Монгол улсад тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. "Шинэ толь” хэмээх сонин бичгийн анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад сэтгүүл зүй үүссэн хэмээн үздэг.
"Шинэ толь” хэмээх сонин бичиг нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913 оны 3 дугаар сарын 6-нд анхны дугаараа гаргажээ.
Сонин Хаант Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байсан гэдэг. Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байжээ.
Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан байна.
Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байжээ.
Монголын сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн /Цэвээн Жамсрано/ ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн үздэг билээ.
Тиймээс ч МСНЭ түүний нэрэмжит сэтгүүлзүйн дээд шагналтай болсон юм.
И.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих