Зарим нэг учиртай "толгойнууд" "Таван толгой"-г Үндэснийхээ компанид "өвлүүлсэн нь дээр" гэдэг хувилбарыг хүчтэй ярьж, хамхуул шиг нөхдүүдийг лоббидохыг оролдож байгаа мэдээлэл саарал ордны өрөө бүрээр тэнүүлчилж байна. Хэрэвзээ үндэсний гэгдэх MCS болоод түүний "Энержи Ресурс”-т өгчихвөл Тавантолгойг ашиглах, ашиг шимийг нь хүртгэх ажил ямар нэгэн асуудалгүйгээр урагшлах юм гэнэ. Бас "Тавантолгой нэг их ач холбогдолгүй" тухай ч ярьж.
Битгий хуцаад байгаарай. Тавантолгой ач холбогдолгүй гэхийг чинь захын нохой ч зөвшөөрөхгүй. Түүний ач холбогдол хийгээд монголчуудад, монголын эдийн засагт ямар үр өгөөжтэй нөлөөтэй болохыг судлаач Д.Ганхуяг тов тодорхой бичсэн байдаг юм.
Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой чинь Монголын ард түмний өмч. Төр өөрөө үүнийг зарлаж хувьцаа эзэмшүүлсэн атал өдгөө хувьцаа эзэмшигчдээс нь хэрхэх тухай ганц үг асуулгүйгээр өрөнд идүүлж өтөнд баригдсан компанид өгнө гэдэг чинь ариун явдал мөн үү.
Битгий хуцаад байгаарай, тэгж ярих юм бол Тавантолгой аль хэдий хөдөлчихсөн юм шүү. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар "Тавантолгойн хоолойг боомилохоос өмнө" шүү. Тэд БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой "Чалко” компанийг сонгон шалгаруулалтаас дэгээдэж авсаныг бүгд мэдэж байгаа.
Ингээд 2011 оны долдугаар сард "Чалко” компанийн ерөнхийлөгч Лоу Жиан Чуаныг Монголд ирэхэд С.Батболд, Д.Зоригт нараас гадна "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нар гэрээг гардан боловсруулан хийгээд 350 сая ам.доллар аваад салхинд хийсгэчихсэн юм шүү дээ. Хэрэв тэд авсан мөнгөө зөв "үрж" чадсан бол Тавантолгойн хувьцаа эзэмшигчид зохих хувиа хүртэж, Монголчууд сэтгэл хангалуун явах байв. Харамсалтай нь Хятадын компанид өр тавин байж авсан 350 сая ам доллар 2012 оны сонгуулийн өмнө шоу хийж цацаад дуусгасан даа. Ямар ч өгөөж, үр бүтээл байгаагүй. Нэг ч цэцэрлэг, сургууль баригдаагүй. Нэг ч эмнэлэгт үүнээс хөрөнгө оруулаагүй. Нэг ч өрхийн үйлдвэрийг дэмжээгүй. Нэг ч км зам тавигдаагүй. Ийм л юм болсон.
Гэтэл Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байхдаа "Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани "Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцдаа Тавантолгойг Монголын ард түмэнд хүртээмжтэй биш зөвхөн ходоодгүй мангасын хоол болох гэж байсныг олон нийтэд дэлгэснийг хэн эс андахав.
"Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани "Энержи Ресурс”-ийн өр зээл
-Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум
ам.долларын "Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц,
нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг
нь бүгд EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна гэсэн дүгнэлт гаргасан.
-"Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд
болох "Mongolian Coal Corporation” (Luxemburg), "Mongolian Coal
Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох "Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.
-"Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох "Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох "Энержи Ресурс Майнинг” ХХК, "Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна. Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна. Тэгэхээр "Энержи Ресурс” ХХК нь энэ хэмжээний өглөг зээлтэй болж таарах нь.
"Энержи Ресурс” ХХК, "Энержи Ресурс Корпораци” ХХК, "Mongolian Coal
Corporation” S.a.r.l (Luxemburg), "Mongolian Coal Corporation” Ltd (HK),
"Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их
хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иймээc ийм их
өр зээлтэй компанид "Тавантолгой”-н ордыг ашиглах эрх олгоно гэдэг хоттой хэдэн хонио өөрөө чонын аманд тавиад тууснаас ялгаа юу байх вэ. Иймээс Тавантолгойн асуудлыг дахин дахин хэлэлцэж, Монголд ашгаа өгөх хувилбарыг л сонгох нь зүйтэй. Зарим гишүүдийн хэлсэнчлэн, эдийн засаг хүнд байна. Бидэнд мөнгө хэрэгтэй гэдэг сэтгэлээр харж, өнөөдрөө бодон Тавантолгойгоо "тавьчихвал” бид "Оюутолгой”-той адил хоосон үлдэх магадлал тун өндөр байна. Иймээс "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал
хиргүй” гэдэг юутай үнэн үг болохыг Таван толгойн гэрээн дээр харуулаад
өгөх хэрэгтэй.
Иргэд хувь эзэмших эрхийг мартав уу Та нар...
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт "Монгол Улсын
иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг,
ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд
Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй
Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг
хувьцаатай "Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан
хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй
эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр
худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах
зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх
шийдвэр гаргасан.
УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Иймээс Монгол түмний ганц хүсэл бол "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээж, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийг олгохыг л хүсэж байгаа. Гэтэл ийм их хэмжээний өртэй "Энержи Ресурс” ХХК тус ордыг захиран зарцуулах эрхийг атгавал ард түмэнд энэ ашиг ирэх үү, улс орон минь 51 хувиа эзэмших үү гэдэг эргэлзээтэй болох юм.
ТАВАН ТОЛГОЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 09.
Зээлийн рейтинг, эрсдлийн судалгаа анализаар мэргэшсэн, олон улсын нэрд гарсан агентлаг "Moody’s” дэлхийн коксждог нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлын талаар явуулсан судалгааныхаа дүнг гаргажээ. Таван Толгойн талаар шийдвэр гаргах гэж байгаа энэ хариуцлагатай үед энэхүү судалгааны дүнгээс маш товч танилцуулах нь монгол судлаач миний үүрэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш товч юмыг өөрөө мэдээд бүр их товчилж мэдээ төдий болгож байгаа юм.
Харин юу ч мэдэхгүй байж, юу ч хийхгүй байж эх сурвалж нь хаа байгаа юм, баталгаатай юм уу энэ тэр гэж битгий хуцаад байгаарай. Сурвалж нь "Moody’s” гэж би дээр дурдсан. Би зүгээр л "мэдээлэл нэхэж” байдаг алхаг залхуу, хэт сониуч атлаа юу ч хийдэггүй усан тэнэгүүдэд заавал "байцаагдаж”, "тайлагнаж” байх албагүй…
Коксждог нүүрсний үнэ буурсан нь дэлхийн коксждог нүүрсний үндсэн хэрэглэгч болсон хятадын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоос гадна дэлхийн эдийн эдийн засаг дахь нийтлэг таагүй байдалтай холбоотой юм.
Хэдийгээр Хятадын засгийн Газар коксждог нүүрсний нийлүүлэлтийн үзүүлэлтийг багасгах, эрэлт нийлүүлэлтийн зохих тэнцвэрийг хангахыг эрмэлзэж байгаа боловч 2016 он хүртэл нүүрсний үнэ эрс өсч чадахгүй юм.
Нөгөө талаас, далайн тээврээр дэлхийн коксждог нүүрсний 50%-ийг хангадаг австралийн компаниуд нийлүүлэлтээ багасгахыг хичээхгүй байгаа нь үнэ дахин сэргэх боломжийг хязгаарлаж байна.
Хятадын зах зээл дээр эрэлт нь өсөхөөс нааш коксждог нүүрсний үнэ дахин сэргэх боломж байхгүй шахам. Учир нь хятадын зах зээл дэлхийн бүх нүүрсний 60%-ийг эзэлдэг.
Ийм нөхцөл байдлын улмаас дэлхийн томоохон компаниуд, түүний дотор "Arch Coal”, "Alpha natural Resources”, "Walter Energy” болон бусад компаниуд санхүүгийн хүндрэлд ороод байна…
Монголын хувьд гэвэл тухайн асуудлаар австралийн экспортлогчдыг мэдэгдэхүйц шахаж чадсан хэдий ч ложистик гэсэн өөр асуудалтай тулгараад байна. Монголд дэлхийд томоохонд орох коксждог нүүрсний ордын нэг болох "Таван Толгойн” орд байдаг ба түүний нөөц нь ойролцоогоор 2,6 миллиард тонн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтын жилийн хэмжээг 5 сая тонн хүргэн ихэсгэж болох ба чингэхдээ энэ бүх нүүрс хятадын зах зээлд зориулагдах юм.
Гэхдээ энэ орд газрын экспортын бодит чадавхи нь (потенциал) төмөр замын нэвтрүүлэх чадвараар тодорхойлогдох юм.
Дэлхийн банкны үнэлгээгээр тээврийн энэ коридорыг өргөтгөхөд шаардагдах
хөрөнгө оруулалтыг олборлолтын боломжит хэмжээ нь бүрэн нөхөж чадна.
Ямар ч тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын зах зээлээс шахан гаргах болно. Хятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны улмаас ашигтай байгаа юм.
Монголд бас нэг экспортын чиглэл бий болов. Энэтхэгийн ган хайлуулах төрийн "SAIL” компани Монголд төмрийн хүдэр, коксждог нүүрс олборлохоос гадна ган хайлуулах үйлдвэр барих боломж хайж байна. Гэхдээ "SAIL” Энэтхэг рүү экспортоо яаж хийх асуудал одоохондо ойлгомжгүй байгаа юм.
"Таван Толгойн” ордын оператор "Energy Resources” оросын "Evraz” групп,
улмаар оросын төмөр зам (РЖД)-тай гэрээ байгуулан Монголын нүүрсийг
Оросоор дамжуулан цааш нь далайн замаар Зүүн-Өмнөд Азийн орнуудад гаргах
ложистик хэлхээний талаар ярилцсан байна.
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих