Цаг хугацаанд хөөгдсөн монгол. 1985 онд "Улаанбаатарын төрөх эмнэлэгт нярайг ингэж өлгийдөх нь тэврэхэд хялбар байдаг. Охиныхоо тухай мэдэх гэсэн аавууд эхнэртэйгээ гаднаас захиагаар харилцдаг юм. Төрөлт бол эцэг эхэд төдийгүй улсын хөгжилд баяртай үйл явдал юм" хэмээн гэрэл зурагчин Дон Конгерын хамт Монголд ирсэн ТОМАС Б. АЛЛЕН энэхүү зургийн тайлбарыг ийн бичиж байжээ. "Хэрэв өнгөрсөн цаг нь хөдөө, ирээдүй цаг нь хот гэвэл монголчууд яг алтан дунджид явж байна" хэмээн Аллен "National Geographic" сэтгүүлийн 1985 оны 2 сарын дугаарт өөрийн нийтлэлдээ бичиж байв.
Ингээд саяхан мэт санагдах 1985 оны Монгол орноор аялахыг урьж байна.
Бүдүүлэг харанхуй үеийг даван туулж, социализм, коммунизмын төлөө хэмээн уухайлж, аж үйлдвэр, хотжилтыг улс орны цорын ганц ирээдүй хэмээн төсөөлж явсан тэр үед монголчуудын уламжлалт ахуй амьдрал тэр их мөрөөдөл дунд хэрхэн тэмцэж байсан тухай National Geographic сэтгүүл 1985 оны 2 сарын дугаартаа нийтэлж байжээ. Шинэ оны тэсгим хүйтэн энэ өдөр цасан цагаанаар хучигдсан нүд алдам тал нутгаар бид давхина. Хорин долоон миль... хорин найман миль... Зөвлөлтөд үйлдвэрлэсэн жийп машины хяналтын самбараас би километрийн заалтыг мильд шилжүүлэн бодож сууна... Амьд амьтны бараа харалгүй хорин есөн миль газар явжээ. Зун харагддаг байсан адуу, үхэр, тэмээ ор сураггүй болчихож. Зэрлэг өвс ургамал, элсээр хучигдсан Монгол одоо өвлийн нимгэн, гялтгар цасан дор оржээ. Жийпний дөрвөн дугуй хөр цасыг чахруулан өнхөрсөөр. Гучин миль...
Энд ирэх бүрт надад нэг л харийн тэгсэн мөртөө Дакотагийн хээр тал газар, Небраскагийн өргөн гандуу нутаг, Канзасын тэгш тал, адуу мал, Колорадо, Вайомингийн тал хээр, уул толгод, Монтанагийн уудам тэнгэр гээд Америк нутаг минь үзэгдэх шиг. Эдгээр мужуудыг нийлүүлэхэд Монгол орны хэмжээ барагцаалагдана. Энэ л 1,6 сая км2 орчим газар нутагт 1,9 сая монголчууд амьдардаг. Энэ нь ойролцоогоор 1 км2 талбайд 1,2 ногддог гэсэн үг юм.
Гурван жийп гэрийн урд зогссоноор бид уралдах шахуу бууцгаав. Биднийг хариуцаж явсан албаныхан гэрийн эзэн Жамсранд орчуулагч Наталия Бурсо-Леланд, Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн гэрэл зурагчин Дин Конгер болон намайг танилцууллаа. Жамсран бол малчин бөгөөд 2 сарын 2-ны энэ өдөр бол малчдын шинэ оноо угтах өдөр. Харин хотын хүмүүс 1 сарын 1-нд тэмдэглэдэг. Үүнээс үүдэн Монгол улс үйлдвэр хот бүхий ирээдүйг цогцлоохын сацуу өнгөрсөн үеийн нүүдэлчин амьдралаар амьдарч байгаа ажээ.
ЖАМСРАН ба түүний эхнэр Удвал нар шагай хүрсэн урт торгон дээл буюу үндэсний хувцастай. Тэр нь гоёмсог бөгөөд өвөлд зориулж хонины нэхийгээр доторложээ. Биднийг газарчилсан орон нутгийн албаныхан ч мөн дээлтэй байв. Харин нийслэл Улаанбаатар хотоос бидэнтэй хамт яваа арай том албан тушаалтан маань барууны маягийн хослол, цамц, зангиа, хүрэм өмссөн байлаа.
Жамсран (олон монголчуудын адил нэг л нэрээрээ дуудуулдаг) зочдоо ихэд ёсорхуу угтаж, тэнгэрийн хөх өнгөтэй мэндчилгээний урт ороолтыг гар сунган барив. Тэгээд гэрийнхээ тод өнгөтэй жижиг үүдээр орохыг урихад бид бөхийж орлоо. Гэрийн үүд ямагт өмнө зүгт харж түүний эсрэг талд зочдын хэсэг байрлах нь эртнээс улбаатай. Дин, Наталия бид гурав дөрвөн хөлтэй, улбар шар жижиг сандлууд дээр суув. Бидний ард улбар шар авдар сав, дээр нь олон арван гэр бүлийн гэрэл зургууд тавьсан байх бөгөөд эсгий хучилттай брезентэн хана дагуу дөрвөн гуулин ор, цөөн хэдэн жижиг авдар эгнүүлсэн харагдав. Гэрийн баруун тал нь эрэгтэйн тал учраас Жамсрангийн эмээл тэнд байв. Харин зүүн талд нь Удвалын тогоо шанага, гэрийн эд юм агуулсан авдар байх бөгөөд гэрийн дээврийн бүтээлгийг сөхөхөд жихүүн, саарал тэнгэр үзэгдэж байлаа. Зуухны хар яндангаас утаа гарч Удвал доор нь баярын зоог бэлтгэнэ. Тэрээр зуухны амыг онгойлгон, малын хатсан баас овоохоныг цөөн модтой хийлээ. Гэр ч бүлээцээд ирэв.
Шинэ оны тэр урт өдөр шувтрахын өмнө би хонины чанасан махнаас ёс болгон хэрчиж амсаад хэд хэдэн цагаан идээ амссан нь өрөм хэмээх өтгөн цөцгий, ааруул хэмээх хатуу шар бяслаг байлаа. Уг бяслагийг тэмээ, хонь, ямаа, үнээний сүүний алинаар нь ч хийж болдог гэнэ. Мөнгөн аяганаас би тэмээний бүлээн сүү, архи гэх буудайн водка, мөн монгол архинаас балгав. Монгол архи нь гүүний исгэсэн сүүг нэрж хийдэг хатуу ундаа бөгөөд сарлагийн сүүний шар тос дотор нь хийж уудаг. Бид аягатайгаа тулгаж, цаг агаар, мал амьтан, садан төрлийн талаар яриа өрнүүлэв.
Жамсрангийн хэлдэг Монгол хэмээх нэг том бэлчээрт албан ёсны мэдээгээр 591,500 тэмээ, 1,985,400 адуу, 2,397,100 толгой үхэр, 14,230,700 хонь, 4,566,700 ямаа бий бөгөөд газар нутгийн нэгэн адил бүгд улсын өмч. Тиймээс улс энэ бүхнийг цорын ганц нам болох Монгол Ардын Хувьсгалт Намаар дамжуулан хяналтандаа байлгадаг. Намын үзэл баримтлал нь нүүдэлчдийг коммунист болгоход чиглэнэ. Зохион байгуулалт нь ч гэсэн дээрээс доош чигтэй гэдэг нь харваас илт. Би Жамсрангаас зун хэдэн удаа гэртэйгээ нүүсэн бэ гэж асуувал Улаанбаатараас ирсэн албаны хүн өмнөөс нь "арван удаа” хэмээн өмнөөс нь хариулав. Би Жамсрангаас хэзээ хаашаа нүүхээ хэрхэн шийддэг вэ гэж асуувал албаны хүн мөн л өмнөөс нь "Малчдад юу л байна хонь байна. Тэгэхээр өвс ногоо хаана сайн байна тийшээ нүүнэ. Ингэж л эд нар нүүдэл суудлаа тохируулдаг юм даа” гэв. Албаны хүн маань инээвхийлэн өөрөө хэзээ ч малчин байгаагүй гэдгээ хэлсэн юм.
9 настай Оюунбилэг, түүний эгч 13 настай Даваасүрэн нар аймгийн шилдэг сурагчид юм. МОНГОЛЫН 18 аймаг тус бүр сумдад хуваагддаг. Сум бүр засаг захиргааны төвтэй бөгөөд тэр нь нэгдэлчид, малчдыг хариуцдаг. Шинэ оны энэ аяллаа бид Улиастай гэх аймгийн төвөөс эхэлж, сумын төвүүдэд саатаж явлаа. Сумын төв гэдэг нь эмх цэгцгүй намхан модон байшин, гэрүүдтэй. Хөдөө гэрт амьдардаг хүүхдүүд, тэдгээрийн дотор Жамсрангийн нэг хүүхэд ч мөн тэндэхийн сургуулийн дотуур байранд өвөлжиж байлаа.
Том саруул өрөөнд намайг ороход 14 настай Сүхээ хүү ширээний ард сууж байв. Тэр энэ өрөөнд өөр дөрвөн хүүхдийн хамт байдаг ажээ. Би түүнээс хамгийн хэцүү хичээл нь юу вэ гэж асуухад тэр сандлаасаа огло харайн босч, цэх зогсоод "Надад хэцүү хичээл байхгүй” гэлээ. Сургуульд 10 хүүхэд тутмын 7 нь хамрагдана. Хотын хүүхдүүдийн адил тэд найман настайгаасаа сургуульд ордог бөгөөд 9 сард хөдөө гэрээ орхин явж, дөрвөн амралтыг эс тооцвол таван сар хүртэл гэртээ ирэхгүй. Мөн зун нь Хүүхдийн Пионерийн зуслан руу явцгаадаг. Сүхээгийн адил наймаас дээш жилийн боловсрол эзэмшихийг хүсч байгаа сурагчид өрсөлдөөнтэй шалгалтанд орж, сурлага сайтай нь техникийн болон шинжлэх ухааны чиглэлээр, зарим нь бүр гадаадын их, дээд сургуульд явах нь ч бий.
МИНИЙ аяллыг зохион байгуулсан албаны хүмүүс том том хот, үйлдвэрүүдийг ирээдүйн зорилгоо болгосон байлаа. Гэвч энэ асар уудам нутаг тэднийг төдийгүй намайг ч гайхан бишрүүлнэ. Гайхалтай алслагдмал, үнэхээрийн үзэсгэлэнтэй говиос эхэлсэн аялал маань Шамбалын орон гэлтэй хойд зүгийн нуур руу хөтөлсөн бөгөөд өмнө нь ямар ч америк сэтгүүлчийн очиж байгаагүй, цасаар шуурсан зүүн баруун аймгуудаар ч мөн бид аялав. Монголчууд сэтгэлд хоногшсон дуунуудаа тайз, сургууль, гэр, морин дээр, жийп гээд хаана л бол хаана дуулахыг сонссон.
Хөгжмийн сургуулийн нэг хөгжимчин морин хуур гэх гар хийцийн ихэд хүндлэгдсэн хоёр чавхдаст зэмсгийг морины хялгасан нумаар дуугарган, уянгын гэгэлгэн ая тоглоход нь Монголчууд түүхэндээ дэлхийд хосгүй хөгжим бүтээсэн гэдэгт итгэж билээ.Дараа нь би театрын найруулагч, Монголын урлагийн дээд шагналыг хүртсэн зохиолч Оюунтай уулзахад тэрээр түүний эх орон бол дэлхийн дуу хуурын өлгий нутаг болохыг надад итгүүлж "Монголчуудын хувьд морин хуураар хуурдаж, дуулдаггүй бол хүн биш” гэсэн юм.
Оюун надад "уртын дуу”-ны талаар анх ярьж өгсөн юм. Дуучин сэтгэлийн гүний үгийг авиа эгшгээр уянгалуулан сунжруулдаг болохоор уртын дуу гэжээ. Тэрээр "Уртын дуугаар Монгол орны цэлгэр уудам байдал, зарим үед баяр жаргал, зовлон гунигийг, тал нутаг, эрээнтэй бараантай хүний амьдралыг дуулдаг. Гэхдээ тэр бүхнээ давхиж буй мориор төсөөлж, дуу бүр нь салхи зүсэн нисэх мэт гайхамшигт морины тухай өгүүлдэг” гэсэн юм. Мөн тэрээр хөөмий хэмээх зөвхөн эрчүүдийн аялдаг ер бусын сайхан аялгууны талаар ярьж өглөө. Хөөмийлөхөд төвөнх, амны хөндий, хэвлийн булчин ажилладаг бөгөөд тэгж гэмээ нь хэд хэдэн авиа эгшгийг нэгэн зэрэг дуугаргадаг бололтой. Чичирхийлэн хэлбэлзэх авиа нь ид шидийн юм шиг. Энэ авиа нэг л хүнээс гарч байгаад та лав итгэхгүй дээ.
Улаанбаатарын хамгийн сонирхолтой хөшөөт цогцолбор бол Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан гялтганасан мозайк, чулуун шигтгэмэлүүд бүхий өндөрлөг юм. Орчин цагийн монголчууд өв уламжлалаа Чингис хаантай бус Ленинтэй, Алтан Ордны улстай бус Улаан армитай холбох ажээ.
Дараа нь бид өндөрлөг газарт баригдсан өргөн чөлөөгөөр машинтай явлаа. "Үүнийг барихад оросууд тун их тусалсан учраас бид Брежневийн бэлэг гэж нэрлэдэг” хэмээн манай байнгын хөтөч, орчуулагч Алтан тайлбарлав. Зөвлөлт улсын Монголд үзүүлсэн тусламж ийнхүү орос удирдагчийн нэрээр нэрлэгджээ. Нэг удаагийн тусламжийн хариуд Монгол улс ачит ЗХУ-даа зэс, гурилын ноогдол ашгаас өгч, Зөвлөлтийн 60 мянган цэрэгт Хятад-Монголын хилийн дагууд хэсэг зуслангийн газар олгосон юм.
1962 онд Монгол улс Коммунист орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд гишүүнээр элссэнээр хурдтай өөрчлөгдөж эхэлжээ. Бусад гишүүн орнууд Монголд үйлдвэр барьж, ажилчдыг нь сургаж өгөөд оронд нь бэлэн бүтээгдэхүүн авдаг. Зүүн Германы нэрт улс төрч Вильгелм Пийкийн дурсгалд зориулсан хивсний үйлдвэр зэрэг хөрөнгө оруулагч орныхоо нэрээр нэрлэх тохиолдол олныг би харсан.
Хивсний үйлдвэрт цайвар шаргал үстэй, цэнхэр нүдтэй Зүүн Германы техникчид хяхтнасан дуутай нэхмэлийн суурь машиныг янзалж байхад цаанаас нь Mонголын уламжлалт хээ угалз бүхий өнгөлөг ноосон ба нийлэг бүтээгдэхүүнүүд урсан гарна. Ажилчдын 80 гаруй хувь нь залуухан бүсгүйчүүд байв. "Манайх хоёр ээлжтэй. Ээлж бүр 8 цагтай. Гэхдээ оройн ээлжинд жаахан хүүхэдтэй эхчүүд ажилладаггүй. Ажилчдын хүүхдүүд өдөр өнжүүлэх төв болон асрах газарт үнэгүй хамрагддаг” хэмээн үйлдвэрийн дарга танилцуулав. Асрах газарт эхчүүд хүүхдээ даваа гарагийн өглөө авчраад бямба гарагт авдаг. Бямбад тэд 6 цаг ажилласнаар долоо хоногт 46 цаг ажиллах нормоо биелүүлдэг ажээ.
Орчин үеийн залуус үйлдвэрт ажиллах туйлын сонирхолтой. Гэвч хөдөө нутаг, нүүдэлчин ахуй соёл, тал нутгийн центавр гэлтэй салхи татуулан давхих морьтон түмэнд хотжилт, үйлдвэржилт тийм ч их нөлөөлж чадахгүй байгаа бололтой. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнөөс үл хамааран одоо ч морь хэрэглэнэ. Хотын дотор, орон сууцны үүдний өмнө морь уяатай байхыг би олонтаа харсан. Мөн автобус хүлээн зогсох хүмүүсийн дэргэдүүр морьтой хүн хатирч өнгөрөхийг ч харсан. Хотоос бүх морьдыг гаргасан ч хүнтэй л ойр байх тавилантай амьтан ажээ.
Монголын хойд зүгийн Мөрөн хотоор би зуны нэгэн орой алхаж явлаа. Кино театр, хэд хэдэн үйлдвэр, шинэхэн орон сууцтай ч хувийн харилцуур утасгүй энэ хотод хэсэг охид залуус орон сууцнаасаа гарч нэг задгай газар очихыг би анзаарсан юм. Гэтэл тэнд хүүхдүүд нэг шар цистернийг тойрч зогсоод хоолойноос нь төмөр аягандаа айраг тосч байлаа. Тал нутгийн хаа нэгтээ нэг малчны эхнэр мал, гэр байхгүй ийм хүмүүст зориулан гүүгээ сааж зогсдог байх даа. Хэрэв өнгөрсөн цаг нь хөдөө, ирээдүй цаг нь хот гэвэл Mонголчууд яг алтан дунджид явж байна. Албаны хүний хэлснээр, монголын хүн амын тал нь одоо хотод амьдарч байна.
ЗХУ, Хятад хоёр найрсаг харилцаатай байхдаа аль аль нь Монгол руу хүн хүч, мөнгийг цутгадаг байлаа. Цэнхэр хувцастай болохоор нь цэнхэр зөгий гэж монголчуудын хочилдог хятад ажилчид их дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн, эмнэлэг, зочид буудал, орон сууцнуудыг барьжээ. Олон мянган хятадууд ч энд суурьшжээ. 1960-аад онд хоёр их гүрэн олны нүдэн дээр түнжин хагарч, ЗХУ Монголын гол хамгаалагч болж дууссанаар хятад оршин суугчид бөөн бөөнөөрөө гарч явцгаасан юм. Намайг Монголд байх үед олон мянган хятадуудаас тариачин болж эндээ үлдэх үү, нутаг буцах уу гэхэд тэд Хятад руу явах галт тэргийг сонгож байсан юм даг.
Хоёрдугаар хэсэг тун удахгүй
Эх сурвалж: National Geographic Mongolia
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих