Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
-Мөнгөний нийлүүлэлт 2017 оны нэгдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 203.0 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2024.0 тэрбум буюу 20.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2017 оны нэгдүгээр сарын эцэст 736.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 87.6 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 22.3 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар өсчээ.
-Аж ахуй нэгж, байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны нэгдүгээр сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 42.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 590.2 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны нэгдүгээр сарын эцэст 1056.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.5 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 162.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.
-Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны нэгдүгээр сард 440.6 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465.9 тэрбум төгрөг болжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
-Өрхийн нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 (0.8 хувь) мянган төгрөгөөр буурлаа. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурахад тэтгэвэр, тэтгэмжийн орлого 15.2 мянган төгрөг, бусад орлого 5.2 мянган төгрөгөөр өссөн хэдий ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 19.9 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 898.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 43.0 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 96.6 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 154.8 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 158.3 мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 297.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 292.2 мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 33.9 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 42.6 мянга байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 42.1 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих