Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа:
-ОУВС-гийн "Extended Fund Facility” хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. Энэхүү санхүүжилтийн томоохон хэсгийг УИХ-ын даргын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн нэн хөнгөлөлттэй зээл эзэлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын хуулийн дагуу үзэхэд нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд багтаж байгаа, хугацаа нь 20 жилээс дээш, нэгээс доогуур хүүтэй байхаар төлөвлөж байна. Хоёр талын ажлын хэсгийн түвшинд зээлийн тоо хэмжээг эцэслэж тохирох ёстой. Ажлын хэсэг тун удахгүй Монголд ирнэ.
Мэдээж Япон Улсаас олгож байгаа энэхүү хөнгөлөлттэй зээл нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжихэд чиглэгдэнэ. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр тооцож байгаа үр дүнд хүрэхэд энэ зээл маш их хэрэгтэй байгаа.
Засгийн газар энэхүү зээлийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Монгол Улсын ирээдүйн өрийн болзошгүй дарамтаас сэргийлэхэд зарцуулна. Хөтөлбөрийн эцэст тодорхой хэмжээний эдийн засгийн үр дагаврууд гарна гэж тооцоолж байна. Одоогийн бидний тооцоолж буйгаар эдийн засгийн өсөлт 6-8 хувийн тогтвортой өсөлттэй байна, валютын нөөц дөрөв орчим тэрбум төгрөгийн хэмжээнд хүрнэ, мөн инфляци дундаж түвшинд буюу зургаан хувь орчимд хэлбэлзэнэ гэсэн тооцоололтой байна. Түүнчлэн макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдана. Үүний дүнд урт хугацааны өсөлт бий болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүх макро эдийн засгийн тогтворгүй байдал арилна гэж тооцоолж байгаа.
Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчид, мөн дотоодын хөрөнгө оруулагчдын эргэлзэж байсан хамгийн том тодорхой бус байдал нь Монгол Улсад валютын нөөц хангалттай байгаа эсэх, эдийн засгийн өсөлт, цаашлаад макро эдийн засаг тогтвортой байх уу, үгүй юу гэсэн эргэлзээнүүд байсан. Эдгээр эргэлзээг хаахад энэ зээл маш чухал нөлөө үзүүлнэ. Энэхүү санхүүжилтийг Япон Улсаас өгөхдөө тодорхой хэмжээний төсөл, хөтөлбөрүүдэд нэр зааж өгөөгүй. Зөвхөн эдийн засгийн шилжилтийг санхүүжүүлэхэд зориулан өгч байгаа юм.
Санхүүжилтийг хоёр гурван хэсгээр хувааж авахаар урьдчилсан байдлаар ярилцаж байна. ОУВС-гийн хөтөлбөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр орж батлагдсаны дараа энэхүү зээлийн хэлэлцээрийг хоёр талдаа соёрхон батлах болно гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих