Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж байгаа "Халх гол” төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа янз бүрийн мэдээллийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар анхааралдаа авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, "Халх гол” төсөл, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас тус тус мэдээлэл, тайланг авч танилцлаа.
Эдгээр мэдээлэл, тайлангаас харахад Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны /КОЙКА/ байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Халх гол” төсөл нь Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зорилготой бөгөөд 4.0 сая.ам долларын санхүүжилттэйгээр 2011 оноос эхлэн гурван жилийн хугацаатайгаар хэрэгжихээр гэрээ байгуулсан байна. Төслийн гол зорилго нь Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх, фермерийн шинэ техник технологийг нэвтрүүлэх явдал юм.
Энэхүү зорилгын хүрээнд дараах гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьсон байна. Үүнд:
-
Газар тариалангийн зориулалтаар иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа Халх гол сумын атаршсан 30,0 мянган га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах,
-
Халх голын бүс нутагт 200 га талбайд мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны /КОЙКА/-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах,
-
Зүүн бүсэд газар тариалан эрхлэх талбайг хамгаалж ойн зурвас байгуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,
-
Халх гол сумын дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх.
2014 оны эхний байдлаар Халх голын бүс нутагт газрын хууль тогтоомж зөрчсөн гэх 19.8 мянган га талбайг чөлөөлүүлэн дахин эзэмшүүлж, атаршсан талбайг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулсан байна. Мөн аж ахуй нэгж, иргэдэд туслах зорилгоор Халх гол суманд 1.0 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй, 20 гаруй техникээр үйлчлэх дундын төвийг байгуулжээ. Усалгаа болон хатаах байгууламжийн худаг, насос зэрэг дэд бүтцийн ажил хийгдсэн ч усалгааны тоног төхөөрөмж хүлээгдэж байна.
Мал аж ахуйн загвар аж ахуй байгуулах ажлын хүрээнд махны чиглэлийн 100 үхэр, сүүний чиглэлийн 20 үнээний байр, агуулах, хүлэмжийг урьдчилсан байдлаар хүлээлгэж өгөөд байгаа аж. Мөн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын хүрээнд 2013 онд Дорнод аймгийн ХАА-н судалгааны хүрээлэнтэй хамтран хүлэмжийн тариалалтыг эхлүүлж 300 ам метр талбайд хүнсний нарийн ногоо, 1000 ам метр талбайд хүнсний ногооны тариалалтын ажлыг хийжээ. Монгол мэргэжилтнүүдийг чадваржуулах ажлын хүрээнд нийт 11 хүнийг ХАА-н дэвшилтэд технологийн чиглэлээр БНСУ-д сургасны зэрэгцээ Солонгосын газар тариалангийн мэргэжилтнүүд төслийн газарт ирж бүрэн хэмжээний судалгааг хийж дуусгасан зэрэг нааштай үзүүлэлтүүд байна.
Гэвч Халх гол төслийн хугацаа дуусах шатандаа явж байгаа боловч хийж гүйцэтгэсэн ажлын явцыг анх хийхээр төлөвлөсөн зорилтуудтай харьцуулахад зарим хангалтгүй үзүүлэлтүүд харагдаж байна. Жишээлбэл, төслийн хүрээнд Монголын талаас хэрэгжүүлэх Халхгол сумын цахилгаан дамжуулах шугамыг Дорнод бүсийн эрчим хүчний системтэй холбох, Чойбалсан-Халх голын хооронд хатуу хучилттай авто болон төмөр зам барих зэрэг дэд бүтцийн ажлуудын гүйцэтгэл хангалтгүй байна. Мөн КОЙКА байгууллагаас нийлүүлэх усалгааны болон бусад тоног төхөөрөмж, машин техникийн нийлүүлэлт хүлээгдэж байгаа аж.
Энэ байдал нь олон нийт, тэр дундаа нутгийн иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл эргэлзээг төрүүлж байж болзошгүй байна.
Жич: Дорнод аймгийн Засаг даргын албан ёсны мэдээллээр Халх гол суманд газар тариалан, хөдөө аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж байгаа гадаадын иргэн, байгууллага байхгүй байгаа бөгөөд 2013 оны жилийн эцсийн байдлаар тус суманд үндэсний компаниудаас бүрдсэн 19 аж ахуй нэгж 88.575,3 га газрыг эзэмшиж байгаагаас нийт 10 аж ахуй нэгж 25,4 мянган га газарт тариалалт, 17.5 мянган га-д уринш боловсруулалт хийснээр атаршсан гэх 40.0 мянган га газар бүрэн эргэлтэд орсон байнаТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих