Өнөөдөр буюу 02 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Төв номын санд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхимын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл, аймгийн Төв номын сангийн дарга Ж.Цагаан болон холбогдох албаны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2016 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал хөтөлбөр”-ийг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн. Тус танхимыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгуулж байгаа ажээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дээрх иргэдэд зориулсан уншлагын танхимтай болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоо нэмэгдэж, тэдний танин мэдэх боломжийг дээшлүүлсэн, үр дүнтэй ажил болно гэдгийг онцлов.
Манай аймгийн хэмжээнд 4175 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг, тэдгээрээс 300 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Уг танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан DAISY, И брайль технологи, мөн Монгол хэлний ярьдаг программ зэргийг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн танхимыг гэрээр олгодог номын сангийн хажууд байрлуулан тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй зэрэг цогцоор нь шийдэж өгсөн нь онцлог юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, танин мэдэх оюуны үйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийж Монгол улсын хэмжээнд анхны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сантай болсонд хүрэлцэн ирсэн төлөөлөл туйлын талархалтай байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22436
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих