ЗГХЭГ-аас орон нутагт зохион байгуулж байгаа "Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Дорнод аймагт үргэлжиллээ. Дорнодын 14 сумын 66 багийн Засаг дарга нарын 60 шахам хувь нь олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүс байна. Иймээс тэд төрөөс хангамж хүсэхээс илүү асуудал бэрхшээлээ нэгтгэн цэгцтэй илэрхийллээ.
Төрийн ажлыг иргэд, айл өрхөд хүргэх анхан шатны нэгжийн үүргээ биелүүлэхэд "цаасны ажил” хамгийн их дарамт болж байна гэж тэд хэллээ. Зээл авах, ажилд орох, олон төрлийн бүртгэлд хамрагдах гэсэн иргэдэд өдөржин хаягийн тодорхойлолт бичиж суудгийг халах гарц нь ТҮЦ машин учраас сумдад даруйхан суурилуулахыг хүсч, энэ хэлэлцүүлэгт оролцох үед ч тодорхойлолт бичүүлэх гэсэн иргэд утасдсаар байгааг учирлалаа.
Банкинд, цагдаад, байгууллагуудад хаяглан тодорхойлолт бичихээс гадна шилжилт хөдөлгөөний 8 төрлийн бүртгэл хийдэг, тулгуу хугацаатай мэдээ судалгаанд цаг наргүй гүйдэг, хог хаягдалд хүртэл хяналт тавьдаг гээд өдрийн ихэнх цагаа дээд шатны албан тушаалтнуудын туслан гүйцэтгэгч болж өнгөрөөдөг. Багийн Засаг дарга улс төрийн албан тушаалтан гэсэн ангилалд багтдаг учраас дээд шатны байгууллага, албан тушаалтнуудын элдэв уулзалт, сургалт, хэлэлцүүлгийн зар хүргэх "албан бус” ажилд байнга дайчлагддаг. Иймээс багийн Засаг даргыг төрийн захиргааны ажилтан болгох нь хамгийн зөв гарц. Төрийн байгууллагууд, тэр дундаа агентлагууд сумаар дамжуулалгүй шууд багт хандан олон төрлийн мэдээ тайлан гаргуулдаг, долоо хоног тутамд шахам нэхдэг ийм тайлан мэдээ нь эргээд улсын статистик алдаа хуудуутай гарах анхдагч шалтгаан болж байна гэх мэт өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр дэвшүүлсэн саналыг Дорнодынхан ч хэллээ. Сүүлийн үед эрүүлжүүлэх байрнаас иргэдээ хүлээж авах, мал, махны гарал үүслийн тодорхойлолт гаргах гэсэн шинэ ажлууд багийн даргад нэмэгдээд байгаа гэнэ.
Тус аймгийн 70 мянган хүний 70 шахам хувь нь аймгийн төв Хэрлэн сумандаа суурьшжээ. Хэрлэн сум 10 багтай, нэг баг доод тал нь 2500 хүнтэй. Төвийн баг Засаг дарга, нийгмийн ажилтан, судалгааны ажилтан гэсэн 3 орон тоотой, гэрээгээр хэсгийн ахлагч ажиллуулдаг ч тэдэнд урамшуулал өгдөггүй учраас голдуу сайн дурын үндсэн дээр зар түгээх ажилд л туслалцаа авдаг байна. Хүн амын тоотой нь уялдуулж орон тоог нь ялгаатай тогтоохгүй бол хөдөөгийн 2000 хүнтэй суманд 17 албан хаагч ажиллаж байхад төвийн том багт 3-хан хүн хаанаа ч хүрч чадахгүй байна. Бас бүртгэл, судалгаа, тодорхойлолт хийх зарим ажлыг хариуцсан байгууллагын мэргэжилтнүүдэд нь шилжүүлмээр байна гэж Засаг дарга нар санал нэгтэй хэллээ. "Багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэж бидний дээр ч юм шиг, доор ч юм шиг албан тушаалтай, ажил үүрэг нь тодорхойгүй болчихоод байна” гэж зарим нь дурьдлаа.
Дорнод аймгийн хөдөөгийн 56 багт тулгардаг хамгийн гол бэрхшээл нь хүн хүч, ажиллах орчин. Хөдөөгийн багийн дарга ганцаараа ажилладаг. Зуу зуун км-ээр алслаад нүүсэн малчин айл өрхөөрөө явсан хойгуур тодорхойлолт бичих, бичиг цаасны ажил амжуулах "ажлын алба”-нд ядаж нэг хүн хэрэгтэй байна гэж хөдөөгийн багийнхан үзлээ. Бэлчээрийн менежмент, худаг ус, байгаль орчны хяналт гээд олон ажлыг тэд хариуцдаг ч суух албан байр, ашиглах техник хэрэгслээс эхлээд гачигдал их байна.
Гэхдээ энэ чиглэлд Дорнод аймгийн удирдлагууд анхаарч байгаа аж. 2008 оноос эхлэн багийн Засаг дарга нараа ажиллах байртай болгох, унаажуулах, техник хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хийж, өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр 700 сая төгрөг зарцуулсан. Энэ онд гурван багт ажиллах байр шинээр барих, сэргээгдэх эрчим хүчээр хангах, цахилгаан дамжуулах кабел шугам татах, худаг гаргах, мал угаалгын газар байгуулах зэрэг тохижилтын ажлууд төлөвлөөд байгааг аймгийн Засаг дарга С.Ганбат онцолж байв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих