Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- "Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой холбогдсон үйл ажиллагааны журам”, "Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг хавсралтаар баталлаа. Олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээн, хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлыг тусад нь хадгалдаг. Эдгээрийг ирээдүйд ашиглах боломжтой тул уурхайн нөхөн сэргээлт бүрэн хийлгүй үлдээснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд уурхайн дэргэд үүссэн овоолгыг дахин ашиглах зорилгоор өнгөрсөн онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
- Энэ онд манай улсад зохиогдох олон улсын спортын тэмцээн, наадамд улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулахаар боллоо. Энэ онд чөлөөт бөх, шатар, бокс, волейбол, бадминтон, софт теннис, аэробик, хүүхдийн спортын олон улс, Ази, Зүүн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээн болох юм.
- 3 дугаар сарын 09-ний өдөр Оттава хотод болох Монгол, Канадын дугуй ширээний долоодугаар уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Дугуй ширээний уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг хэлэлцэн дүгнэж, харилцаагаа бодит боломжид түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх талаар санал солилцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих