- Та ямар мод эрээ бэ? гэх бүсгүй хүний дуу гархад нь эргэж харвал, дунд зэргийн нуруутай, зургар хар хөмсгөн доорх янзаган бор нүдээрээ инээмсэглсэн бүсгүй зогсож байв :
- Сийлбэр хийх мод, гэж намайг сандрангуй хэлэхэд
- Тэгвэл та энд байгаа банзнаас дуртайгаа сонгоод авал даа?
- Үгүй ээ? Надад банз биш модон баримал хийчихмээр хуш л хэрэгтэй байна. Яг ийм том гэж хэлээд би дэргэдэх бүдүүн тайрдасыг заав .
- Тэгвэл та намайг дагаад явалдаа? Тэнд ялгачихсан хэдэн мод байгаа гэж хэлээд цааш эргэлээ. Нээрээ л мэргэжлийн сийлбэрчин хүн ялгаад тавьчихсан юм уу? гэмээр алд хэртэйгээр тайрсан яр багатай, цуурч хагараагүй модны дэргэд дагуулж ирэхэд би гайхсандаа дуу алдлаа. Намайг захдуу давхарлаж хураасан гурван модны нэгийг худалдаж аваад буцахад, бүсгүй:
- Та мод авахаар бол дараа хүрээд ирээрэй гэж хэлээд инээмсэгллээ. Би урлан дээрээ ирсэн ч бүсгүйн тухай бодсоор л байв. Түүний дэндүү гэнэн цайлганыг илтгэх борхон нүдний инээмсэглэсэн харцыг яагаад ч юм мартаж чадахгүй байлаа. Түүхэн цуврал баримал хийж үзэсгэлэн гаргах бодлоо ч мартаж түүнд ямар нэгэн гоё зүйл хийж бэлгэлмээр санагдаад тогтож сууж чадсангүй. Удтал бодсоны эцэст "Хунгийн баримал” сийлэхээр шийдлээ. Нөгөө модтойгоо хэд хоног ноцолдсоор далавчаа дэлгэж нисэхээр завдан буй "Хунгийн баримал” сийлж дууслаа. Түүнийгээ аваад нөгөө нэрийг нь ч үл мэдэх бүсгүйтэйгээ уулзахаар модны зах гарлаа. Намайг очиход хэзээний танил мэт инээмсэглэн мэндлээд:
- Та дахиад мод авахаар ирээ юу? гэж асуулаа :
- Тиймээ, гэхдээ чамд бас бэлэг өгөх гэсэн юм, гээд намайг
түгдэрхэд гайхсан янзтай над уруу янзаган бор нүдээрээ дүрлийн ширтэж :
- Юу, ямар бэлэг хэмээн асуухад би нөгөө хунгийн сийлбэрээ гаргаж :
- Чамаас авсан мод чинь ийм зүйл болж хувирсан шүү дээ? гэж хэлэхэд :
- Хөөх, ямар сонин юм бэ? би наад хун шувууг чинь шөнө болгон зүүдэлдэг, нэг их гоё нуурын хөвөөн дээр зогсож байхад миний толгой дээгүүр энэ хун ганганаж эргэлдэж эргэлдэж байгаад л алга болчихдог гэж хэллээ.
Би үүнийг сонсоод гайхсан ч гэлээ, түүний нүд худлаа хэлээгүй гэдгийг нь илтгэж байсан болохоор зориг орж :
- Тэгвэл би чиний зүүдний шувууг чинь хийчихсэн юм байна шүү дээ? гэхэд минь над уруу ширтэснээ :
- Тиймээ, миний "Зүүдний шувуу” хэмээн аяархан хэллээ. Бидний хажуугаар модны захынхан хажуугаар өнгөрөхдөө хэрэгт дурласан байртай ажиглана. Бид хоёр хураасан банз налан, модны тайрдас сандайлж суугаад удтал ярилцлаа. Түүний минь нэрийг Бүжин гэдэг ажээ. Оройхон болж нар баруунаа тонгойсон хойно би дахин мод аваад буцлаа.
Тэр өдрөөс хойш хэд хоног үзэсгэлэндээ бэлтгэн урлан дээрээ өнжлөө. Юу ч хийсэн, хэнтэй ч ярьсан би зөвхөн Бүжингийн тухай л боддог болчихсон байлаа. Түүнийг яагаад ингэтлээ санан мөрөөдөөд байгаагаа ойлгож ядна. Түүнд ийм амархан дурлачихсан гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Уулзалгүй нэлээд хэд хоносоны дараа тэсэлгүй дахиад л модны зах орохоор гарлаа. Бүжин намайг ирэхийг тэсэж ядан хүлээж байсан бололтой царай нь гэрэлтэн ер бусын догдолсон харцаар ширтсэнээ :
- Чи ямар удаж байж ирдэг юм бэ? Би чамайг зөндөө их хүлээсэн, чамд гоё юм хэлэх үү? гэж эрхлэнгүй хэлэхэд нь би :
- Тэгэл дээ? юу юм бэ? гэж асуухад тэрээр дэргэдүүр зөрж өнгөрөх хүмүүсийг харсанаа :
- Нөгөө миний зүүдний хун маань чамайг надад тэр хунгийн модон сийлбэр бэлэглэснээс өдрөөс хойш ганц биш хоёр болчихсон. Одоо шөнө болгон миний зүүдэнд хос хун ирдэг болсон, гээд надтай харц мөргөлдснөө, нэг их дотно инээмсэглэлээ. Энэ үгийг сонсоод би гайхсандаа :
- Тийм үү, Ямар сонин юм бэ? тэгвэл би чамд дахиад нэг хун сийлж өгнө өө. Тэд хосоороо байг: гэж хэлэхдээ догдолсондоо түүний гарыг атгачихсан байлаа. Гэвч тэр миний гарыг тавиулах гэж оролдсонгүй. Энд л бид хоёрын дурлалын хаалга нээгдэж билээ. Би түүндээ түрүүчийн хунгаа бодвол арай томхон хэн ч харсан эр нь байна даа гэж бодмоор хунгийн баримал сийлж өгөв.
Бид хоёр байсхийгээд л уулзана. Модны захын хашаан дотор хураасан банз, овоолж орхисон үртсэний дэргэд түүнийхээ даарсан гарыг атган дулаацуулж энэ тэрийг мөрөөдөж суух надад хэмжээлшгүй их жаргал байдаг байлаа.
Бүжин хааяа миний урлангаар зочилж очно. Миний үзсэглэнд бэлтгэж хийсэн бүтээлүүдийг гайхан магтаж үнсэлтээр шагнадаг байв. Ийнхүү хэсэг хугацааны дараа бид хоёр гэрлэлтээ батлуулж хуримлан цугтаа амьдрах болов.
* * *
Хуримын дараахан үзэсгэлэнгээ гаргахад эхнэр маань "Зүүдний шувуудаа” үзэсгэлэнд тавих хүсэлтэй байгаагаа хэлж танхимын хойморт байрлуулснаар үзсэглэнгээ "Зүүдний шувууд” хэмээн нэрлэлээ.
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр нэг эрхэм "Зүүдны шувуудыг ихэд сонирхож өндөр үнээр худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлэв. Шинэхэн гэрэлсэн надад түүний санал болгосон мөнгө асар их сонсогдож, би эхнэртээ:
- Хайр нь чамдаа дахиад шинээр хийгээд өгчихнө гэж ятгасаар хос хунгийн сийлбэрээ санасан үнээрээ зарж орхилоо.
Үүнээс хойш яагаад ч юм эхнэр маань нэг л гунигтай болж нөгөө хөөрхөн янзаган бор нүдээрээ инээмсэглэхээ болилоо.
Нэг удаа үүрээр миний цээжин дээр нойтон зүйл хүрэх шиг болоход арайхийн нойрноосоо сэрж нүдээ нээвэл тэр минь уйлчихсан байх нь тэр, би сандарсандаа түүнийгээ тэвэрч:
- Миний хань юу болсон юм бэ? яагаад уйлсан юм бэ? гэж давхцуулан асуухад, хэсэг дуугүй хэвтсэнээ санаа алдаад:
- Би нөгөө "Зүүдний шувуудаа зүүдлэхээ больчихсон” гэж хэлээд хоолой нь зангирлаа. Би учрыг нь мэдэж байсан тул "яагаад” гэж асуусангүй :
Харин тэр худалдаж авсан эртэй уулзаж "Зүүдны шувууд”-аа буцааж авъя гэж бодож хэвтлээ. Азаар тэр эрхэм нэрийн хуудсаа өгснийг нь би хадгалж байсан юм.
* * *
Намайг болзсон цагтаа очиход тэр эр надтай гар бариад ямар хэргээр явж байгааг минь асуулаа. Би ч түүнээс юу ч нуусангүй бүгдыг яриад "Зүүдний шувуудаа” буцааж авах хүсэлтэй байгаа. Зөвшөөрвөл хэдэн ч бүтээлээрээ хамаагүй солих бодолтой ирсэнээ хэллээ. Тэрээр миний ярихыг сонсож дуусаад босож өрөөн дотороо бодол болон хэсэг холхисноо:
- За яахав би та хоёрын ариун хайрын бэлэгдэл болсон тэр шувуудыг чинь буцааж өгье. Уг нь би гадаадад сурч байгаа найз бүсгүйдээ бэлэглэх гэсэн ч хараахан явуулж амжаагүй байсан юм гэснээ, шилэн хоргонд байрлуулсан "Зүүдний шувууд”-ыг минь гаргаж надад өглөө.
Гэрийнхээ хаалгаар ороход эхнэр маань тэднийг хараад уулга алдан өндийлөө. Би өглөө түүндээ "Зүүдний шувууд”-ыг нь авчирахаар явлаа гэж хэлэх гэснээ юмыг яаж мэдэх в э? гэж бодоод хэлээгүй болохоор ингэж гайхах нь аргагүй. Тэр минь "Зүүдний шувууд”-аа энхрийлэн илнэ. Тэр үдэш түүний минь нөгөө хөөрхөн янзаган бор нүдэнд жаргалтай инээмсэглэл гэрэлтэн байлаа.
* * *
Маргааш өглөө нь намайг сэрэхэд эхнэр маань аль хэдийн босчихсон цайгаа чаначихсан байв. Намайг орноосоо өндийхөд дэргэд ирж хүзүүгээр минь тэврэн нүд рүү минь ширтэн эрхлэнгүй инээж :
- Би урьд шөнө юу зүүдэлсэн гэж чи бодож байна, таа даа гэж хэлэхэд нь :
- Нөгөө гоё нуурынхаа дэргэд "Зүүдний шувууд”-аа зүүдэлсэн байх …
- Дөхөж очлоо, гэхдээ таасангүй. Миний зүүдэнд нөгөө хос хун дэгдээхэй дагуулаад ирсэн. Бүр хоёрын хоёр дэгдээхэй дагуулаад ирсэн гэж хэлэхэд нь би догдлож баярласандаа :
- Нээрээ юу ямар гоё юм бэ? гэж түүнийгээ тэврэн эргэлдлээ.
Аз жаргалтай амьдрал гэдэг ийм л байдаг байх.
Би дахиад … Зүүдний шувууд маань дэгдээхэйтэй болжээ…
С.БАТТУЛГА
2009.03.28.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих