
Яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр "Жимсний бөөр” шүлгийн түүврээрээ 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн юм. Түүнээс хойш "Гайхамшигт өдрүүд”, "Жимсний бөөр-Бадралын үе” яруу найргийн, "Өдрийн од” буюу өөрийнх нь хэлсэнчлэн "өндгөн” өгүүллэгийн түүвэр /нийт долоон ном/-ээ уншигчдын хүртээл болгосон юм.
- Энэ жилийн "Болор цом” наадам танай нутагт болсон. Таныг түрүүлнэ гэж мөрийцсөн хүмүүс зөндөө байсан ч сэтгэл дундуур үлдэх шиг болсон. Харин та өөрөө ямар сэтгэгдэлтэй үлдэв?
- Өвөрхангай аймаг бол "Болор цом” наадмыг анх санаачилж, үүсгэн байгуулсан Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайн төрсөн нутаг. Тэр их хүний 80 насны ойг тохиолдуулан яруу найргийн наадам зохион байгуулсан нь сайхан болж өнгөрсөн. Манай нутгийн дүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Моломжамц түрүүлсэн. Миний хувьд ямар ч гэсэн шалгаруулалтад нь тэнцэж, сүүлчийн 30 найрагч дотор үлдэж шүлгээ уншсан. Цом авах нь биш зохиолч хүн уншигчиддаа бүтээлээ хүргэх хамгийн чухал шүү дээ. Би тийм л бодолтой байна.
-Уран бүтээлийн олз их үү?
- "Жимсний бөөр-Бадралын үе” яруу найргийн номоо хэвлүүлж гаргаад удаагүй байна Одоо бас нэг боть гаргах санаатай байгаа. Цаашдаа жүжгийн зохиол, шүлэглэсэн роман, хүүхдүүдэд зориулсан номууд гаргах бодол бий. Заримыг нь эхлүүлсэн.
-Тэгвэл та үргэлжилсэн үгийн зохиол руу шимтэж, нэг ёсондоо яруу найрагт баяртай гэж хэлж байгаа юм биш биз?
-Яруу найрагт баяртай гэж хэлэх болоогүй.
-Ингэхэд таныг "Болор цом” наадамд есөн жил уралдсаныг мэднэ. Харин хэзээ анхны шүлгээ бичсэнийг мэдэхгүй юм байна?
-Монгол хүн сансарт анх ниссэн 1981 онд би долдугаар ангийн сурагч байлаа. Зохион бичлэгийн уралдаан зарлахад нь шүлэг бичээд өгчихсөн юм. Анхны шүлэг минь тэгж мэндэлсэн.
-Сүүлийн үед Хархориндоо л ажиллаж, амьдарч бас уран бүтээлээ туурвиж байна уу?
-Би Эрээнцавын Нямсүрэн ах шиг Хархориндоо мөнх амьдарч, уран бүтээлээ туурвих байх. Эрхэлдэг ажил маань та мэдэж байгаа биз дээ, санаанд орсноо цаасан дээр буулгаж суудаг нэг ёсондоо тийм нэг "мэргэжилтэй” хүн, түүнийгээ л хийж сууна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих