Баруун
Африкийн Нигери улсад исламын "Боко Харам” зэвсэгт бүлэглэл хэт
даварсан үйлдэл гаргаж, дэлхийн анхаарлыг татаад байна. Мухаммед Юсуф
гэгчийн 2002 онд Нигерийн хойд хэсэгт үүсгэн байгуулсан "Боко Харам” нь
Барууны боловсролыг гэм гэж үздэг исламын шашны хэт даврагч террорист
бүлэглэл аж. Тус бүлэглэлийн дайчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур
Нигерийн хойд хэсгийн Борно мужийн Чибок тосгоны охидын дунд сургуулийн
дотуур байранд халдаж, 200 гаруй сурагчийг барьцаалсан хэрэг өдүүлээд
буй юм. Мөн "Боко Харам”–ын зэвсэгт дайчид энэ долоо хоногийн эхээр
дахин Нигерийн хойд хэсгийн тосгодоос 11 охиныг барьцаалан авч одсон
байна.
Ийнхүү исламын хэт даврагчдын барьцаанд 12-15 насны 276 охин оржээ. Харин хэт даврагчдын барьцаанаас 50 сурагч охин эсэн мэнд зугтаж чадсан байна. Тэдний нэгний хэлснээр барьцааны охидоос хоёр нь хорт могойд хатгуулан амь үрэгдэж, 20 нь өвчин туссан байгаа гэнэ. Охидыг барьцаалах үеэр "Боко Харам”-ын 200 орчим зэвсэглэсэн залуус 20 гаруй автомашин, 30 мотоциклоор Чибок тосгонд ирсэн байна. Гэтэл тус тосгонд ердөө хамгаалалтын 15 цэрэг үүрэг гүйцэтгэж байжээ. Нигерийн эрх баригчдын үзэж буйгаар хэт даврагчид барьцааны охидыг Самбиса ойд нууж байгаа гэнэ. 59570 км/квадрат талбайг хамран орших Самбиса ойг исламын хэт даврагчид ичээгээ болгосон аж.
"Боко
Харам”-ын тэргүүн Абубакар Шекау гэгч видео бичлэгээр дамжуулан охидыг
тус бүр нь 12 ам.доллараар секс боолчлол явуулагчдад худалдана хэмээн
сүрдүүлээд буй юм. Абубакар Шекау мэдэгдэхдээ Барууны боловсролыг
судалсан охид, эмэгтэйчүүдийг барьцаалж, бусдад зарна хэмээн
заналхийлжээ. Түүнчлэн хэт даврагчид барьцааны охидын заримыг нь
өөрсөдтэйгээ хүчээр гэрлүүлж, заримыг нь Чад, Камеруны хил давуулан
худалдсан байна. "Боко Харам” бүлэглэл үйл ажиллагаа нь идэвхижиж
эхэлсэн 2009 оны үеийг харьцуулбал сүүлийн үеийн дэвшилтэт зэр зэвсгээр
иж бүрэн зэвсэглэх болсон аж.
Охид
зэвсэгт дайчдын гарт ороод гурван долоо хоног өнгөрөхөд Нигерийн
Ерөнхийлөгч Гудлак Жонатан тэднийг суллахаар чадах бүхнээ хийж байгаа
гэсэн боловч ард иргэд Засгийн газрын хайнга байдлыг буруушааж байна.
Нигерийн нийслэл Абужа хотноо хулгайлагдсан охидын гэр бүл болон "Сая
эмэгтэйн жагсаал” эмэгтэйчүүдийн холбооны гишүүд жагсаал хийж, "Бока
Харам” бүлэглэлийн гарт орсон сурагч охидыг аврахыг АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обамагаас гуйж, тусламж хүссэн юм. Үүний хариуд АНУ Нигерийн
Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр хүн барьцаалах гэмт хэрэг дээр
ажилладаг мэргэжилтнүүдийн багаа илгээсэн байна. Мөн энэ хэрэгт Их
Британи улс ч анхаарлаа хандуулж, туслахаа мэдэгджээ.
"Боко Харам” гэж хэн бэ?
"Боко Харам” гэдэг нь нэр нь "барууны боловсрол бол нүгэл” гэж орчуулагддаг. Тус бүлэглэл исламын шашинд тулгуурласан төрт улс байгуулахыг зорьж анх 2002 онд Мухаммед Юсуфын удирдлага дор байгуулагдаж байв. Исламын шашны маш хатуу шариат урсгалыг баримталдаг "Боко Харам” Нигерид зорилгоо биелүүлэхэд өмнөд нутагт оршин суудаг христийн шашинтнууд садаа болж, улмаар тэдний эсрэг залхаан цээрлүүлэх халдлага үйлдэх болжээ. Цусанд улайрсан "Боко Харам” бүлэглэлийн дайчид сүүлийн үед улам хэрцгий аашилж, Нигерийн христийн шашинтнуудыг тосгоноор нь хядаж, шатаах мэтээр хуульгүй аашлах болжээ. "Боко Харам” бүлэглэл өдгөө Нигерид хэнээс ч айхгүй хэмээн цээжээ дэлдэж, хөрш Чад, Камерунд үйл ажиллагаагаа тэлээд байна. "Боко Харам” бүлэглэлийн халдлага дайралтын улмаас Нигерид өнгөрсөн 2013 онд л гэхэд 1500 гаруй хүн амь үрэгджээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих