаалга тайлж өгөв. Туяа дуу шуу ч үгүй өөрийг нь гайхан харж зогсох эл бүсгүйг арай л дайрч унагасангүй хашааны хаалгаар ороод мөн өөдөөс нь таньж ядан ширтэх Дэвид рүү яах ийхийн зуур дөхөж очив. Уур бухимдал, зэвүүцэл нь дээд цэгтээ хүрсэн Туяа биеэ барих чадвараа нэгэнт алджээ.
"Чи эхнэр, хүүхдээ хаячихаад ингэж завхайрч явахаасаа ичихгүй хүн үү?” гэж хэлээд алгадаж орхив. Дэвид Туяаг таньсан боловч юу гэж хэлэхээ олж ядан мэгдэн зогсоно. Дэмий л гэнэгүй байхад нь яах ийхийн зуургүй тас хийтэл алгадуулснаас хорсох хацраа даран зогсоно. Улаан галзуу уурласан Туяа нөгөө хүүхнийг нь:
"Чи эхнэр хүүхэдтэй хүнтэй ингэж явдаг ямар дүүрсэн хүүхэн бэ?” гэж хашхиран ухасхийтэл айж цочирдсон хүүхэн түүнээс зугтаан Дэвидийн ардуур орчихов. Тэр хоёрыг Туяа үзэн ядсан харцаар ширвэж орхиод сая л нэг тайвширч юу ч болоогүй юм шиг хашаанаас гарч одов.
Навчаа энхэл донхол ихтэй замаар хар хурдаараа сэгсчүүлэн нэлээн удаан давхив. Нүдийг бүрхсэн нулимс салхивчаар үлээх салхины аясаар шанхыг нь даган урсаад зуны нимгэн цамцных нь энгэр заамыг бороон дусал шиг л норгож байлаа. Тэрээр ингэж нэлээн давхиад хамаг чадал тэнхээ нь барагдсан хүн замын хажуу руу орж зогсоод мэгшүүлсээр байлаа. Нүдэнд нь нөгөө хүүхнээ тэврэн үнсэх Дэвидийн жаргалтай царай харагдаж чихэнд нь тэр хүүхний адтай инээд цангинаж түүнийг тохуурхана. Гэнэт хоёр хүүхэд нь санаанд орж ирэхэд Навчаа машины жолоог хоёр гараараа атгаад бүүр ч чангаар уйлж эхлэв.
Ийм гэнэтийн зүйл үүлгүй тэнгэрээс хур буух шиг л болно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Хүний урманд өөрийнх нь нүүрэн дээр эм хүйстэй хүнтэй хэдэн олигтой ч үг сольчихдоггүй Дэвидийг Навчаа битүүхэндээ шоолонгуй явдаг байсан бус уу. Манай энэ ч дээ хөөрхий компьютер идэх хоолтой байж байвал бараг болчихно доо гэж боддог байсан. Дэвидтэй анх танилцахдаа Навчаа өөрөө санаачилга гаргаж түүнийг эргүүлж эхэлсэн. Эв хавгүй ч Дэвидийг Навчаа эмэгтэй хүний зөнгөөрөө сайн залуу гэж итгэсэн. Орцонд цахилгаан шатанд тааралдах бүрдээ Навчаатай мэндэлж сандарч тэвдэнгүй орцны хаалга онгойлгож өгдөг хээгүй тэр л залууд Навчаа нэг л мэдэхэд сэтгэлийн цалмаа алдаж орхиж билээ. Өдий хүртэл түүний элдэв өө сэвийг засах гэж хичээхдээ тэр түүнд муу юм биш дандаа сайн сайхан зүйлийг хийж байна л гэж бодож итгэж амьдарсан. ГЭТЭЛ ОДОО ҮҮЛГҮЙ ТЭНГЭРЭЭС ААДАР БОРОО ОРОХ ШИГ ГЭНЭТ ЮУ БОЛОХ НЬ ЭНЭ ВЭ?
Дэвид маргааш орой нь гэртээ ирэхдээ юу ч болоогүй юм шиг царайлах гэж хичээвч угийн юмаа нууж чаддаггүй хүний царайгаар гэмшингүй хулгай нүдээр Навчаа руу ширтэнэ. Тэрээр унтлагын өрөөнд орвол түүний гэх бүх зүйлийг боож баглаад тавьчихсан болохыг сая анзаарав. Хэн нь ч түрүүлж дуу гаргаж үл төвдөнө. Цаг нэлээн орой болж хүүхдүүд нь унтчихсан бололтой чимээ аниргүй. Энэхүү хүйтэн дүмбий байдлыг эвдэх хүч энэ гэрт үгүй болсон мэт. Навчаа хэл ам түргэнтэй ч хэрүүл ам хийж ааш авир гаргаж сураагүй.
Тэрээр сая унтлагын өрөөнд орж ирээд Дэвидийн нүд рүү нь харж байгаад
"Бидний амьдрал ингээд дууссан бололтой” гэж хэллээ. Тэрээр өөрийгөө ийм үгийг ингэж тайвнаар хэлж буй өөрийнхөө дууг ч таньсангүй. Тэр дуу өөрөөс нь биш өөр хүнээс ч гараад байгаа юм шиг. Гэхдээ л Навчаад одоо түүнийг хайрладаг Дэвид нь байхгүй болсон тэр түүн рүү тэр бүсгүй рүүгээ харж байсан шиг хэзээ ч харахгүй гэдгийг л сайн мэдэж байлаа.
Бүх зүйл санасныг бодоход маш хурдан болж өнгөрч билээ. Дэвид өөрийн гэсэн эд зүйлээ авах гэж ирэхдээ Навчаад уучлаач гэж ч хэлсэнгүй яваад өгөв. Тэрээр би одоо Навчаатай олон юм ярих нүүргүй хүн гэж боджээ. Ингээд л болоо юу гэж Навчаа ганцаар үлдсэн хойноо бодож суулаа. Арав гаруй жилийн амьдрал нь ингээд нэг л өдөр алга урвуулахаас ч амархан шийдэгдэх ч гэж дээ. Хоёр хүүхдээ яах вэ. Охин нь учир мэдэхгүй болохоор нэг их асуудалгүй. Харин хүүдээ юу гэж хэлэх билээ л гэдгээс Навчаа хамгийн их айж байлаа. Тэр Дэвидээс чи намайг уучлаач гэсэн үгийг хүлээж хүсч байсан ч юм шиг. Гэхдээ бардам зантай Навчаагийн хувьд Дэвид тэгж хэлсэн ч уучилж чадна гэж үү.
Дэвид шинэхэн амрагаа дагуулаад нутаг буцжээ гэж Навчаа жил гаруйн өмнө дуулсан. Харин нэг орой тэр хүүхэн Навчаа руу залгаж уулзаж болох уу гэж дахин дахин гуйгаад байхаар нь аргагүйдэн нэг газар болзож уулзахаар болов. Түүнийг Гэрэлсүрэн гэдэг аж. Дэвид түүний юунд нь тэгтлээ татагдсан нь сонин. Насаар хараажаар Навчаагаас дүү ч биедээ зохиогүй хувцас, чих хуруунд нь сүртэйгээр гялалзах алт мөнгөн чимэг зүүлт нь чимэг болохоосоо илүүтэйгээр түүнд овор нэмсэн гэлтэй. Нүүр, хуруу хумсаа өнгө дагуулан тод будсан байдаг л нэг хямдхан охидын дүр төрх. Гадаад эртэй сууж нэг их биеэ зовоохгүйгээр гайгүй амьдарчих бодолтой иймэрхүү охидууд Улаанбаатарын бар ресторанаар дүүрэн л байдаг тул Дэвидийн сонголтод Навчаа нэг их гайхсангүй.
Навчаа Гэрэлсүрэнг тас хийтэл алгадаад, үс гэзгийг нь зулгаамаар санагдсан ч угийн биеэ барьж сурсан зангаараа царайгаа төв болгоод:
"Чи надаас юу хүсээ вэ? Би хүссэн зүйлийг чинь чамд өгчихсөн биш билүү?” гэж үл мэдэг хэгжүүрхээд өөдөөс нь цоргин харлаа. Гэрэлсүрэн хэлэх үгээ олж ядан үгээ урд хойно нь оруулан түгдчээд:
"Дэвид хоёр хүүхдийнхээ аль нэгийг авч хамт амьдарна гээд...” гэж хэлээд үгээ дуусгалгүй дуугүй болов. Би хүүхдийнхээ холбоотой асуудлыг чамтай биш эцэгтэй нь ярих болно гэж Навчаа хэллээ. Тэрээр бидний хүүхэд чамд огт хамаагүй гэж бараг л хашгирчихмаар байсан ч биеэ барьсаар л суулаа.
Гэрэлсүрэн:
"Тэр ч тийм л дээ. Гэхдээ бидэнтэй хамт амьдрах болвол би дургүйцэхгүй гэдгээ л танд хэлэх гэсэн юм.” гэв. Харин түүний энэ худал хуурмаг сайхан зангийн цаана юу нуугдаж байгааг Навчаа яахин мэдэх билээ. Гэрэлсүрэнгийн найз хүүхэн бас л нэг монгол эхнэртэй герман залууг эхнэр хүүхдээс нь салгаад сууж л дээ. Тэгээд шүүхээр хүүхдээ эхнэр нь асрамжиндаа авсан биш нөхрийнх нь цалингийн бараг тал хувь нь хүүхдийн тэтгэмжинд явдаг тухай Гэрэлсүрэнд найз хүүхэн нь сэтгэл дундуур дурсжээ. Гэрэлсүрэн Дэвидээс энэ тухай тойруу замаар лавлан асуувал тэрээр бараг л тийм гэсэн хариулт өгчээ. Тэр цагаас хойш л Гэрэлсүрэнд хармын сэтгэл төрж эхэлсэн юм. Арай гэж нэг залуу олж авсан байтал тэр нь хоёр хүүхдэд тэр хуучин эхнэртэйгээ олсон мөнгөө хуваалцана гэхээр л Гэрэлсүрэнгийн хувьд утгагүй санагдав. Тэгээд л Навчаатай уулзах гэж улайрсан нь энэ.
Навчаа түүний өөдөөс харан жишимгүй суух Гэрэлсүрэнг хараад:
"Би дургүйцэхгүй гэнэ шүү. Чи тэгээд намайг нөхрөө хүүхэдтэйгээ хамт өгчихнө гэж санаа юу? Та хоёр надаас юу ч авч болно харин хүүхдүүдийг минь бол хэзээ ч үгүй шүү!” гэж түрүүнээс хойш биеэ барьж суусан Навчаа дүрсхийн уурлаж чангаар хэлээд гарч одлоо. Дэвид хүүхдүүдээ их санадаг тэгээд би түүнд туслах гэж л гэж ард нь Гэрэлсүрэн хэлэх сонсогдов. Гэртээ харин харьтал Навчаа "Миний хүүхдүүд минийх, өөр хэнийх ч биш” гэж үглэсээр явлаа.
Энэ явдлын дараахан Дэвид Навчаатай уулзав. Тэрээр сүүлийн нэг жил Берлинд амьдарснаа ярьж охиноо эсвэл хүүгээ аль нэгийг нь өөр дээрээ авах бодолтой байгаагаа пал пүл хийтэл хэлэв. Түүний зүгээр л хүүхдүүдээ санаад байгаа сэтгэлийг нь Гэрэлсүрэн бүсгүй яаж ашиглахаа мэдэж байлаа. Хоёр хүүхдийнхээ ядаж нэгийг нь ав. Хайрт минь чиний хүүхэд бол миний л хүүхэд гэсэн үг гэж худал нялуурах Гэрэлсүрэнгийн сайхан сэтгэлийн ард ямар муухай бодол агуулагдаж байгааг Дэвид хэрхэн мэдэх билээ. Энэ маань ийм л сайхан сэтгэлтэй шүү. Залуухан хүүхэд гаргаагүй хүн гэхэд миний хүүхдийг ад үзэхгүй байна гэж баярлан боджээ. Нарийн учрыг сайн олоогүй Гэрэлсүрэнгийн үгэнд зориг орсон Дэвид хүүхдийнхээ аль нэгийг авна гэж Навчаагаас шаардаж эхлэв. Үнэндээ бол Гэрэлсүрэн тийм санаа гаргаж дэмжээгүй бол Дэвид Навчаагийн өмнө хийсэн түмэн буруундаа гэмшээд юун хүүхдээ булаацалдах манатай. Навчаагийн нүүрийг олон удаа харахгүй юмсан гэж зовуурилан явжээ.
"Би хүүхдүүдээ өөрөө өсгөсөн. Тэр үед чи ажлаас өөр юу ч хийдэггүй байсан шүү дээ. Санаж байна уу?” гэж Навчаа ууртайгаар хэлэв. Дэвид:
"Би шүүхэд салах өргөдлөө өгсөн. Шүүх шийднэ биз дээ. Монголд бага насны хүүхэд амьдрах нөхцөл муутай шүү дээ. Чи бас түүнийг сайн бодоорой. Өвөлдөө утаа ихтэй тэр байдал хүүхдүүдэд муугаар нөлөөлнө.” гэж хэлэв.
"Тэгсэн ч энэ миний эх орон, миний гэр. Би хүүхдүүдээ хаашаа ч явуулахгүй.” гэж Навчаа эрсхэн хэлээд салж явлаа. Гэвч Дэвид улайран зүтгэсээр байгаад охиныг нь авахаар шүүх тогтоол гаргачихав. Одоо яалтай билээ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр шүүгч хүүхэнд нэлээд хэдэн төгрөг атгуулсан Дэвидийн талд хэрэг шийдэгдэв. Түүгээр ч зогссонгүй мөрөөдлийн байшингаа бариулахаар хадгалсан хадгаламжаа ч Дэвид авахаар болов.
Ингэж л Навчаа хүүтэйгээ хоёулаа хотын төв орчимд байх гурван өрөө орон сууцтайгаа хоцорсон билээ. Энэ явдлаас хойш багагүй хугацаа өнгөрч Навчаа салалттай эвлэрэх шинэ нөхцөл байдал, ганц бие хүүхэдтэй эмэгтэйн шинэхэн амьдралдаа дасан зохицох гэж багагүй хугацаа хүч хөдөлмөр зарцуулсан. Энэ бүхний дундаас түүнд хамгийн хүнд хэцүү дасан зохицож боломгүй зүйл нь дөнгөж гурван настай охиноосоо амьдын хагацал үзэж хол амьдрах болсон нь л байлаа. Бяцхан охиноо санаж зөндөө зүүдэлсэн. Шөнө түүнийгээ зүүдэлж сэрээд мэгшүүлэн уйлах удаа ч олон байсан. Сэтгэлийн хаттай, шаргуу зангийнхаа ачаар өнөөдөр тэрээр ямар ч атугай өөрийн гэсэн орон зайгаа тэлсэн. Ажилдаа амжилт гаргаж нэлээн сайн цалинтай Германы санхүүжилттэй төсөл дээр ажиллаж байгаа билээ.
Гэтэл гэнэт өнөөдөр Дэвид хаалга тогшсоор шинэхэн эхнэр, төрөөд удаагүй нялзрай охин бүр түүгээр ч зогсохгүй шинэхэн хадам ээжээ дагуулсаар зочлон иржээ. Герман хүний ёсоор уулзах гэж буйгаа урьдчилан хэлсэн боловч ийм олон урилгагүй зочид дагуулан ирнэ гэдгээ хэлээгүй билээ. Охин нь ээжийгээ хараад бишүүрхэж буй бололтой доошоо харж гар хуруугаа оролдсоор байв. Өвөр дээрээ суулгаад энгэртээ наахад охин нь битүүхэн санаа алдсанд Навчаагийн зүрх шимширлээ. Энэ хэдэн жил хол байснаас болоод охинтойгоо хааяахан уулзсан. Эх хүн үрээсээ хагацах амьдын хагацал үзэх хамгийн хэцүү нь байж билээ.
Дэвид дахиад нэлээн жин нэмсэн харагдана. Берлинд очоод хийсэн ажлынхаа зах зухаас жаахан ярилцав. Түүний ярианаас ажил хэрэг нь тийм ч амжилттай биш байсан тул буцаж Монголд ирж суурьших болсныг нь Навчаа ойлгож мэдлээ. Тийм ээ. Германы нийгэм бол эдийн засгийн хувьд өрх гэрийн хэн нэг нь зүтгээд бүтчихдэг нийгэм биш. Тэгээд ч Монгол мэтийн бага буурай оронд өндөр цалин аваад амташчихсан Дэвидэд мэдээж таарах ажил олдоогүй нь лавтай гэдгийг Навчаа төвөггүй ойлгов. Гэрэлсүрэн бол Навчаа биш. Тэрээр хамтын амьдралын утга учрыг мөнгөтэй нөхрийн мөнгийг хэрэгтэй хэрэггүй гоёл чимэгт үрэн таран хийх, нүдээ бүлтийтэл гангалах төдийхнөөр ойлгодог бүсгүй. Навчаа шиг Дэвидэд шударгаар хандахгүй. Нүүрэн дээр нь уруул дэвсэн нялуураад мөнгө олохгүй бол ар хударгаар нь яаж ч мэдэх хөнгөн хүүхнүүдийн л нэг. Харамсалтай нь Дэвид энэ бүх ялгааг ойлгож мэдэхгүй. Дэвидийн ядрангуй царайг хараад Навчаад түүнийг өрөвдөх сэтгэл төржээ. Эр хүн заримдаа дэндүү тэнэг байх юм даа.
Навчаа энэ олон хүн дагуулсаар ирсэн Дэвидийн айлчлалын учрыг өдий хүртэл олж ядан сууна. Өөрийнх нь хүүхдүүдийн мах цусны тасархай гэсэндээ охиных нь багатай тун адилхан бяцхан охин эхийнхээ энгэрт сарвалзан гангар гунгар хийн амандаа дуугарах нь хайрлахгүй байхын аргагүй. Навчаа тэр бүх хүйтэн хөндий байдлыг эвдэн сарвалзах тэр улаан нялзрай охиныг авчирсанд Дэвидэд дотроо талархан суулаа. Хүү нь аавыгаа ирсэнд бүр шинэхэн дүү дагуулж ирсэнд нь бөөн баяр хөөр болжээ. Навчаа Гэрэлсүрэнгийн охиныг удтал эрхлүүлэн өхөөрдөж ээжийнх нь өвөр дээрээс авч тэврэв. Хүүхэд гэж гэм зэмгүй энэ л цагаахан ертөнц ямар ч гомдол хорсол муу муухай бүхнийг цайруулж гэгээрүүлдэг мэт. Салсан үеэсээ бүр охиныг нь аваад амьдын хагацал учруулсан Дэвид Гэрэлсүрэн хоёрыг үзэн ядах тэр л хар хорын сэтгэлийг нь энэ бяцхан амьтан ингээд анагааж эдгээх увдистай ч юм шиг Навчаад санагдаж байлаа.
Орж ирсээр ярианд оролцохгүй ч эргэн тойрныг сүрхий ажигч гярхай нүдээр харж сонжсоор суусан Гэрэлсүрэнгийн ээж ам нээж:
"Энэ хэд маань ирсээр тохитой тухтай гэр оронгүй. Манайх гэж айл ам бүл олонтой зутруухан л байна даа.” гэсээр сая нэг яриа өдөв. "Эд маань эндээ суурьших ч бололтой. Охин минь би танай байрыг Дэвид та хоёрын нэр дээр байдаг гэж дуулсан.”
Навчаа түрүүнээс хойш энэ авгайн ирсэн учир энэ л байж дээ. Чааваас даа гэж бодож амжив. Тэрээр тийм ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй Дэвид рүү харцаараа асуух адил цоргин харав. Дэвид Навчаагийн энэ харцнаас дальдичлаа. Хүний шунал гэж. Би эдэнд нөхрөө охиноо хамгийн хайртай бүхнээ өгсөн биш билүү. Яасан ичих нүүрэндээ элэг наачихсан хүмүүс гэхээрээ ийм байдаг байна гэж бодохоор тэдэнтэй цааш яриа өрнүүлэх хүсэл ч чадал ч Навчаад байсангүй. Одоо миний гэрийг надаас булаах гэж л иржээ. Гэтэл миний бодож байдаг гэж л дотроо бодож суулаа.
"Охин минь чи эрдэм мэдлэгтэй, боловсролтой, чадалтай хүн. Энэ хэдийгээ ядарч зүдэрсэн үед нь байр сууцаа багасгаад ч юм уу нэг тус болно байгаа” гэж тэр авгай огт ичиж зовсон шинжгүй яриагаа үргэлжлүүлэв. Навчаа:
"Тэр ярихгүй ээ. Энэ чинь миний гэр. Би Дэвидтэй суугаад 10 хэдэн жил ханилахдаа бараг өөрөө өөрөөсөө харамлан байж цуглуулсан хэдэн сая төгрөгийн хадгаламжаа та нарт өгөөд явуулсан. Одоо боллоо. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг юм.” гэж хэлмээр байв.
Энэ авгай Гэрэлсүрэн хоёр бол ингэж хэлэхээсээ ичихгүй байж магад. Харин Дэвид үнэхээр үүнийг хүслээ гэж үү гэж Навчаа бодоод Дэвид рүү дахин харлаа. Дэвид гөлөлзөн харцаа бууруулсан ч юу ч хэлсэнгүй. Навчаа түүнийг арай ч ийм арчаагүй хүн гэж бодоогүй билээ. Дээрээс нь ийм хүн чанаргүй хүн гэж төсөөлөөгүй. Заримдаа Навчаад хэрвээ Дэвидийг уучилсан бол яах байсан бол гэж бодогдох үе ч байв. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй, өөрийг нь хуурч араар тавьсныг нь уучлаад, нүдээ аниад цааш хамтдаа амьдарсан бол болох ч байсан юм шиг санагдах удаа түүнд бас байсан. Харин одоо бол би даанч харалган байж дээ. Түүний сул дорой занг нь давуу тал болгон хайрлаж явсан миний энэ тэнэг толгой юу. Ийм хүнээс эртхэн салсан нь ч болжээ гэж бодлоо. Гэнэт Навчаад ЭДЭНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛИЙГ НЬ ӨГӨӨД ӨӨРТӨӨ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ АВАХ БОЛОМЖ БАЙГААГ УХААРАВ.
"Би тэгвэл оронд нь охиноо өөр дээрээ авна. Та нар энэ байраа аваарай.” гэж эрсхэн хэлэв. Дэвид гөлөлзөж нүүрээ буруулсан ч үг дуугарахгүй байгааг бодвол Навчаагийн энэ саналыг хүлээж авч байгаа бололтой. Тэднийг гэрээс гармагц Навчаа хаалгаа тас хийтэл нь хаалаа. Алгын чинээ охиноороо наймаа хийчихсэн тэр арчаагүй аавыг тэр урьд урьдаас бүр илүүтэй өрөвдөж байлаа. Миний гэрийг ав. Гэхдээ миний охиныг миний амьдралыг та нар надаас авна гэж бүү горьд гэж Навчаа хаалга налж зогсонгоо амандаа хэллээ.
Балтсүхийн Эрхэмбаяр
Улаанбаатар хот
2009 оны 10 дугаар сарын 07
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22197
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих