УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн суурийг тавихад түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Иймд түүний амьдрал, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн түүхэн үнэнийг олон нийтэд таниулж, алдар гавьяаг мөнхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа. Засгийн газраас дэмжсэн саналаа өчигдөр ирүүлсэн учир удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.
Уг тогтоолын төсөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах комисс байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг Монгол Улсын Түүхийн музейд байршуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардал зэрэг асуудлуудыг тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих