Дэлхийн олон орны улс төрийн систем , ардчиллын механизм либерализм дээр тулгуурлаж байна. Либерализмыг улс төрийн амьдралд хамгийн нөлөөтэй үзэл суртал, номлолын нэг гэж үздэг.
Либерализм бол дэлхийн улс төр ба нийгмийн үзэл санааны нөлөө бүхий нэг чиглэл мөн. Сонгодог либерализм нь Европ дахинд феодалын ёсыг халж , капитализм хөгжиж эхлэх үед гарч ирсэн түүхтэй бөгөөд тэр үеийн нийгмийн шинэчлэлд хүчтэй нөлөө үзүүлсэн хамгийн гол номлол юм. Дэлхийн олон орны улс төрийн амьдрал , ардчиллын тогтолцоог либерализмгүйгээр авч үзэх аргагүй болжээ . Либерализм өөртөө маш олон үзэл санааг агуулдаг. Тухайлбал, чөлөөт шүүмжлэл, сэтгэлгээний өөр хэв маягийг хүлээн зөвшөөрөх, олон янзын үзэл бодолд хүлээцтэй хандах, хувь хүнийг албадах аливаа хэлбэрийг эсэргүүцэх, чөлөөт өрсөлдөөний үзэл санаа зэргийг дурьдаж болох юм.
Саяхныг хүртэл манай олонхи хүмүүс , тэдгээрийн дотор би өөрөө хүртэл либерал гэдгийг "бөөрөнхий, шийдэмгий бус, өөрийн байр суурьгүй” хүнийг хэлнэ гэж ойлгож байлаа. Харин либерализм бол хэдэн зуун жилийн турш боловсрогдон хөгжиж ирсэн , өвөрмөц үзэл санаа, өөрийн зарчимтай улс төр, үзэл суртлын томоохон номлолын нэг болохыг тэр болгон бид ойлгож байсангүй. Үүнийг судалж , ялгаж салган ойлгох бололцоог ардчилал бидэнд өглөө.
Либерализм гэдэг бол эрх чөлөө гэсэн утга бүхий латин үгнээс гаралтай нэр томъёо ажээ. Либерлизмын гарал үүсэл нь Английн эрдэмтэн Джон Локк ,сонгодог эдийн засагч Адам Смит нарын онол сургаалаас улбаатай. Сонгодог либерал номлол нь эдийн засгийн үйл ажиллагааг төрийн хараат байдлаас бүрэн чөлөөлөх үзэл санаан дээр үндэслэдэг. Эдийн засгийн харилцааг дан ганц зах зээл л зохицуулах бөгөөд ингэснээрээ тэгш байдлыг бүрэн дүүрэн хангаж чадна , хүн бүр нийгэмд оруулсан хувь нэмрийнхээ хирээр нийгмийн баялгаас хүртэх болно , харин төр бол зөвхөн нийгмийн ашиг сонирхлыг л бүрдүүлэх , өөрөөр хэлбэл, нийгмийн доторхи эсрэг тэсрэг ашиг сонирхлын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах үүрэгтэй гэж сонгодог либерализм үздэг.
Либерализм нь хүний нийгмийн ирээдүйг өөдрөг байдлаар төсөөлж , түүхэн дэвшилд итгэдэг үзэл юм. Сонгодог либерализм нь улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд хүн эрх чөлөөтэй байх зарчмыг номлодог. Тэрээр хувь хүний эрх чөлөөнд төрийн зүгээс гол аюулыг учруулдаг гэж үзэж байв. Үнэхээр ч дундад зууны үеийн хаант төрийн үйл ажиллагаанд төр баригчдын хүсэл зорилго, албадлага , хүчирхийлэл зонхилж байсан билээ.
Либералиуд нь хүмүүс ийм төрийн эсрэг тэмцэж , үг хэлэх, эвлэлдэн нэгдэх гэх мэт эрх чөлөөтэй болох ёстойг номлон гарч иржээ. Тэдний үзлээр засаглах үйл ажиллагааг үндсэн хуулиар зохицуулсан нөхцөлд иргэд харьцангуй эрх чөлөөтэй болно гэж үзэж , үндсэн хуульт төрийг бий болгохын төлөө тэмцэж байжээ. Зах зээлийн эдийн засаг нь эрэлт нийлүүлэлтийн хуулиар өөрийгөө зохицуулна. Энд төрийн оролцоо шаардлагагүй , харин төр нь үндсэндээ хувийн өмчийн " шөнийн харуулын ” үүрэг гүйцэтгэх ёстой гэж номложээ.
Эдийн засгийн либерализмын үндсэн агуулга: Хувь хүний үнэ цэнэ, эрх чөлөө, бие даасан байдлыг эрхэмлэх,хүн амьдралын зорилго чиглэлээ сонгож авах боломжтой байх , үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, хувийн санаачилга, авъяас билгээ хөгжүүлэх зэрэг нийгмийн гол үзэл санаа, сэтгэл зүйн чиг баримжаалал бий болж тогтоход либералиуд үлэмж их хувь нэмэр оруулсан юм. Төр нийгмийн зүгээс учирч болох дарамт шахалтаас хүнийг чөлөөлөх тухай либерал үзэл санаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, ёс суртахууны асуудалд хандах хандлагыг бүхэлд нь тодорхойлдог.
Хувь хүний эрх чөлөөг хангах үндэс бол хувийн өмчийн болон чөлөөт өрсөлдөөний эрхийг хүлээн зөвшөөрч, уг эрхийг хуулиар хамгаалах явдал мөн гэж либералиуд үздэг. Тэд хувийн өмч гэдэгт өмчлөгч хүн өөрийн өмчөө захиран зарцуулж , түүнийгээ хэрэглээний зүйл, үйлдвэрлэлийн хэрэгсэл буюу капитал болгон хувиргах эрхтэй өмчийн хэлбэрүүдийг багтаан ойлгодог. Хөрөнгөө үр ашигтай зарцуулж , өөр салбарт шилжүүлэх зэргийг нийгмийн ач холбогдолтой чухал хэрэг, үүнийг хэрэгжүүлэгч хүн хөрөнгөө хэрхэн зарцуулж үр дүнд хүрэхээ бүрэн хариуцах ёстой хэмээн эдийн засгийн либериалууд үздэг..
Эдийн засгийн либерализмын төлөөлөгчид нь чөлөөт / сонгодог / зах зээлийн нөхцөлд амжилт олох эсэх нь гагцхүү хувь хүний овсгоо самбаанаас л хамаарна гэдгийг иш үндэс болгож байв. Нийгэм – эдийн засгийн үйл явцыг зохицуулах зах зээлийн ба төрийн зохицуулалтын харьцаа ямар байх ёстой вэ ? гэдэг асуулт XYIII – XIX зууны туршид либерал болон консерватив үзэл суртлын маргааны төвд байсан бөгөөд либералиуд нь эдийн засаг аж ахуйн үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцох явдлыг эсэргүүцэж , эдийн засагт төрөөс тогтоосон элдэв хязгаарлалтыг арилгаж , хувийн санаачилгыг өрнүүлэх бололцоо олгохыг шаардаж байлаа. Либералиуд нь чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн бол түгээмэл ач холбогдолтой механизм гэдгийг номлож байв. Эл механизм нь:
- аж ахуйн болон нийгмийн амьдралын бусад хүрээнд бие даасан байдлыг хангах
- овсгоо самбаа гаргах бололцоо олгох
- үйл ажиллагааны үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх
- боловсрол мэдлэг эзэмших
- үйлдвэрлэлийн зорилго , хэрэгслийг нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах зэргийг багтаана. Гагцхүү энэ бүхнийг хүчээр, эсхүл захиран тушаах аргаар бус, эдийн засгийн хувьд хөхүүлэн дэмжих замаар хэрэгжүүлэх ёстой гэж эдийн засгийн либерализмын төлөөлөгчид үздэг.
Улс төрийн либерализм: Эдийн засгийн либерализм Англид хөгжсөн бол улс төрийн либерализм нь Баруун Европын соён гэгээрүүлэгчдийн нийгэм , улс төрийн сургаал " төрөлх эрхийн” тухай И.Кантын эрхийн философи, АНУ-ыг үндэслэгчдийн ардчилсан үзэл санаа зэрэгт тулгуурлан хөгжжээ. XIX зуунд И.Бентам, Б.Холстан , Т.Спенсер нар либерал сэтгэлгээний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Улс төрийн хүрээнд либерал үзэл суртал нь хүний жам ёсны болон иргэний эрхийг тунхаглан хамгаалж , хууль ёсыг тогтоох явдлыг чухалчлан үзэж байв.
Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө , зах зээлийн харилцаа бол тэдний улс төрийн эрх , эрх чөлөөг хангаж , нийгмийн ардчилсан байгуулал тогтнохын баталгаа хэмээн үзэж байжээ.. Уламжлалт либерализмын улс төрийн номнолд төрийн үүргийн тухай баримтлал чухал байр суурь эзэлдэг. Либералиуд нь төр бол " чөлөөт өрсөлдөгч хүмүүсийн амь нас , жам ёсны эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах үүрэгтэй” гэж үздэг. Өөрөөр хэлбэл төр бол " шөнийн харуулын” үүрэгтэй хэмээн үзэж байсан билээ. Үйл ажиллагаа явуулахад эрх чөлөө олго, саад бүү хий гэдэг зарчим бол төрийг үзэх сонгодог либерализмын үзэл бөгөөд энэ нь нийгмийн амьдралд төрийн зүгээс оролцох явдлыг иргэний дэг журмыг хангахад л хүргэхээр хамгийн бага хэмжээнд байлгахыг зорьж байсан онцлогтой юм.
Либерал сэтгэлгээний төлөөлөгчид нь XYIII зуунаас эхлэн ардчиллын үзэл санаа, зарчмуудыг боловсруулан хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Тэд ардчиллын тухай ойлголтыг: төлөөлөх системийг боловсронгуй болгох, цөөнхийн эрх ашгийг хамгаалах, өөр үзэл бодолд хүлээцтэй хандах зэрэг үзэл санаагаар өргөтгөж , ардчиллын тухай номлолд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал төр нь :
- хуулийн өмнө бүх иргэд эрх тэгш байх
- төрийн байгууллага ардчиллын замаар л олгогдсон эрх мэдэлтэй байх
- төр нь олон нийтийн хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах
- төрийн эрх мэдлийг хуваарилах
- төрийн дээд байгууллагуудын хооронд харилцан тэнцлийг хангах зэрэг ардчилсан төрийн суурь зарчмуудыг үндэслэж , эрх зүйт төрийн тухай үзэл баримтлалыг боловсруулахад сонгодог либералиудын оруулсан хувь нэмэр их юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих