Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газрын хооронд 2017-2020 онд улсын хил дамнасан болон хил орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц баялаг, биологийн төрөл зүйлийг хамгаалах, хилийн усыг хамгаалах гэсэн 3 чиглэлийн 14 арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ой, хээрийн түймэр гарах эрсдэл, шатамхайн зэрэглэл ихтэй Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын улсын хилийн шугамын дагуу түймрээс хамгаалах зурвас байгуулах, сэргээх ажлыг гүйцэтгэх асуудал тусгагдсан байна.
Тус газрууд 2013-2016 оны хооронд Монгол Улсын Хил орчмын байгалийн нөөц, баялаг, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлаар санамж бичиг байгуулан хамтран ажиллаж, амжилттай хэрэгжүүлэн манай улс ОХУ-тай хиллэх улсын хилийн дагуу 10-20 метр өргөн, 673.5 км урт шороон болон халз зурвастай болсон байна.
Манай аймгийн хувьд урьд жилүүдэд хийгдсэн түймрийн зурвас татах ажлуудын үр дүнд хойд талаараа ОХУ-тай хиллэдэг улсын хилийн дагуу 360 гаруй км урттай түймрээс хамгаалах шороон болон халз зурвастай болсон. Одоо Баян-Уул сумын Ульхан боомтоос баруун тийш Хэрийн гол хүртэл үлдсэн 20 гаруй км газарт ой хээрийн түймрээс хамгаалах зурвас байгуулах ажлыг 2017 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаас санхүүжүүлэн хийх гэж байна. Ингэснээр манай аймаг түймрийн эрсдэл ихтэй, ОХУ-тай хиллэдэг хилийн дагуу түймрээс хамгаалах бүрэн зурвастай болох юм. Мөн Булган суманд түймрээс хамгаалах шороон зурвас татах ажил энэ онд төлөвлөгдөөд байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих