УИХ-ын 2016 оны сонгуульд улс төрийн гуравдагч хүчнүүд тун амжилтгүй оролцсон билээ. Тухайлбал М.Энхсайханы удирдсан МҮАН болон шинээр байгуулагдсан ч сонгогчдын дунд рейтинг тун өндөр байсан Хөдөлмөрийн Үндэсний нам УИХ-ын сонгуульд огт оролцоогүй.
Харин Иргэний Зориг-Ногоон Нам, Г.Уянгын удирдсан Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл, Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, С.Ганбаатар нарын "Эх Орончдын Нэгдсэн Эвсэл" зэрэг хүчнүүд парламентын босго давж чадаагүй бөгөөд ганцхан Орхон аймагт нэр дэвшсэн О.Баасанхүү л УИХ-д сонгогдсоноор Н.Энхбаяр даргатай МАХН парламентад суудал бүхий нам болж чадсан юм.
Гэсэн хэдий ч Н.Энхбаяр даргатай МАХН-ын байдал тун хүнд болж буй аж. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН, МАХН-ын эвсэл байгуулах хэлэлцээр бүтэлгүйтмэгц МАХН-аас МАН руу хөврөх "их нүүдэл" эхэлсэн бөгөөд одоо бол бүр даамжирч, зарим аймгийн намын хороод нь тэр чигээрээ МАН-д "дагаар орох" болжээ.
Яг үнэндээ одоо Н.Энхбаярын дэргэд томоохон гэгдэх улс төрчдөөс УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, З.Баянсэлэнгэ нар л үлджээ.Иймээс ч МАХН-ынхан намаа бэхжүүлэх, олон нийтийн дэмжлэгийг авахаар шинэ залуу улс төрчидтэй тогтмол уулзаж, санал солилцож байгаа юм байна. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ч Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр биечлэн уулзаж, МАХН-ын гишүүнээр элсэж, цаашид улс төрд хамтран зүтгэхийг санал болгосон гэнэ.
Тус намын парламент дахь цор ганц төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч МАХН их хурлаа хийж, намын удирдлагыг шинэчлэх шаардлагатай гэж үздэг тул С.Ганбаатарыг намдаа элсүүлэхийг дэмжиж буй ажээ.
Ч.Явуухүү
sonin.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22425
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих