"Оройтсон бороо”, "Ээжийн нутаг”, "Насанд олдсон хайр ” зэрэг олон сайхан дуугаараа ард түмэнд танигдсан соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч М.Бямбажав "Түмэнтэйгээ ” тоглолтоо хийх гэж байна. Түүнийг түр хүлээлгэлээ.
-"Түмэнтэйгээ” тоглолтын онцлог юу вэ?
-Өмнө нь гавьяат жүжигчин Н.Чулуунхүү болон бусад уран бүтээлчтэй хамтран 10 гаруй тоглолт хийсэн. Энэ тоглолт миний бие даасан 11 дэх тоглолт болж байна. Энэ тоглолтод маш их ач холбогдол өгч байгаа. Тоглолтоо өвөрмөц байлгах гзж хичэзж байна. Хөгжмийг амьд хөгжмийн хамтлаг тоглоно. Зарим хүмүүс чанга хөгжим сонсох дургүй байдаг учраас дуугаа гитартай дуулна. Мөн тайзаа мэргэжлийн, өндөр төвшинд засна. Тоглолтын нэрийн хувьд Монголын ард түмний хөг аялгуугаар хөглөгдөж 30 гаруй жил дуулжээ. Тийм ч учраас "Түмэнтэйгээ” гэж нэрлэлээ. Би бүжигчин байсан. Тиймээс зарим хүмүүс "Бүжиглэх үү” гэж асууж байна. Аягатай биелгээ хийчихээр дараа нь амьсгаадаад дуулж чадахгүй юм болов уу гээд л эргэлзээд байна.
-"Оройтсон бороо” дууг дуучин Т.Аминатай хамтран дуулсан байна. Яагаад түүнтэй хамтран дуулах болов?
-Би бүжигчин байсан. Дараа нь язгуур урлагаар хичээллэж, хөөмийчин ч явлаа. Сүүлдээ ая зохиодог болоод дараа нь дуулдаг болсон. Тиймээс "Оройтсон бороо” дууны хөгжмийн найруулгыг эстрад маягт оруулъя гэж бодсон л доо. Анх нийтийн дуучдын Гансувдтай хамтран дуулъя гэж бодсон. Дараа нь Б.Маралжингоо, А.Хишигдалайтай хамтарвал зүгээр ч юм шиг санагдлаа. Тэгж явсаар Улсын филармонийн гоцлол дуучин Т.Аминатай хамтран дуулвал илүү зохимтой санагдаад түүнийг сонгож дуулсан.
-Өөр ямар дуугаа шинэчлэн дуулах вэ?
-Энэ удаад бүх дууны хөгжим, аялгууг орчин үетэй нийцүүлэн шинэчилж маш гоё болгосон."Мартагдашгүй хайр”, "Үгүйлж явъя нэгнийгээ”, "Оройтсон бороо” "Хайрын совин” зэрэг 1990-ээд онд бүтсэн дуунууд бүгд клипгүйгээр ард түмэнд хүрсэн байдаг. Тийм учир энэ дөрвөн дууг шинэчлэн дуулж, клипжүүлсэн.
Урлаг бол ард түмний мөнхийн бүтээл байх ёстой. Тиймээс 1987 онд бүтээсэн дууг 2017 онд дүрсжүүлж байна. Мартагдсан бол орхичих л байсан. Гэвч ард түмэн хүссэн учраас хуучны дуунуудаа шинэчлэн дууллаа.
-Тоглолт "Ub palace’’-ын концертын танхимд ганцхан удаа болох юм билээ. Хөдөө орон нутт сонсогчид таны тоглолтыг үзэхийг хүсч байгаа байх. Хэзээнээс аялан тоглолтоор гарах вэ?
-Хоёрдугаар сарын 4-нд "Ub palace' концертын танхимд тоглоод дараа нь баруун аймгуудаар аялан тоглолт хийнэ. Хоёрдугаар сарын 8-нд Архангай аймагт, 9-нд Өвөрхангай. 10-нд Баянхонгор, 11-нд Говь-Алтай, 12-нд Ховд, 13 Увс, 14-нд Увсын Өндөрхангай суманд, 15-нд Завхан, 16-нд Хөвсгөл, 17-нд Булган, 18-нд Эрдэнэт. 19-нд Сэлэнгэ, 20-нд Дарханд тоглоно. Гуравдугаар сард зүүн аймгуудаар тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
-Таныг дуулахаас гадна ая зохиодог гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Та хэчнээн дууны ая зохиосон бэ?
-Би цэргээс дөнгөж халагдаад, 19 настайдаа "Оройтсон бороо” дууны аяыг зохиож байлаа. Түүнээс хойш "Намирын гол”, "Буянаар учирсан амраг”, "Байна уу, байна уу цагдаа”, "Учрахын хүслэн”, "Заавал уулзах тавилан” зэрэг 100 гаруй дууны ая зохиосон. Багштайгаа хамтран бүтээсэн олон дуу бий. Ая зохиогч, хөгжмийн зохиолч гэдэг хоорондоо ялгаатай. Миний хувьд хөгжмийн сургууль төгсөөгүй учраас ая зохионо гэдэг байгалиас заяасан авьяас юм болов уу гэж боддог. Зохиосон дуу маань ард түмэнд хүрсэнд баярлаж явдаг.
-Гитар таны амьдралын туршид үнэнч "найз” байсаар ирсэн байх аа?
-Тийм шүү. Гитар тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тухайн үед гитараас өөр хөгжим, МҮЭСТО-оос өөр тайз байсангүй. Тэгэхэд бид Улаанбаатарт долоо хоног тоглодог байсан. Тоглолт хийхдээ гитартайгаа бүх дуугаа дуулдаг байлаа шүү дээ.
-Ард түмэн таныг хэдийнэ гавьяатад өргөмжилсөн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ард түмэн намайг үнэлсэн учраас өөрийгөө үнэлэхгүй. Гавьяа шагнал горьдож явдаггүй. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд авах ёстой шагналаа авсан. Энэ одонгуудаа зүүгээд явж байхад надад дүүрэн байдаг юм. Түүнээс гавьяат жүжигчин цол авсангүй, өгсөнгүй гэх бодол, гомдол надад байдаггүй.
Р.РЕНЧИНДУЛАМ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих