УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2017.01.31/ хуралдаанаар тус Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолын хэрэгжилтийн талаархи танилцуулгыг сонсож танилцав. Тус Байнгын хороо МҮОНРТ-ийн ажиллагсдын түр хороо, хамт олноос ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын хэсэг гаргаж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, ерөнхий захирал хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг, мөн төрийн холбогдох мэргэжлийн байгууллагууд МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгасан талаархи дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд Байнгын хорооны 2016 оны 07 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмж, Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлынхаа талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Байнгын хороонд танилцуулга ирүүлсэн байна.
МҮОНРТ-ийн үйл ажиллагааг шалгаж танилцаад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, мөн тус байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежментийн байдалд төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шалгалтын мөрөөр илэрсэн алдаа дутагдлыг засах, дахин давтахгүй байх, хариуцлага, сахилгыг сайжруулах чиглэлээр Үндэсний зөвлөл зарим тодорхой арга хэмжээ авч эхлээд байгаа. Тухайлбал, өмнөх ерөнхий захирал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалтын үндсэн дээр шинэ ерөнхий захирлыг томилж, байгууллагын дотоод журам, Үндэсний зөвлөлөөс ерөнхий захиралтай байгуулах Хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа, МҮОНРТ-ийн хэмжээнд хэрэгжүүлэх "Сайн засаглал” хөтөлбөр баталсан зэргийг дурдсан байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг боловсронгуй болгох, байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн зарим саналаа илэрхийлжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Эцэст нь Байнгын хорооны дарга Н.Энхболд олон нийтийн радио, телевиз нь өөрийн гэсэн хуультай байгууллага учраас Үндэсний зөвлөлөөс тавьсан саналуудыг анхаарч судалж үзэх, цаашид тус байгууллага нь хуулийн хүрээнд бие дааж хараат бусаар ажиллах, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад Байнгын хороо анхаарч ажиллах болно. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны гишүүд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл санаачилж болох юм гэдгийг хэллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих