Гарчиг уншаад та гайхаж бас цочирдож, илүү дэлгэрэнгүйг уншихаар сууж байна уу? Тиймээ таны харж байгаа энэ охин одоо 2 настай. Т.Биндэрьяа гэдэг. Бүдүүн гэдэсний нарийсал гэх өвчтэй. Энэ өвчин нь чухам юунаас болж бий болдгийг хэлээд өгчих хүн байхгүй байгаа ч мянгад нэг үзэгдэх өвчин гэж зарим эмч хэлсэн байна. Харин өөр эмч нар агаар, ус, орчны бохирдлын нөлөөллөөр ийм болсон гэж тайлбарладаг байна. Танд ойлгуулахын тулд энгийнээр бичихэд бид идэж уусан ялгадсаа бөгснийхөө сүвээр гаргадаг. Харин Б.Биндэрьяа охины бөгстэй холбогдох бүдүүн гэдэс нь нарийссан учраас бөгсний сүвээр нь баас гардаггүй байна. Тиймээс бүдүүн гэдэсний нарийсалтай хэсгийг нь авч бүдүүн гэдсийг нь гэдсэн дээр гаргах хагалгааг Эх Нялхасын эмч нар энэ оны 1-р сард хийжээ.
Ахиад хоёр ч удаагийн хагалгаанд орох шаардлагатай гэж байгаа юм. Харин Солонгос эмч нар охиныг үзээд олон удаагийн хагалгаанд орох шаардлагагүй. Нэг л удаагийн хагалгаагаар охиныг эдгээх боломжтой гэсэн байна. Б.Биндэрьяа охины хувьд гэдсээрээ баадаг "асуудалтай” бол түүний 9 сартай охин дүү нь хэд хэдэн өвчтэй. Охин 8 сартайдаа дутуу төрсөн. Төрөх гээд дуншаад өвдөж байхад нь Нэгдүгээр эмнэлгийн эмч нар тогтоох шаардлагатай, нэг өдөр ч гэсэн гэдсэндээ байвал амьдрах чадварт нь сайнаар нөлөөлнө гэж тайлбарлаад гэдсэнд нь тогтоох зорилготой эм тариа хэрэглэж байж. Үүнээсээ үүдэж охин тархиндаа цус харвасан байна. Дээр нь зүрх нь цоорхой, зүүн бөөр нь усжилттай гээд бяцхан биенд нь баймааргүй их өвчин 9 сартай Б.Сондор охиныг ороожээ. Амьдралаа холбоод таван жил болж байгаа энэ гэр бүлд заяасан хоёр охин үр нь хоёулаа өвчтэй учраас охидоо асрахын тулд ажил төрөл хийхээ больсон байна. Өнөөдөр энэ гэр бүлд, хүүхдүүдэд юу юунаас илүү сайхан сэтгэлт Монголчууд бидний дэмжлэг хэрэгтэй байна. Илүү дэлгэрэнгүйг хоёр охины аав ээжтэй хийсэн ярилцлагаас уншина уу.
Та хоёр ханилаад хичнээн жил болж байна вэ?
Аав: Б.Батбилэг
Эхнэр маань хотынх. Би Дорнод аймгийн Дашбалбар сумынх. Буриад хүн. Бид хоёр ханилаад таван жил болж байна. Бусдын л адил хайрлаж, дурлалцаж амьдралаа холбохоор шийдсэн. Амьдралын төлөө хамтдаа зүтгэж ажилладаг байлаа. Хүүхэдтэй болсноо мэдээд хөл хөөрцөг болж, анхны хүүхдээ хараад юутай ч зүйрлэшгүй тийм л жаргалтай байсан. Харамсалтай нь том охин маань өвчтэй, бага охин маань ч өвчтэй болчихоод хүнд л байна даа.
Том охиноо өвчтэйг хэзээ мэдэж, хэзээнээс эмнэлгээр явах болов оо?
Том охин маань 2012 оны 4-р сарын 4-нд төрсөн. Нярай байхдаа харьцангуй гайгүй байсан. Бөгсөөрөө баадаг байсан юм. Гэхдээ нярай хүүхэд хэрнээ баахын тулд их хүчтэй дүлдэг. Нүүр нь байдгаараа л улайчихсан дүлээд л дүлээд л байдаг байсан. Гэдэс нь байнга дүүрэнгтэй, бор хоолонд ороогүй хэрнээ л их үмхийгээр унгадаг байсан. Тэгээд таван сартайгаасаа эхлээд бөгсөөрөө баахаа бараг больсон доо.
Тэгээд таван сартайгаас хойш эмнэлгээр явж байгаад саяхан л хагалгаанд орсон хэрэг үү?
Аяндаа зүгээр болно, эдгэнэ гээд л байдаг байлаа. Бид ч ийм айхтар юм гэж үнэндээ бодоогүй. Эм ууж, тариа тарьдаг, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг байсан. Тэгээд 2013 оны 12-р сард Эх нялхаст үзүүлсэн чинь хагалгаанд ор гэсэн. Их хүнд хагалгаа болно. Гурван үе шаттай хагалгаа хийнэ гэж тайлбарласан.
Одоо тэгэхээр гэдсэн дээр нь байгаа зүйл нь бүдүүн гэдэс нь гэсэн үг үү?
Тийм. Хар ухаанаар ойлгож байгаагаар бол бөгс рүү явсан тэр бүдүүн гэдсийг нь л наад гэдсэн дээр нь гаргаад ирчихсэн л хэрэг л дээ. Тийм болохоор бөгсөөрөө баахгүй. Энэ гэдсэн дээрээ байгаа зүйлээр ялгадсаа гаргадаг гэсэн үг.
Шээхдээ зүгээр үү?
Энгийн хүн шиг л шээнэ. Баах нь л ийм асуудалтай.
Одоо баахдаа ямар нэг зовиуртай юу? Өөрт нь өвчин мэдрэгддэг болов уу?
Ямар ч мэдрэлгүй юм шиг баадаг. Өөрөө баах гэж байгаагаа мэддэггүй юм. Цуваад л гарч байдаг.
Онош нь яг юу юм бэ?
Мэргэжлийн хэллэгээр нь сайн хэлж мэдэхгүй байна.Бүдүүн гэдэс нь хошного руугаа очих замдаа нарийсалтай юм байна л гэж ойлгоод байгаа. Ямар ч эсгүй болоод баасаа гаргах нөхцөлгүй болсон. Тиймээс л тэр бүдүүн гэдсийг нь нарийн хэсгээр нь замд нь таслаад нааш нь ил гаргасан нь энэ юм байна.
Ийм өвчин юунаас болж туссан гэж тайлбарладаг вэ?
Агаар, ус, орчны бохирдлын нөлөөгөөр ийм болсон гэж тайлбарласан шүү дээ. Гэхдээ өөр нэг эмч болохоор мянганд нэг тохиох үзэгдэл гэсэн. Яг ийм зүйлээс болдог гэж нарийн зүйл мэдэж аваагүй л байна.
Энэ байдал нь бусад эд эрхтэндээ нөлөөлөх нь хэр байна вэ?
Гайгүй л байх шиг байна. Одоохондоо мэдэгдсэн зүйл алга.
Ийм удамшлын өвчин байдаг юм болов уу? Танай удамд ийм өвчин байгаагүй юу?
Удамшлынх биш гэсэн. Гэхдээ яваандаа удамшдаг. Охиноос маань гарсан хүүхэд нь адилхан ийм төрөх өндөр магадлалтай гэж хэлсэн.
Охин өвчиндөө шаналж уйлах үе байдаг уу?
Өмхий ногоон тос гэх мэт олон тос, эм түрхэнэ. Тэр нь өвчнийг нь авдаг юм шиг байгаа юм. Боолтыг нь солихгүй удах юм бол гэдэс нь хөөж бомбойгоод ирдэг. Дээр нь цус гарна.
Өдөрт хэдэн удаа боолтыг нь сольж цэвэрлэгээ хийж байна, цэвэрлэгээ хийх бүрдээ өмхий ногоон тос, бэлгэвч гэх мэт зүйлээ хэрэглэдэг хэрэг үү?
Тийм ээ. Өдөрт доод тал нь зургаан удаа боолтыг нь сольж цэвэрлэгээ хийнэ. Баах тоолонд нь бас цэвэрлэнэ шүү дээ. Мэдээж тэр бүрт нь л энэ зүйлүүдээ хэрэглэнэ.
Охин нь их сэргэлэн хөдөлгөөнтэй юм. Гэдсэн дээрээ л ийм асуудалтай болохоос оюун санаа нь эрүүл хүүхэд шиг харагдаж байна.
Оюун санаа нь бол зүгээр. Их сэргэлэн, дэггүй. Хөдөлгөөнтэй болохоор гэдэснийхээ юмыг хөндөөд эвгүй болгочих гээд байдаг талтай. Жоохон хүүхэд учраас хөдлөхгүй, тоглож наадахгүй байна гэж үгүй. Заримдаа зүгээр явж байснаа ёо ёо гэж зогтусчихаад л зүгээр болчихдог юм. Тэрийгээ хааяа хөндчихөөр өвддөг болтой юм билээ. Анх боолтоо солиулахдаа зүгээр байсан. Одоо ерөөсөө зугтаагаад боолтоо солиулах дургүй болчихоод байгаа. Жоохон ч гэсэн зовиурладаг л болтой юм билээ. Гэдсэн дотор байх ёстой улаан махыг нь ил гаргачихаар өвддөг л байх л даа. Хуруугаа зүсэхэд л яадаг билээ дээ.
Том охиноо сая Солонгос эмчид үзүүлээд ирлээ. Эмч нь юу гэж байна. Энгийн хүн шиг болох боломжтой гэж байна уу?
Өвчнийх нь түүхийг сайн мэдэхгүй байгаа учраас Монголд эмчилж байгаа эмч нартай нь уулзаж нарийн мэдээлэл авна гэж байна. Хагалгаа хэрхэн яаж явагдсныг бас мэдэх шаардлагатай гэж байна лээ. Монгол эмч нар яагаад гурван удаагийн хагалгаа хийх гээд байгааг ойлгохгүй байна гэсэн. Солонгос улсад бол ийм төрлийн өвчтэй хүний хагалгааг нэг л удаа хийгээд хэвийн болгодог гэсэн. Манай охиныг үзсэн Солонгос эмч өөрөө Солонгос улсдаа эмнэлэгтэй юм байна. Өөрийнхөө эмнэлгийн эмч нартай ярилцаж, зөвлөлдөж байгаад боломжтой бол үнэ төлбөргүйгээр танай охиныг эдгээж өгнө гэж хэлсэн.
Сайхан мэдээ байна. Тэр Солонгос эмч нартай яаж холбогдов?
н .Хулан гээд эгч биднийг холбож өглөө.Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Монгол талын үүсгэн байгуулагчийн охин юм байна. Өөрөө ой гурван сартай хүүхэдтэй гэсэн. Тэгээд хамт төрсөн эмэгтэйчүүдээрээ нийлээд жилдээ нэг удаа бусдад туслах буяны ажил хийдэг юм байна. Тэгээд энэ жил бидэнд туслахыг зориод тэр Солонгос эмчтэй уулзуулж өгч байгаа юм. Их азтай байгаа биз дээ. Монголынхоо эмч нартай ч уулзаж чадахгүй байхад Солонгосын их том эмчтэй уулзчихлаа. Солонгос эмч нар нааштай хариу өгөөсэй гээд л найдаад, залбираад сууж байя даа.
Том охин нь хоол унд юу идэж ууж байна вэ? Тусдаа хоол хэрэглэдэг үү?
Тостой, өөхтэй юм идэж болохгүй. Ер нь бол хурц юм идэж болохгүй. Голдуу усан бантан ч юмуу их жижиг өшиглөж хийсэн тийм л хоол иддэг. Идсэн хоол унд нь заримдаа боловсруулагдаагүй бүхэл бүхлээрээ гарч ирээд байдаг юм. Хурц хоол унд идвэл урвал үзүүлдэг болтой. Маш их кисалда л гарч ирдэг юм.
Одоо зун болж байна. Халуунд гэдэс нь онгорхой явах олиггүй л биз. Монголын эмч нар юу хэлж байх юм? Дараагийн хагалгааг яаравчлах талаар юм ярихгүй байна уу?
Асаргаа сувилгаа бүр их л шаардагдах байх даа. Зузаан хувцаснаас салаад нимгэн хувцастай явах болно. Үнэр нь дийлдэхээ болих байх гэж айж байна. Дээр нь хүүхэд л болсон хойно тоглож наадаж байгаад бохир оруулах вий гээд айдас их байна. Монгол эмч нар одоо олдохоо ч больсон. Дараагийн хагалгааг уг нь 3-р сард хийнэ гэж байсан юм. Одоо хоёр ч сар өнгөрчихлөө. Асууж сураглаж үзэхээр болоогүй байна. Та нар битгий яар. Маш хүнд хагалгаа учраас яарах хэрэггүй л гээд байгаа юм. Харин Солонгос эмч болохоор тийм хүнд хагалгаа биш, бид боломжтой бол эмчилнэ л гэсэн шүү дээ. Зөрүүтэй л юм ярих юм байна.
Идсэн хоол унд нь тэр чигээрээ гардаг гэж байсан шүү дээ. Тэгэхээр боловсруулдаггүй байх нээ. Хоолны шим тэжээл нь биендээ хэр наалдацтай байдаг юм бол? Эмч нар хэр зөвлөгөө өгч байна вэ?
Манай охин чинь хагалгаанд орохоосоо өмнө 2 настай хүүхэд хэрнээ 9кг жинтэй байсан. Одоо харьцангуй жин нэмж байгаа. Гэхдээ үеийнхээ хүүхдүүдийг бодвол өсөлт нь удаан байгаа. Анх хагалгаанд орохдоо 7-8 цаг болсон. Тэр их норкоз хэрэглэсэн. Дараагийн хагалгаанд ч оруулахдаа ер нь айдастай л байгаа. Анх ээж нь охиноо хагалгаанаас гарсны дараа охиноо хараад ухаан алдчихсан. Их шоконд орсон. Анх харахад их эвгүй байлаа. Одоо ч бараг дасч байх шиг байна. Наашаа гаргасан гэдэс нь анх энэ байгаагаасаа их том урт байсан юм л даа. Тэгээд чяс улаан өнгөтэй эвгүй л байсан.
Том охины хагалгаа амжилттай сайн болчихбол айх айдсаа ардаа орхих нь. Харин бага охин бас сэтгэл зовоосон хэд хэдэн өвчтэй байна? Ямар өвчтэй, юу гэдэг оноштой байна вэ?
Ээж: Ц.Төмөр-Очир
Бага маань 32 долоо хоногтой байхдаа төрөх гээд дуншаад өвдөөд эхэлсэн. Тэгсэн эмч нар нь тогтооно гээд баахан тариа хийгээд байлгаад байсан. Нэг хоног ч гэсэн гэдсэндээ байвал амьдрах чадварт нь сайн гэсэн юм. Тэгээд тав дах өдөр нь гаргасан. 1 кг 900 грамм төрсөн. Дутуу төрсөн гээд инкубаторт 10 өдөр байлгасан. Тэгээд Нэгдүгээр төрөхөд байж байгаад гэртээ гарсан. Зүрх, бөөрийг нь үзүүлэх гээд Эх нялхас руу бид нар очсон. Гэтэл тархиндаа цус харвачихсан хүүхэд байна шүү дээ гэж эмч нар хэлсэн. Төрөх гээд бэлэн болчихсон байхад нь байлгаад байсан нь тархинд нь цус харвахад нөлөөлсөн байх гэж бодоод байгаа юм. Дээр нь охин маань зүрх нь цоорхой. Бөөр нь усжилттай. Бөөрний усжилтын хувьд гэдсэнд байхад нь бөөр нь асуудалтай байгааг нь мэдсэн л дээ. Бага охин маань 3-р сард л эмнэлэгт хэвтээгүй. Түүнээс сар бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Төрснөөсөө хойш гурван сар хүртлээ эмнэлэгт байсан даа. Яармагийн эмнэлэг, Эх нялхас гээд л байнга эмнэлэгт байсан.
Япон эмч нарт бага охиноо үзүүлсэн гэсэн. Юуг нь үзүүлж ямар тусламж авсан бэ?
Монгол эмч нар хэлэхдээ охины маань зүрхний цоорхой битүүрсэн байна гэсэн. Харин Япон эмч нар зүрх нь цоорхой хэвээрээ байна. Ийм бага хүүхэд учраас хагалгаанд орох боломжгүй. Эмч нарынхаа хяналтанд сайн байлга л гэж хэлсэн.
Зүрх нь цоорхой төрсөн нь юунаас үүдсэн өвчин юм бол оо?
Дутуу төрөх үед зүрх нь цоорхой байж байгаад төрөхдөө хаагддаг юм байна. Манай охиных харин хаагдаагүй төрсөн гэж л тайлбарласан. Зүүн бөөр нь усжилттай нь бол гэдсэнд байхдаа л мэдэгдэж байсан. Ураг бүтэж байх явцдаа бөөр нь гажигтай бүтсэн. Учир шалтгааныг нь агаарын бохирдол орчны бохирдол л гэж хэлсэн.
Бөөрний усжилтыг гэдсэнд нь байхад мэдэж. Тэгвэл тэр үед нь эмчлэх эдгээх арга байдаггүй юм болов уу?
Хоёр охиноо гэдсэнд байхад нь эход харуулахад зүгээр байна эрүүл байна л гээд байдаг байлаа. Бага охиноо гэдсэнд байхад нь агаарт байх санаатай Дархан явсан юм. Хотын эмч нар бага охины маань бөөр усжсан гэдгийг мэдээгүй. Харин Дарханы эмч төрөхөөс нь нэг сарын өмнө үзүүлэхэд бөөр нь усжилттай байна гэдгийг хэлж өгсөн юм.
Бага охиных нь оюун санааны байдал хэвийн болов уу?
Оюун санааны хувьд хоцрогдолтой гэж бодоод байгаа юм. Учир нь 10 сартай хүүхэд мөлхөөд, суугаад, явах ёстой. Манай охин бол тэгж чадахгүй байгаа. Тиймээс бид хоёр бас зүү төөнүүрээр эмчлүүлж л байгаа.
Та хоёр хоёулаа хүүхдээ асраад ажил хийх боломжгүй байна уу? Одоо яаж амьдарч байна?
Бид хоёр манай ээжийн тэтгэврийн мөнгийг 2015 оны 9-р сар хүртэл зээлээд авчихсан. Одоо ахиж зээл өгөхгүй гэсэн. Хоёулаа ажилгүй суучихаар орлогогүй хэцүү л байна л даа.
Аав: Б.Батбилэг
Ахынхаа машиныг гуйж хэрэглэж байгаа. Тэгээд боломжтой үеэрээ халтуур хийж мөнгө олж байна. Өөр хийчихмээр юм олдвол хийдэг л юм. Найз нөхөд тусалж л байна. Өнгөрсөн 4-р сард олон нийтэд хандаж эхэлсэн. Хүмүүс тусалж л байна. Өмхий ногоон тос, бусад эм гэх мэтийг боодлоор нь авч өгсөн. Та нарын өмнө л гэхэд нэг хүн уут дүүрэн памперс өгсөн. Энэ цагаан тос эмийн санд 28.000 мянган төгрөг гэдэг. Өмхий тос нь 2500 төгрөг гэдэг. Том охины боолтыг л хийхэд ийм хэмжээний мөнгө ордог гэсэн үг. Гэхдээ олон нийтэд хандсаны буянаар сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар сүүлийн нэг сар дутагдаж гачигдах зүйл нь багасаад сайхан л байна даа.
Яг өнөө маргаашдаа юу хэрэгтэй байна вэ?
Цириксон гээд эм л хэрэгтэй байна даа.
Том охины гэдсийг цэвэрлэхэд юу юу шаардагдах вэ?
Ээж: Ц.Төмөр-Очир
Эхлээд тамединаар цэвэрлэнэ. Цайрын исэлтэй энэ тосыг нь түрхэнэ. Өмхий ногоон тосоо түрхэнэ. Их том сорви үлдэх учраас энэ тосоо л сайн түрхэх хэрэгтэй юм билээ л дээ. Тэгээд бэлгэвч гадуур нь хийчихдэг юм. Тэгэхгүй бол зориулалтынх нь эд их үнэтэй. Дээр нь олдоц муу юм билээ. Ингээд зарим боолтыг нь Монголчилчихсон юм.
Том охиных нь өвчтэй төстэй өвчтэй хүүхэд хэр их байдаг бол?
Мэр сэр байдаг юм билээ. Гэхдээ яг манай охиных шиг биш. Саяхан бид хэд Эрдэнэт хотод очоод ирсэн. Ийм өвчтэй хүүхэд байдаг гэж дуулаад туслах санаатай очсон юм. Тэр хүүхэд бол нярай байсан. Манай хүүхдээс арай өөр оноштой. Өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж, боолт тос зэргийг нь яаж хэрэглэхийг зааж өгсөн.
Сайхан сэтгэл Монголчуудаа манай гэр бүлд тусалж, хоёр охиныг минь эрүүл саруул болоход хандив өргөөчээ гэж гуйж байна. Бидэнд тусалсан бүх хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье ээ.
Хандивын данс: Хаан Банк 5071 0565 90 Төмөр-Очир
Холбогдох утас: 8994 5448, 8995 5448
Ярилцсан: У.Сэргэлэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих