Сүүлийн үед авилга хээл, хахуулийн томоохон хэргүүд ар араасаа сөхөгдөн олон нийтийн анхаарлыг татах болсон. Тэгвэл барьж байсан барилга дээрээс нь төмөр унаж эрдэнэт хүний алтан аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж, гүйцэтгэх захирал нь ял сонсохдоо хүрээд буй "Макс” компани энэ удаад ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод байна.
Тодруулбал "Макс”-ын захирал Д.Ганбаатарын ах Д.Цэрэнжигмэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэх хуурамч нэрээр алдаршиж буй Д.Энхтайвантай бэлэглэлийн гэрээ байгуулж, түүнд 8 тэрбум төгрөгийг бэлэглэх нэрээр шилжүүлж, уг мөнгөө Монголбанкаар дамжуулан угаасан байна.
Ингэхдээ Д.Цэрэнжигмэд өөрийн бизнесийн ноогдол ашгаасаа 8 тэрбум төгрөгийг Д.Энхтайванд бэлэглэж байгаагаа гэрээндээ тодорхой тусгажээ. Гэтэл нийт 31 тэрбум төгрөгний хөрөнгөтэй, өнгөрөгч 2012 онд ердөө 30 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан МАКС компаний нэг хүнд ноогдох ашиг нь "8 тэрбум төгрөг” байна гэдэг байж боломгүй асуудал гэдэгнь нэгэнт тодорхой байна.
Түүнээс гадна Д.Энхтайван нь өнгөрсөн оны наймдугаар сарын 8-ны өдөр "Тээвэр хөгжлийн банк” дахь өөрийн 8 хувийн хувьцаагаа нэмэгдүүлэхээр Монголбанкинд хүсэлт гаргахдаа Д.Цэрэнжинмэдээс бэлгэнд авсан 8 тэрбум төгрөгийг "өөрийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж байгаа” гэж хэнэг ч үгүй худал мэдүүлсэнийг ньМонголбанк шууд хүлээн авах замаар хууль бус шийдвэр гаргаж, хууль зөрчигч нарын холбоотон нь болжээ.
Их хэмжээний мөнгийг бэлэглэсэн, бэлгэнд авсан эдгээр хүмүүс дээрх 8 тэрбум төгрөгийг 7 сар гаруй хугацааны турш Монголбанкны дансанд байршуулж байгаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын шийдвэрээр 2013 оны 11 дүгээр сарын 24 ны өдөр үйл ажиллагаа явуулдаггүй Тээвэр хөгжлийн банкны дансанд шилжүүлж, мөн сарын 27 өдөр буюу 3 хоногийн дараа МАКС-ын охин компаниуд болох "вашштерн”, "сүү холдинг”…. гэх мэт 4 компаний нэр дээр тус бүрт нь 2 тэрбум буюу нийт 8 тэрбум төгрөгийг нэг л өдрийн дотор ямар ч барьцаагүйгээр зээл нэрээр халхавчлан бүгдийг нь гаргажээ.
Д.Цэрэнжигмэд хаанаас ямар замаар олсон мөнгөө Д.Энхтайванд зүгээр бэлэглэл нэрээр өгч, түүнийгээ Монголбанкаар дамжуулан угааж, үйл ажиллагаа явуулдаггүй Тээвэр хөгжлийн банкны дансанд нь байршуулсан энэхүү нарийн зохион байгуулалттай хууль бус ажиллагаанд нь Монголбанкны ерөнхийлөгч хүртэл шууд оролцсон нь анхаарал татахгүй байхын аргагүй бөгөөд их хэмжээний мөнгө угаасан онц ноцтой хэрэг гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогдож байгаа юм байна.
Тиймээс Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч боловч дээрх хууль бус үйлдлийн улмаас хохироод байгаа "Инфрастракчер” ХХКомпани Д.Энхтайван, Д.Цэрэнжигмэд нарын "нударгандаа зөрүүлсэн” 8 тэрбум төгрөгийн хэрэг, "Макс” компани болон тэдэнтэй бүлэглэн мөнгө угаах ажилагаанд оролцсон Монголбанкны холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагуудад хандахаар болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих