Даяаршин буй дэлхий ертөнцөд зэрэгцэн оршиж буй хүн төрөлхтөнөөс Монголчууд бид чухам юугаараа торойж үлдэх вэ. Бусдын соёлд уусан шингэлгүй язгуур чанараа хадгалахын тулд чухалчлан авч үлдэх ёстой цул нэгэн зүйлийн тухай өгүүлэн үлдээхийг зорив. Атирч хумигдсаар магад мөн чанараа гээчихэж мэдэх түүнээсээ болоод бүр устаж ч болох "Уламжлал”-ын тухай, уламжлалаа авч үлдэх монгол ухааны тухай ярилцацгаая. Хэлбэрдэх бус утга, агуулгаар нь оюун санаандаа авч үлдэх монгол бодлогын хойноос сураг тавъя.
********************
Төрт их ёсны уламжлалаас эхлээд айл өрх, хувь хүн, овог аймаг, үндэстэн ястанд хамаарах уламжлалын тухай энд нэг бүрчлэн ярих гэсэнгүй. Байгаль хамгаалах зан үйл, үр хүүхдээ хүмүүжүүлэх, ном эрдэм сургах, мал аж ахуй эрхлэх, бэлэгдэл ёсны тухай орхигдсон хийгээд одоо байгаа өв соёлын тухай ч тоочсонгүй. Харин энэ бүхнийг агуулсан олон салаа мөчиртэй уламжлал хэмээх "бүхэллэг” зүйлийн тухай ярих юм. Уламжлал гэж чухам юу болох тухай эхлээд бүгдээрээ эрдэмтдийн яриаг чих тавин чагнацгаая. Өнөөгийн мэдлэг ухааны сан хөмрөгт "уламжлал”-ын тухай ухагдахуун, судлагдсан нь маруухан боловч гүн ухаан талаас нь ухаж ойлговоос өргөн цар хүрээг хамарч болохыг тэд хэлж байна.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар: Түүхтэй их холбоотой. Түүхтэй ард түмнийг уламжлалтай ард түмэн гэж ойлгож болно. Уламжлал гэдэг нь өнгөрсөн үеийн мэргэд, жирийн ард, ахмад буурлууд юу бүтээж хойч үедээ түүнээ хэрхэн өвлүүлж үлдээх ёстой вэ гэдгийг харуулдаг багц үзэгдэл үйл явц юм. Монголчуудын тухайд эртний уламжлалтай, агуу түүхтэй ард түмэн. Тиймээс бүтээсэн уламжлал нь тэр хэмжээгээр баялаг. Энэ баялаг орхигдуулах юм уу тасалдуулваас үндэстэнд сөрөг нөлөө үзүүлэх уршигтай.
Соёл судлаач С.Юндэнбат: Үндэстэн гэж хэнийг, юуг хэлэх вэ? Уламжлалаа, хэл соёлоо авч үлдсэн,өөрийн төрт ёстой ард түмнийг үндэстэнд тооцно уу гэхээс харахад төрх нь мөн болов чиг сэтгэлгээ нь амьжиргаа нь, аж төрөх ёс нь өөр хэлбэртэй бол үндэстэн оршин тогтнож байгаа юм биш. Энэ бол алга урвуулахын төдийд өөрчлөгдөж болдог зүйл. Ор мөргүй болсон үндэстнүүд байна. Латин, Санскрид хэл мөхснөөс эхлээд Манж угсаатан гээд домог болж үлдсэн үндэстэн ч бий. Монголчууд цөөхөн. Соёл нь байхгүй болж гэхэд уламжлалаа авч үлдэх хэрэгтэй.
Оюун ухаант хүн үүсэн бий болсноос хойших 100 мянган жилийн дараа Төв Азийн өндөрлөг газар монгол угсаатан бий болжээ. Тэд түүхэн цаг хугацаандаа өөрийн гэсэн ёс заншил, дэг жаяг, оюуны соёлоо зузаатган бүтээв. Хожим энэ бүхэн нь дэлхий ертөнцөд нүүдэлчдийн сонгодог соёл болон торойж үлдэх Монгол өв болжээ. Дундаршгүй арвин, дуусашгүй баялаг агуулгатай нүүдэлчдийн түүх өдий их цаг хугацааг туулахдаа баялаг агуулгатай соёл бий болгожээ. Цагтаа дэлхийг нэгтгэсэн их гүрэн байгуулж, суурин соёл иргэншлүүдийг захирч явсан нүүдэлчдийн иргэншил 21-р зуунд суурин соёлд зайгаа тавьж өгсөөр байна.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар: Ази Дорно дахин уламжлалаараа маш хүчтэй.21-р зууныг Азийн зуун болно гэдэг. Үнэндээ ч Ази руу дэлхий дахин эргэж байгаа нь үнэн. Техник технологийн соёл иргэншил хүний сэтгэл зүрх уураг тархинаас хамаарах нь багасах үзэгдэл хүчтэй түрж байна. Хүн техник, мэдээллийн зүгээр нэг дагалдагч, хавсрагч, хэрэглэгч болон хувирч жинхэнэ хүний мөн чанар болох ярьдаг, сэтгэдэг, баярладаг, гомддог оюун ухаан сэтгэлзүйн чанар нь алдагдах тийшээ явж байна. Нэг зүйлийг хэлэх ёстой. Монголчуудын хар хайрцагны бодлого, Үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримт дээр илэрхийлэгдсэн үзэл санаа хангалттай сайн. Харамсалтай нь хэрэгжүүлж байгаа арга барил, субъектүүд туйлын хариуцлагагүй бөгөөд үзэл санаагаа ор тас мартдаг. Монгол суурин дээр уламжлалаа мэддэг, уламжла дээрээ шинэчлэлийн үзэл санаагаа авч явдаг орчин цагийн боловсролыг монгол хөрсөнд ургуулж, эзэмшиж чадахуйц нөөцөө бий болгоогүй, тогтолцоогоо бүрдүүлж чадаагүй байна.
Сүүлчийн нүүдэл
Хөсөг тэргээр нүүдэллэдэг, хөхүүрэндээ айргаа исгэдэг, малаа адгуулахдаа морь унадаг, дан суран ногт, давхар суран хазаар эдэлж хэрэглэдэг малч удмын цөлх ухаан хаах нь явна вэ. ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн Бадамхатны нэрэмжит Угсаатан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар:
Би Говь-Алтай аймгийн Бугат сумыг жишээ болгон ярьмаар байна. Монгол улсын баруун өмнөд хил Алтайн нурууг дамнан орших 2000-аад хүн амтай энэ суманд жинхэнэ малч удмын улс бий. Жилд дунджаар 15 удаа нүүдэг. Хүссэн ч эс хүссэн ч байгаль цаг уур нь нүүдэлчин байхаас аргаггүй болгодог нутаг. Тачир сийрэг ургамалтай, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хад бартаатай боловч шуурахаараа нөмөр нөөлөг багатай. Хангайн хүн анх харахад мал идэх хөндлөн өвсгүй юм шиг л санагдана. Тэнд л жинхэнэ малч ухаан байгааг харсан. Маш хэцүү нөхцөлд цөөн хэд нь мал аж ахуйгаа эрхлэн нь ердийн хөсгөөрөө нүүдэллэж байна. Говь-Алтайн Бугат сумын Гаханч багийн малчин н.Ширчин гуайнх магадгүй тэмээн хөсгөөрөө нүүж байгаа сүүлчийн айл ч байж мэдэх. Гаханч багийн Чогсом, Ферм багийн Гунгаа гээд 80 хол давсан хэдэн сайхан өвгөцүүл бий. Нутгийнхан нь Чо өвөө, Ум өвөө хэмээн авгайлна. Тэднийг хэн залгамжлах бол...Ийм өвгөцүүл байгаа учраас Алтайн хязгаар дахь сум эзэнгүйдэхгүй, үр удмаа таслахгүй байгаа байх л даа.
Олон зууны турш суурьшин амьдрах, нүүдэллэн аж төрөх хэв маягт хуваагдсаар ирсэн хүн төрөлхтөний ихэнхи нь суурин иргэншилд эрхгүй татагдсаар байна. Магадгүй, биднээс өөр байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн өнөө хэр нүүдэллэн аж төрдөг ард түмэн дэлхийд бараг байхгүй болжээ. 7 тэрбумд хүрсэн дэлхийн хүн амын 30-40 саяыг нь нүүдэлчид гэж үзвэл монголчууд л нүүдлийн соёлоо жинхэнэ утгаар нь авч үлджээ. Харин бидний 20 хувь нь л нүүдэллэн аж төрж байна.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Угсаатан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Өлзийсайхан: Мянгат малчнаа хөхүүлэн дэмжих нь сайн. Ингэж дэмжихийн хажуугаар шөлний хонь, уналгын морь, тарагны үнээтэй хэд гурван тэмээтэй, айраг цагаагаа ширэн хөхүүрэндээ исгэж, ердийн хөсгөөр нүүж, морь малынхаа арьс ширийг элдэж гөлөм, жирэм, хазаар ногтоо хийчихдэг ийм ахуйг дэмжих нь зөв бодлого байх. Дорж гуайн бага хүү хэдий цөөн малтай ч хөдөө гарч эцгийнхээ дэргэд уламжлалт ухаанаараа амьдарч түүнээ өвлүүлэх, нутаг усандаа эзэн болох эцгийн буурийг авч явна гэдэг нь их чухал юм.
Угсаатны зүй судлаач, профессор Г.Цэрэнханд: Гээгдэж байгаа өв соёлоо хойч үедээ өвлүүлнэ гэдэг тийм ч амар асуудал биш. Хүн хөгжлөө даган шинэ зүйл рүү тэмүүлж байдаг зүй тогтолтой. Бид юу анхаарах ёстой вэ? Орчин үед сургамжтай бодит амьдралыг харуулсан уран сайхны болоод баримтат киногоор дамжуулж уламжлалаа өвлүүлбэл тогтож үлдэх нь илүү болов уу. Эндээс авах гээхийн ялгааг олж харах боломжтой. Авах гээх гэдэг агуу зүйл. Хүний хөгжил дотоод ертөнц ёс заншлийг хөгжүүлнэ гэдэг авах гээхийн ухаанаар л явдаг. Цэцэрлэг сургуульд хүмүүжлийн хичээл орж эцэг эхтэй нь нягт уялдаатай ажил зохион байгуулах нь тун чухал. Зөвхөн нэг нь хичээл заагаад үр дүнгээ өгөхгүй. Ийм маягаар уламжлалаа хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй.
Гурамсан чөдрийн цаана...
Нийтээрээ хошуурч яваа дэлхийн хөгжил өөрөө суурин иргэншил тул нүүдлийн соёл уламжлалаа алдалгүй авч явахын тулд оюун санаа, сэтгэлгээндээ шингээж үлдээх тухай судлаачид хэллээ. Хүчирхэг эдийн засагтай Япон улс өндөр хөгжилд хүрэхдээ уламжлалааХАМГИЙН САЙН хадгалж чадсан гэгдэж байна. Уламжлалаа үнэ цэнэтэй болгож чадсан тэдний бодлого юу байв? Эртний "Күн Чүн” хэмээх дууриа язгуур соёл хэмээн үзэж яг тэр хэв шинжээр нь өнөөг хүртэл уламжлан авч дэлхийн өвд бүртгүүлсэн Хятад онцлог юунд байна.
Соёл судлаач С.Юндэнбат: Бусад улс орон уламжлалаа хадгалж яваа өвлөн тээгчдээ хамгаалах бодлогоо эхэнд тавьж байна. Өвлөгчгүй уламжлал алга болдог. Өвлөж авсан үнэ цэнэтэй зүйлийг хойч үедээ үлдээхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн үнэлэмжийг нь нэмэгдүүлж алдаршуулдаг. Манайх сэтгэлзүйн хувьд дэмжлэг үзүүлдэг ч материаллаг дэмжлэг үнэндээ байхгүй. Гэтэл урд хөрш "Улсын эрдэнэ” гэж үздэг бол Зүүн Өмнөд Ази, Хятад, Солонгос, Япон улс өвлөн тээгчиддээ жил бүр санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Хятад улс шавар ваар хийдэг өвлөн тээгчдээ тодорхой мэдлийн газар олгоод хуучны уламжлалт аргаараа ваараа хийх боломж нөхцлийг нь бүрдүүлдэг. Аж ахуй эрхлэхэд алдагдалтай хэдий ч гар машинаар нэхдэг хуучны уламжлал бүхий хүр хорхойн торго урлаачдаа төр нь их дэмждэг байна. Энэ мэт уламжлалаа шингээсэн гар урлалын бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй. Өөрийн худалдан авагчидтай. Япон улс хүртэл кимоногоо яг ийм маягаар дэмжиж байна. Өнөөдөр эдийн засаг хэцүү байж болно. Гэхдээ сэтгэл, өв уламжлал хоёр байгаа учраас хамгаалж чадах л юм бол цэнхэр гариг байгаа цагт монголчууд оршсоор байх болно.
Уламжлал шинэчлэлээ зохистой хадгалж яваа улс орнуудын бодлого гэвэл энэ. Ер нь соёлт хүн төрөлхтөн нийгмийн хөгжлөө яг юугаар нь үнэлдэг вэ. Эдийн засгийн хүчин чадал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь гэвэл эндүүрэл. Харин тухайн үндэстэн ямар өв соёлтой, оюуны ертөнц дэх баялаг нь ил болоод далд байдлаар хэрхэн оршиж байгаа, түүнээ хэрхэн өвлөн тээж, уламжлан авч явж байгаа тусгалаар нь л олж хардаг байна.
МУБИС-ийн багш, доктор дэд профессор Д.Ганболд: Дэлхий хил хязгааргүй хавтгай болохын хэрээр өөрсдөө цул байх хүчин зүйлийг хайж эхлээд байна. Тэр хүчин зүйл нь байхгүй болчихвол бид замхараад алга болно. Бид бусдаас ялгаатайгаа олж харах хэрэгтэй.
ШУА-ийн Угсаатан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар: Сур хийх технологийн тухай яръя. Өнөөдөр мориныхоо хазаар ногт, дөрөөгөө хүртэл ременээр хийдэг болж. Ер нь малч хүн юу гэж халагладаг гээч. "Морины сүр дараад, малын сүр дараад” гэдэг шүү дээ. 10 морьтой хүн мяндсан ногттой байснаас хоёр морьтой хүн суран ногттой байх нь сайхан харагддаг. Цаад утга санаа аж ахуй эрхлэлтээ бодоод үзсэн ч тэр. Малдаа хайртайн илрэл. Хаймар, ремень морины хамар халахаас эхлээд бэрхтэй байдаг бол суран ногт зөөлөн. Малын тоног хэрэглэл бүгд байж гэмээнэ малын буян тогтдог гэж ярьдаг. Нүүдэлчдийн мал аж ахуйд хэрэглэж байгаа эд өлгийн технологио бодлогоор дэмжиж уламжлуулах шаардлагатай.
Чөдрийг хэр баргийн хүн зангиддаггүй. Эрчийг нь буруу хийчихдэг. Гүүний чөдөр морины чөдөр гэхэд л хоёр янз. Гурамсан чөдрийн эрчийг нь хэрхэн зөв хийх вэ? Монгол хүн суран эдлэл хийж байхдаа төвлөрдөг. Ногтны сүвийг нэг л буруу хатгачих юм бол морь гэдрэг суухад л шил нь тасраад явчихна. Гарын ур дүй, сэтгэлийн ур дүй гээд багаасаа энэ бүхнийг хэвшүүлж хийхээр ухаан санаа нь задарч тэр олон сүлжээс уяа зангилаа олон зүйлийн дадал болдог. Энэ бүх ач холбогдлыг нь ил болгож уламжлуулах хэрэгтэй. Түүнээс монгол уламжлал соёлоо алдаж байна, гээж байна хэмээн ярих, монгол уламжлал чинь тэр шүү дээ! гээд зандчих нь өвлүүлж байгаа хэрэг биш.
Хамгийн сүүлд монгол уран бичлэгээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн бид айргаа бүртгүүлэхийн тулд Кыргизстан, Казакстантай өрсөлдсөн удаатай. Нэг хэсэг монгол дээл, морин хуур, гэр ахуйгаа Дэлхийн өвд өөрийн нэр дээр бүртгүүлэх гэж их ч зүтгэсэн, зүтгэснээ ч биелүүлсэн. Өнөөдөр монголоор овоглосон хэд хэдэн соёлын өв дэлхийд данстай байна. Өнгөц харахад дэлхийд данслагдсан юм бүхнээрээ бахархаж, гайхуулмаар байвч ЮНЕСКО-ийн энэ бүртгэл нь устах магадлалтай тул яаралтай хамгаалах өв хэмээн данслагдаж байгааг бид мартах учиргүй. Монгол ардын туулийг хүн төрөлхтөн авч үлдэх ёстой нандин өв гэж үзээд ЮНЕСКО өвдөө саяхан бүртгэсэн. Харин түүнийг өвлөн тээж, үргэлжлүүлэн авч үлдэх туульч хэд байгаа вэ?
Биднийх "амьд” уламжлал
Хэрэглэж байж өвлөгддөг уламжлалт соёлоо төр бодлогоор дэмжих хэрэгтэй болжээ. Нүүдлийн соёл цаг, үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа ч үхрийн ширээр хөхүүрээ, малынхаа үс хялгасаар гэрийн оосор бүслүүрээ хийх байтал өөр зүйлээр орлуулаад байгаа нь монгол сэтгэхүй өөрчлөгдсөнийх үү. Эвсэл...Үүнд судлаач ийн тайлбар өглөө.
МУБИС-ийн багш, Түүх нийгмийн ухааны багш доктор, дэд профессор На.Сүхбаатар:
10-аад жилийн өмнө Япон эрдэмтэнтэй хамт ажиллаж байхдаа нэгэн зүйлийг сонирхож байсан юм. Танай цайны соёл гэж бий. Тэр уламжлал хэрхэн өвлөн үлдэж байгаа вэ? Та хэр сайн мэдэх вэ? гэхэд, манай цайны соёл уламжлал гайхамшигтай. Өдөр бүр өөр өөр төрлийн цай чанах юм бол 360 өдөр болно. 360 төрлийн цай чанаад уучихдаг ард түмэн байсан юм байна лээ. Одоо бол энэ уламжлал маань амьд биш. Үүнийг би хоёрхон баримтаар хэлье. Миний ижий одоо Япондоо цайны соёлоо гайгүй сайн гадарладаг хүний тоонд ордог. Гэтэл гучин хэдэн төрлийн цай л чанаж чадна. Тэрнээс илүүг мэдэхгүй. Би ээжээсээ 3-4 төрлийн цай чанахыг сурсан. Ингэхээр 360-тай харьцуулахад энэ уламжлал соёл мөхсөн гэж болно. Харин танай нүүдлийн соёл амьдаараа оршиж байдаг юм байна. Цаасан дээр байдаггүй юм байна. Танай соёл бол "амьд" соёл гэж хэлж байсан удаатай.
Малтай хүн, малчин хүн, малч гурвын ялгаа
Гадны эрдэмтэн нэгэнтээ бидний тухай ингэж хэлжээ. "Монголд насан буурал нэг хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд түүнтэй хамт бүхэл бүтэн нэг номын сан үгүй болсонтой адил гэж. Тийм бол 10, 20 жилийн дараа гэхэд уламжлалт соёлын судалгаа хийхэд хэцүүхэн болох нь ээ.
Угсаатан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Батцоож: Малч, малчин, малтай хүн гэсэн гурван ойлголт байна. Дээр үед гэж дурсан санаж байгаа хэсэг бол малч улсууд байж. Малч хүн малын зоо сэрвээг будаж тэмдэглэдэггүй. Мал сүргээ зүсэлж мэддэг.Өнөөдөр малчин хүмүүс, малтай хүмүүс гэж бас байна. Гурван өөр хүчин зүйлээр авч үзэх өөр өөр тодорхойлолт. Эндээс малч хүмүүс ховорджээ. Аж ахуй эрхлэх явцдаа уламжлалт соёлоо алдах нь их байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм.
Соёл судлаач С.Юндэнбат: Уламжлалаа агуулж байсан оршихуй эрс өөр болсон Ингээд ирэхээр бид соёлын "шоконд” орж байна. Шинэчлэгдсэн нөхцөлд уламжлалаа хэрхэн авч үлдэх вэ?гэдэгт ухаан хэрэгтэй. Монгол хүн бүрийн өөрийн гэсэн ухаан хэрэгтэй. Ахмад үеэс сурах юм маш их. Айл бүр настан бууралтай. Энд асар их мэдлэг уламжлал, монгол соёл бий. Өвөө эмээ, аав ижий рүүгээ ахмад үе рүүгээ хандах цаг болсон.
Угсаатан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар:10-15 жилийн дараа гэхэд 80 шүргэсэн буурлууд минь хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Энэ хүмүүсээс аман мэдээг даруй, маш шуурхай цуглуулж хойч үедээ үлдээх хэрэгтэй байна.
Уламжлалын шигшмэл өв-Цагаан сар
Академич Г. Чулуунбаатар: Сар шинийн өдрүүдэд билэг дэмбэрлийн ерөөлөө хэлж ахмадууд нь сургаалиа айлдах гээд уламжлалт баяр наадмаа дагаад монгол хүний үндэсний мэдрэмжүүд хүчтэй сэргэдэг. Уур уцаараа дарж, сайныг билэгддэг зүйл сэргэж түүнээ жилээс жилд үндэстэн даяараа бататган баяжуулдаг. Уламжлалт баяр ёслол, уламжлалт хэв шинжээ аваад явах юм бол уламжлалын шигшмэл өвүүд залуу үеийнхний ёс суртахуунд шингэнэ.
Цагаан сардаа бэлтгэх гээд 20-иод хоногийн өмнө сэтгэлзүйгээ бэлтгэдэг. Өнгөндөө юм худалдаж авах гээд байгаа болов ч үүний цаана уламжлалаа хүндэтгэх хүчтэй нөлөө нуугдсан байдаг. Монголчууд бид цагаан сараар "шинэд хуучиртал” гэж ярьдаг. Шинийн 15 хүртэл уламжлалын хамгийн оргил цаг нь юм. Сар хуучрахаас өмнө ахан дүүстэйгээ амжиж золгох гэсээр дахиад сар, бараг 2 сар тархи толгойд уламжлалын хүчтэй нөлөө оршдог. Энэ нь сэтгэл оюунд нь үндэсний баяр монголыг монголоор нь авч үлдэх, зөв үнэлэмж сэргэж бэхжихэд нөлөөлдөг байна.
Нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжиж буй энэ цаг үед мал маллах, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн байгаль хоёрын нарийн уялдаа холбоог үр хойчдоо уламжлан үлдээх өвөрмөц нэгэн соёл төв азийн цээжнээ орших дан ганц Монголчуудад л оршиж байна. Өнө эртнээс эдүгээг хүртэл тээн яваа "Монгол уламжлал”, гурван цагийн хэлхээсэнд уламжлалаа авч үлдсэн буурлуудын ухаан, хойшид залгамжлах монгол бодлогын тухай эрдэмтэдтэй ярилцахад ийм байна.
Монголчууд бид дэлхий ертөнцтэй хөл нийлэн алхахдаа уламжлалаа хадгалж үлдэх учиртай. Хаанаа, яаж өвлөн тээж үлдэх вэ гэж үү. Язгуур мөн чанартай нь, хүндэтгэлийн утга агуулгатай нь оюун санаандаа, монгол сэтгэхүйдээ, удмын сандаа бат гэгч нь бөхөлж үлдэх ёстой болов уу. "Өөдлөхөд санаж сэрэх" гэдэг дээ...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих