2017 оны 4 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ОУПХ-ны 136 дугаар чуулганы Тогтвортой хөгжил, санхүү, худалдааны байнгын хорооны салбар хуралдаанаар "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар Монгол Улсаа төлөөлөн оролцов.
Энэхүү тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар манай улсаас гадна Бахрейн, Канад, БНХАУ, ХБНГУ, Грек, Индонез, Кени, Монако, Румын, Швед, Швейцарь, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг 14 орон саналаа ирүүлснийг хэлэлцсэн юм.
Манай улсын зүгээс хөдөөгийн эмэгтэйчүүдийг төрийн болон төрийн бус байгуулагын санхүүгийн үйлчилгээ, дэмжлэгт өргөн хамруулах үндсэн дээр тэдний ядуурлыг бууруулах нь тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлагын нэг бөгөөд эмэгтэйчүүдийн тогтвортой, өргөн хүрээг хамарсан, бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, боловсрол, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн ядуурлыг бууруулах шаардлагатай гэсэн санал оруулав. Мөн амьдралын түвшин доогуур эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцоог сайжруулах арга зам, төлөвлөгөө боловсруулж, тэдгээр эмэгтэйчүүдийн зээл авах, санхүү бизнесийн сургалтад хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг парламентуудын гүйцэтгэх үүрэг, олон улсын хууль болон тухайн орны дотоодын хууль тогтоомжид тусгахыг уриалах саналыг илэрхийлсэн юм.
Хэлэлцэж буй асуудлууд болон оруулсан саналын талаарх гишүүн орнуудын төлөөлөгчдийн асуултад УИХ-ын гишүүд хариулт өглөө.
Хэлэлцүүлгийн эцэст манай санал хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжигдэж, өргөн барьж буй тогтоолын төсөлд тусгагдав.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа эмэгтэй парламентчдын, Н.Номтойбаяр залуу парламентчдын чуулганд оролцож, байр сууриа илэрхийллээгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих