УИХ-дахь МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж, мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Ерөнхий сайд "МАН ажил хийлгэхгүй байна” гэж удаа дараа ярьж байгаа. Угтаа бол эрх баригчид өөрсдөө ажлаа хийж чадахгүй, нам дотроо хэл амаа ололцохгүй байснаас болж эдийн засаг хямралд орсон.
Тиймээс Ерөнхий сайдад боломж олгох үүднээс салбарын ажлаа унагасан сайд нарт хариуцлага тооцох асуудлыг өөрийн санаачилгаар оруулж ирэхийг бид шаардаж байна. Хэрвээ Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж буруутай сайд нарын асуудлыг оруулж ирэхгүй бол өөрт нь хариуцлага тооцох тухай ярина” гэдгийг онцолсон. Тэрбээр цааш нь "Ашигт малтмалын тухай хууль нь иргэд, гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан, олон жил хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл. Тийм ч учраас МАН-ын бүлгээс нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон зүйлд хариулт өгсөн хуулийн төсөл боловсруулсан байх гэж үзэж байсан ч харамсалтай нь бүрхэг хуулийн төсөл байна” гэсэн юм.
Тухайлбал, "Төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол 51, 34 хувиас дээш төр эзэмших ёстой гэсэн заалт байдаг. Энэхүү заалтыг 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна гэж МАН бүлэг үзжээ. Тиймээс "Эдийн засгийн асуудлаар батлах хууль тодорхой байх ёстой. Хуулийн төсөл тодорхой биш байгаа учраас тогтвортой байх нь эргэлзээтэй. Хуулийн заалтуудыг тодорхой болгох ёстой гэдэгт байр сууриа нэгтгэсэн” гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн уг хуулийн төсөлд УИХ-ын бүрэн эрхэнд халдсан заалт орсон байна гэж үзэж буй аж. Одоогийн мөрдөж буй хуулиар хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг УИХ хэлэлцэж шийддэг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүнийг өөрчилж, хилийн зурвас, тусгай хамгаалалттай газар нутагт Засгийн газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах заалт оруулжээ.
Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа учраас уг заалтыг өөрчлөх
ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм. Дараагийн хэлэлцсэн асуудал нь
Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл байв. Засгийн газраас өргөн
барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын
тогтоолын төслийг хоёр долоо хоног дамжин хэлэлцэж байгаа. Тиймээс
эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ цаг алдалгүй батлах
ёстой гэж МАН- ын бүлэг үзсэн юм. Энэ үеэр дараах асуултад хариулт
авлаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд
Оюутолгойн төслийг эрчимжүүлэх талаар тусгасан байгаа. Үүнд МАН ямар
байр суурьтай байгаа бол?
-Оюутолгойн асуудалд МАН- ын
бүлэг тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ганцхан Оюутолгой ч биш
"Тавантолгой”, төмөр зам, V цахилгаан станц зэрэгэдийн засгийн өсөлтийг
бий болгох, иргэдийн амьдралыг сайжруулах томоохон төслүүдийг МАН
засгийн эрх барьж байхдаа эхлүүлсэн. Үр дүнг нь Монгол Улс, иргэд хүртэж
байсан. Харамсалтай нь энэ Засгийн газрын үед эдгээр бүх төсөл
зогссон. Тийм учраас бид энэ төслүүдээ цааш нь үргэлжлүүл, эрчимжүүл,
идэвхжүүл гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэхийн тулд Оюутолгойн
гэрээний заалтыг цааш үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байвал өөрчилж болно.
Монгол Улсад үр ашигтай болгохын тулд өөрчлөх шаардлагатай гэж үзэж
байгаа бол өөрчлөлт оруулж болно. Түүнээс биш УИХ-аар халхавч хийж
болохгүй.
-ҮХАА-н сайд Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх болов уу?
-Х.Баттулга
сайдын тухайд "Энэ ажлыг хийж чадахгүй нь ээ” гэж хэлээд байхад
Р.Амаржаргал гишүүн шиг хүчээр авч үлдэхгүй байх гэж бодож байна. Ийм
байдлаар улс орны ажилд хариуцлагагүй хандах ёсгүй. Энэ удаад хүсэлтийг
нь хүлээж авах байлгүй дээ.
С. Дуламсүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих