Д.ОЮУН
Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамбатай ярилцлаа.
-Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд энэ хичээлийн жилд хэчнээн оюутан суралцаж байна вэ?
-2013-2014 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсруулалтын 78 байгууллагад 42798 суралцагч сурч байна. Энэ суралцагч дотроо гурван бүлгээс бүрдэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгссөн хүүхдүүд 2.5 жилээр сурч төгсдөг. Зарим оюутнууд техникийн боловсрол олгох чиглэлээр гурван жил суралцдаг бол гуравдугаар бүлэгт нь насанд хүрэгчдийн сургалтыг зохион байгуулдаг. 11, 12 дугаар анги төгссөн хүүхдүүд их, дээд сургуульд ороогүй эсвэл их сургуулиа төгссөн ч ажил хийх боломжгүйгээс мэргэжлээ сольж өөр ажил хийе, хэдэн ч настай байсан хүмүүст мэргэжил олгох сургалтуудыг МСҮТ, политехникийн коллежиудад явуулдаг. Энэ гурван бүлэг хүмүүс нийлээд 42798 гэсэн тоог бүрдүүлж байгаа. Зөвхөн есдүгээр анги төгссөн хүүхдүүд сурдаггүй. Суръя гэсэн хэн бүхэн сурч болно. 24-өөс доош насныхан тэтгэлэгтэй. Харин үүнээс дээш насныхан тэтгэлэггүй. Гэхдээ нэг жилийн хугацаатай, үнэгүй сургалт явуулдаг.
-Суралцаж байгаа хүүхдүүдэд сар бүр 45 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг байсныг 70 мянга болгосон гэсэн. Энэ үнэн үү?
-2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24-өөс доош насны суралцагсад 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсныг 70 мянга болгосон. Хүүхдүүд маань тэтгэлгийн төлөө их, дээд сургууль руу хошуурч дөрвөн жилийг өнгөрөөгөөд төгсөөд ажлын байртай болж чадахгүй нийгэмд илүүдэлтэй мэргэжлээр суралцдаг. Тиймээс тухайн хүүхэд яг адилхан тэтгэлгээр их, дээд сургуульд сурах уу эсвэл мэргэжил эзэмших үү гэсэн сонголт хийх боломжийг олгох зорилготой. Өмнө нь есдүгээр анги төгсөөд сурлага нь тааруу дээшээгээ ангид орж чадаагүй хүүхдүүд ордог байсан. Тэгвэл одоо их сургуультай адилхан тэтгэлэгтэй болчихоор хүүхдүүдийн болон элсэгчдийн чанар сайжирна гэж ойлгож болно. Тухайн хүүхэд хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нь тэтгэлгийн зөрүүгүйгээр олгогдож байгаа.
-Энэ тэтгэлгийг өгөхдөө их, дээд сургуулиуд шиг сурлагын дунджийг нь харж байгаа юу?
-Одоо бол сар бүр 70 мянган төгрөгийг олгож байгаа. Ирэх жилээс зайлшгүй сурлагын болон ирцийн байдлыг авч үзэх ёстой. Хэрэв муу сурвал энэ тэтгэлэг тодорхой хэмжээгээр хасагдана. Сайн сурвал 70 мянгаа авна. Нийт өрхийн амьжиргааны дундаж төвшин хангалтгүй доогуур байна. Үүнтэй холбоотойгоор 70 мянган төгрөг дээр тухайн суралцагчийн гэр бүл тогтдог хандлага нэлээдгүй байдаг. Суралцагчийн тэтгэлэг гэдэг тухайн өрхийн орлоготой шууд хамааралтай асуудал. Тиймээс тэтгэлгийг бууруулах бус сургалтын чанарыг сайжруулах талаас бид энэ алхмыг авч үзнэ.
-Эрэлттэй ямар мэргэжил байна вэ. Төгсөгчдийг ажлын байраар 100 хувь хангаж чадаж байна уу?
-Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв 170 гаруй мэргэжлээр сургадаг. Үүнийг цаашид нэмэхийн тулд хичээж ажиллаж байна. Техник технологийн дэвшил, компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор шинэ мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээлд үүсч бий болдог. Шинэ эрэлттэй байгаа мэргэжлүүдээр бодлоготойгоор мэргэжилтэн бэлтгэх ийм асуудал байгаа. Тэгэхээр мэргэжил сургалтын байгууллагуудад шинэ мэргэжил нээх талаар нийгмийн түншлэлийн хүрээнд компаниудтай хамтарч ажиллаад тэдний саналыг сонсоод зарим томоохон компани нэг анги дүүрэхүйц хэмжээний захиалга өгвөл одоо бэлтгэхгүй ч шинэ мэргэжлээ ингэж бэлтгэх чиглэлээр ажилладаг. Сүүлийн үед үйлчилгээний салбарт борлуулалтын ажилтан эрэлттэй байна. Бид Борлуулагчдын холбоотой хамтарч энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулдаг. Зах зээлийн хандлагаа дагаад барилгын салбарт барилгын мэргэжлүүдээр эрэлт өндөр байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт ажлын байрны тоо буурсан. Уул уурхайн мэргэжлээр төгсөгчид ажилд ороход тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл байна. Харин хөдөө аж ахуйн салбарт тогтмол сайн байна. Нийт төгсөгчдийн 56 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих