1. Парламентын засаглал-том гүрнүүдийн тоглоом
Парламентийн засаглалтай орнуудын сонгодог жишээ болгож Английг нэрлэх нь олонтоо. Ардчилсан төр засгийн үлгэр жишээ болохоор загвар, бүдүүвч Английн төрийн байгуулал үнэндээ мөн үү?
"Их Британийн Үндсэн хууль” гэж оноож нэрлэсэн тусгай ном, товхимол байхгүй. Парламент нь хоёр танхимтай гэвч дээд танхимын гишүүд нь сонгуулиар тодордоггүй, зөвхөн доод танхим нь сонгуулийн үр дүнд бүрэлддэг. Засгийн газраа албан ёсоор "Хатан хааны засгийн газар” гэж нэрлэдэг. Английн улстөрийн намууд парламентаасаа төрж гарсан юм.
Английн намууд зөвхөн хөрөнгөтний давхрааны бүтээгдэхүүн. Түүхэн талаасаа ч тийм, өнөөдөр ч мөн тийм шинжтэй. Их Британий улс төрийн амьдралд хатан хааны нөлөө хэрэг дээрээ тун их. Парламентын доод танхим улстөрийн институцийн хувьд нэр хүнд муутай, хэврэг, хялбархан тарааж болдог, хатан хаан, ерөнхий сайд, дээд танхимын хувьд доод танхим нь нилээд шоовдорлогдмол гэхээр байр суурьтай. Төлөөлөгчдийн танхимаараа "Тоглох” нь байнгын шахам...
Их Британий хатан хаан, сурвалжит язгууртнууд л төр засгаа жинхэнэ утгаар зайдагнаж иржээ. Хамгийн дээд сурвалжит язгууртан нь хатан хаан өөрөө, түүний гэр бүлийнхэн. Өмнөх бүх уламжлалаа хадгалах, хэрэгтэй үед нь сэргээн хэрэглэж байхын тулд хааны эрх ба нэр төрийг зориуд хэвээр нь шахам үлдээж чадсан нь олон утга учрыг үүддэг.
Английн сурвалжит язгууртнууд болон баячууд нэгдүгээрт, улс үндэстэн дотроо хэрхэн, яаж хуваарьгүй ноёрхож байх, хоёрдугаарт колончилж байсан, хараа нөлөөндөө барьж, мөлжиж байсан харь улс орнуудыг, хэрхэн яаж шинэ шилмэл аргаар үргэлжлүүлэн мөлжиж завших вэ гэж л бодож, бодлого боловсруулж, иржээ.
Тэдний амжилттай хэрэглэж чадаад, бас бусад мөлжигчдөд туршлага болгон нэвтрүүлсэн нэг шилмэл арга бол эзэн байсан орны хүчинд дулдуйдан байгуулагдсан улстөрийн нам ба мөнхүү намынхан олонхи болсон парламент, тэрхүү парламентаас байгуулсан засгийн газар юм.
Колони хараат, дагуул байсан бага буурай оронд төр ба нийгмийг ардчилж байгаа нэрээр улстөрийн олон нам байгууллагддаг. Эзэн байсан гүрэн ч энэ үзэгдлийг ихэд өөгшүүлдэг. Ардчилал нэрийн доор болж өгвөл анархизмыг буй болгохыг "Эзэд” санаархдаг. Дараа нь хамгийн хуучинсаг, чамгүй анархи, луйвар ба авлигад эртнээс гаршсан нэг намыг сонгож аваад гаднаас нь тордож эхэлдэг байна.
Мөнхүү намыг тордсоор, ил далд дэмжсээр, улс үндсээ худалдаж чадах, далдуур сэм хуйвалдаж эх орноосоо урваж шарваж чадах хүмүүсийг удирдлагад нь гаргаж "Тодруулдаг” ажээ. Эцэст нь ээлжит сонгуульд хэрэгтэй мөнгө гаргаад "Хилийн чанад дахь хатан хааны номер гурав, номер дөрөв... дэх засгийн газар” захиалга ёсоор бэлэн болох нь тэрээ... "Олон намыг байгуулжээ хө, онцолж нэгийг нь олзолноо хө, олзолсон ганцаа түшээд олзны ихийг хураанаа хө” гэх маягийн дуу үггүйгээр аялаад л шинэ колоничлогч хуучин суудалдаа суучихдаг нэг хүчтэй, шалгарсан арга чингэж боловсрогджээ. Одоо энэ аргыг том, хүчирхэг улс үндэстэн бүр хэрэглэх болов.
XVII зуунд Америкчууд парламентын засаглалыг сонгож авсансан бол мөнхүү шилмэл аргачлал дэлхийд дангаараа ноёрхох байлаа. Бидний аз болоход түүхийн тийм эгшин тохиосонгүй. Дотоод дахь өрсөлдөөндөө ялж гарахын тулд гаднын хүчинд дам, далд дулдуйддаг хүчин бол гол төлөв улс төр-бизнесийн элдэв бүлэглэл байдаг. Харин шударга, эх оронч хүн, үндэсний баатар, үндэстний эцэг, суут ухаантан хувь хүмүүс бол гагцхүү дотоодын хүчинд, ард түмнийхээ хүчинд л тулгуурлан гарч ирдэг, эргээд зөвхөн ард олондоо л үйлчилдэг жамтай. Ард түмнийхээ итгэлийг үйл амьдралаараа олж чадсан удирдагч, тэмцэгч хүн хэзээ ч урвагч болдоггүй.
Гэтэл намын нь шинж байдлаас хамаараад аль нэгэн намын дарга урвагч байж болно, луйварчин ч байж болно. Намын удирдах цөм нь дан гэмт хэрэгтнүүд, урвагчид, бузар хуйвалдагчид ч байж болно. Орчин цагийн намууд бол үнэхээрийн олон зүсмийн хүч, олон янзын бүлэглэл, нөхрөөс эхлээд дайсан хүртэлх интервалд оршигч нэгжүүд болж хувирчээ. Тэдний зарим нь эх орон, ард түмнийхээ хувь заяагаар хэдэн арван жил, бүр зуун дамнуулан тоглож байна...
"Хагал, бутарга хуваа! Тэгээд ноёрх!” гэдэг номлолын шаардлагад яг дүйцэхүйцээр хэмжээнд хүртлээ хуваагдаад, эргэж өөр хоорондоо мөргөлдөх болсон улс төрчид дорхноо л гадныхны зууш болохоор иржээ. Гадны, харийн хүч бүр тэгэхээс тэгэх гэж хамгийн бохир, бүдүүлэг нам ба хүчнийг дэмжиж, тэдний гараар могой бариулдаг байна.
Байгалын баялаг нь, мөн ард түмний бүтээсэн бүхэн нь гадагшаа хямдхан урсдаг, хил дотроо үлдсэн өчүүхэн хэсэг нь цөөхөн баячуудын гарт бүхлээрээ орчихдог болохоор ядуу буурай орны нийт хүн амын 80 гаруй хувь нь ядуу, нэн ядуу байдалд зуун дамнан байсаар байдаг ажээ. Нүд хуурах хэмжээний хөгжил, өөрчлөлт нь өч төчнөөн сөрөг үр дагварыг зэрэгцүүлэн үүддэгээс болж жинхэнэ, буцалтгүй дэвшил ер гардаггүй байна. Үзүүлэн төдий өрөөсгөл хөгжил, өөрчлөлт нь буцаад л унаж, ухарч байдаг. Хорь шахам нэрийн ашигт малтмал, эрдэс бодис олборлоод ч, тонн тонноор нь алт мөнгө экспортлоод ч жирийн иргэний амьдрал дээрддэггүй.
Нийт дэвсгэр нутгаараа тооцоход нэг километр квадрат газарт 2-3 хүн оногдож байдаг ч гэсэн хот газар, дэд бүтэц хөгжсөн газарт жирийн иргэнд ТҮЦ мэтийг барих талбай ч олддогүй, Бодлого, зохицуулалт хэрэг дээрээ огт байдаггүйгээс болоод цөөн хотод бүх хүн, үйлдвэр, үйлчилгээ шавааралдан байрлаж, эцэст нь ард иргэдэд амьсгалах агаар ч хүрэлцэхээ байж, ихэнх нь 50 нас ч хүрч чадалгүйгээр элдэв зүсмийн хордлогод орж үхэж үрэгдэж байдаг юм.
Том намууд нь харь орны дэмжлэгтэйгээр ээлжлэн төрийн эрх барьж улс үндсээ үргэлжүүлэн мөхөөж сөнөөж байдаг. Жижиг намууд, хувь хүмүүс, иргэний байгууллагууд тэдэнтэй тэмцээд тэмцээд ямар ч амжилт олдоггүй байна. Хот хөдөөгийн хүн ам, сонгогчид нэгэнт ийм болчихсон тохироо, нөхцлийг ойлгож ухаарч чаддаггүй ба төр засгийн шууд нөлөөний радио телевизүүд үүнийг нуугаад, гагцхүү төөрөгдөл, цаг зуурын сонихон өнгөц үзмэрүүдээр хүмүүсийн оюун санааг саатуулж, сатааруулж байдаг ажээ.
2. АНУ Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон нь
Үндсэн хууль боловсруулах болон төв төрийн засаглалын хэлбэрийг сыыонгон авахдаа ихээхэн анхаарч нягт нямбай хандсан улсын нэг бол АНУ юм. Анхны үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улстөрийн амьдралыг гар биеээрээ, цусаараа бүтээлцсэн туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий дээд сургууль төгссөн, үндсэн хуулийн эрхийг Анли, Франц, Герман, Чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ.
Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байцгаажээ. АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа анхны үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Тусгаар улс болсны дараах 12 жилийн турш дахь улс төрийн амьдралын практик нь ихэээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVIII зууны эцэс дэх үндсэн хуулийн эрхийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж уг үндсэн хуулийг боловсруулжээ.
Анхны үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штатны 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35-81 насны хүмүүс байв. Тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ. Парламентын хоёр танхимын хатуу хяналтын доор ажиллах нэг хүнээр засгийн газрыг удирдуулж, зөвхөн тэр ганц хүнтэй хариуцлага тооцож байх нь зохистой үр дүнтэй гэж тэд үзэцгээжээ.
1787 оны 9-р сарын 17-нд баталсан АНУ-ын үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл болсон юм.
АНУ дахь улстөрийн нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүхтэй... Посткоммунист зарим орны байдлаас үзэхүл заримд нь Оросын нөлөө хараа эргэн ирж байна. Заримд нь өөр нэгэн том, хүчирхэг улсын хүчтэй нөлөө, хамаарал тогтох төлөвтэй байна. Манайд ч гэсэн мөн Хятадын тагнуул туршуултай нам ба Оросын тагнуул туршуултай намын сураг чимээ сонсдох болжээ. Нам шиг намын нэгэн үндсэн шинж бол тэр зөвхөн улс үндсээ л гэдэг, Монгол орон маань, монгол үндэстэн маань, монгол хүн маань бүхнээс эрхэм, бүгдээс дээгүүр гэж гуйвалтгүй тооцдог, тэмцдэг чанар болно.
Парламентын засаглалтай улс орны төв төр ямагт шахам том, нүсэр байх ба засгийн газар нь тогтворгүй, нэгэн сонгуулийн хугацаанд хэдэн ч удаа огцорч болдог. Англид бол төлөөлөгчдийн танхим нь байсхийгээд л тардаг. Энэ танхимын гишүүдийн тоо 651 байдаг боловч тэдгээрийн зөвхөн 40 нь хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэйд тооцогддог...
Парламентын засаглалтай оронд эвслийн засгийн газар байгуулагдах нь элбэг ба тэр нь байсхийгээд задарч тардаг. Засгийн газрууд нь эвсэлд нэгдсэн аль нэгэн жижиг намын элдэв барьцаа, нээнтэгт орж үйл ажиллагаа нь суларч, үр дүн нь багасч буурдаг. Яамдын тоо үндэслэл муутай олширч сайд нарын чанар мууддаг. АНУ мэт том улс орон 8-13 яам ба сайдтай ажиллаж байхад түүнээс олон дахин бага буурай орон 15-20 яам ба сайдтай байх жишээтэй. Шийдвэр гаргах, команд өгөх, ажил эхлэх, дуусах хугацаа байнга шахам сунжирч, хойшилж байдаг нь бас л парламентын засаглалын нэгэн том дутагдал юм.
Английн төрийн нөлөөнд аль нэг байдлаар автан улс төрчид, улстөр-бизнесийн бүлэглэлийн урвалт, шарвалтаас эмээсэн Латин Америкийн олонх улс орон ерөнхийлөгчийн засаглалыг сонгожээ. Английн төр, засгийн нөлөөний эсрэг, түүний шууд оролцоог мах цуснаасаа жигшдэг, үзэн яддаг жинхэнэ эх оронч хүнийг тэд ерөнхийлөгчөөрөө сонгосоор иржээ. Америк тивийн улсуудын хувьд энэ нь амьдрал дээр ач холбогдлоо өгчээ. Тэдний зөв байсныг түүх нэгэнт гэрчилжээ.
3. Болохгүй байгаа засаглалын хэлбэрийг халж өөр хувилбарыг туршиж үзье!
Харин монголчууд бидний хувьд аль нь зөв бол оо? Манай залуусын дийлэнх нь, нэг хүнийг урвуулахад амархан, харин 76 хүнийг бол урвуулах боломжгүй гэсэн хэтэрхий хялбархан тайлбар хийдэг. Гэвч одоо асуудлыг ердийн олонх буюу 19+1 хүн шийддэг болсон шүү дээ! Энэ бас л залуусын хийсэн болчимгүй ажил билээ. Монголын төр залуужихынхаа хирээр л алдаа олныг хийж ирсэн түүхтэй. Одоо ч гэсэн 20-30-аараа нэгдээд ийш тийшээ савлацгааж л байгаа билээ...
Английн төр, засаг одоо Америк тив орчмоос жижиг арал, ольтрог мэт хэнийг ч болов нөлөөндөө авах гээд чаддаггүй юм. Түүний эсрэг дархлаа ийнхүү сайн тогтжээ. Монголчууд бид харин яавал дээр вэ гэж 25 дахь жилдээ бодоцгоосоор л сууна. Цаашид бас үргэлжлүүлэн бодохоос өөр арга үгүй хэвээрээ л байна. Зарим оронд сулхан төр засгийн нөхцөлд ардчилал илүү хурдацтай хөгжиж байхад нөгөө хэсэг оронд чанга, хүчтэй төр засгийн нөхцөлд ардчилал илүү хурдацтай хөгждөг. Ингэхлээр ардчиллын хувь заяа төв төрийн чанга, сулаас төдийлөн хамаардаггүй байна.
Олон нам, олон сонирхлын цуглуулга мэт байдаг парламент нь бизнесийн том бүлэглэлийн нөлөө, шахаа, лоббид элдвээр өртөж тэдний захиалгаар хууль, гаргаж хүн амын зөвхөн чинээлэг, баян дарвхрагад үйлчилж эхэлдэг. Парламент дахь ийм завхрал, гажуудалд ерөнхийлөгчийн хориг л садаа болж, засвар оруулж байдаг. Ард олныхоо жинхэнэ эцэг нь, ивээгч нь болж чадах ерөнхийлөгч буй нөхцөлд намчирхлын гай багасч, хүчтэй ерөнхийлөгч улстөрийн нам бүрээс чадварлаг, шударга хүмүүсийг сонгон авч багаа бүрдүүлэх боломжтой болдог. Жижиг орны хувьд энэ их чухал зүйл.
Нийгэм хөгжиж хүн амын мэдлэг, боловсрол, дээшлэх хирээр төрд үзүүлэх иргэний нийгмийн нөлөө, шахаа ихсэж, үр дүнтэй болсноор төр засаг иргэдийн захиалга, даалгаварыг биелүүлэгч болж хувирах учиртай. Засгийн газрууд нь ганц парламентын төдийгүй иргэний нийгмийн олон байгууллага, хэвлэл мэдээллийн, мэргэжлийн албад ба судалгааны байгууллагуудын хяналтын дор ажиллах ёстой.
Судлаач, профессор Д.Чулуунжав
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22451
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих