Сургуульд байхын л Зулаад сэтгэл алдарч, хань ижилгүй, ижийтэйгээ амьдарч байсан Баттөр төлөөлөгч энэ завшааныг ашиглалгүй яах вэ. Төрөөгийн ээж Ханд ч хүүгээ Зулаатай нийлүүлэхийг бодно. "Хайр сэтгэл хүний амьдралд ганц л заяадаг” хэмээн хүүдээ аминчлан захидаг ээж нь ханиа эрт алдаж, дахин хүнтэй суугаагүй. Амьдралынх нь утга учир болсон хайрт хань нь хүнд өвчин тусаж, амьсгал хураахад дагаад явчихмаар байсан ч, Ханд хүүгийнхээ төлөө шүд зуужээ. Ээжийн хайр аа гэж...
Нэг өдөр Зулаа Төрөөтэй ханилах хүсэлтэйгээ түүнд дуулгахын зэрэгцээ сэрдхийлгэм аймшигт хэргээ хүлээв. Хайр хорвоогийн хамгийн сайхан үг хэрнээ бас хамгийн муухай үг болж хувирах шидтэй аж.
Хэдэн сарын өмнө....
Тасартлаа уусны гавьяагаар шөнө дунд ам нь цангасан Болд эхнэрээсээ ус нэхэн гонгиноно. Өөрийг нь үл тоох эхнэртээ уурласан тэрбээр хэлэх, хэлэхгүй үгээр харааж, ус авчрахгүй бол ална гэж заналхийлэв. Цөхөрсөн, бас нэгэнт шийдсэн эмэгтэй нөхрийнхөө амийг таслахаар шийдэж, нүүрэн дээр нь дэрээр дарлаа.
Тэгээд цогцсыг нь хэдэн хэсэг хуваагаад гахайдаа хаяж, ул мөрөө баллаж орхив. Өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болоод буй архичин, хүчирхийлэгч нөхөр, дорой дуутай, үзэн ядалтаар дүүрсэн, шархалсан зүрхтэй эхнэр... ОХУ-ын залуу зохиолч Дмитрий Богославскийн "Хүн хүний хайр” жүжигт тусгасан ийм тавилантай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Тэрбээр энэ бүтээлээрээ 2011 онд "Евразия” жүжгийн зохиолын уралдаанд түрүүлжээ. Беларусь, Украин, Испани зэрэг олон оронд энэ жүжгийг тайзнаа тавьсан байдаг. Ж.Амарзаяагийн орчуулгаар Буриадын Төрийн шагналт, найруулагч Олег Юмов найруулж "Black box” театрт тоглосон "Хүн хүний хайр”-т М.Баярмагнай, Д.Оюунзул, С.Баасанжаргал нарын олны танил болоогүй жүжигчид тогложээ. Тэд үнэхээр чадварлаг юм билээ.
Төлөөлөгч Төрөө ажил үүргээ гүйцэтгэн Зулааг баривчлах уу, эсвэл алуурчныг ханиараа сонгох уу гэсэн хэцүү асуулттай тулж, сохор хайрандаа толгойгоо мэдүүлдэг. Зулаа шөнө бүр Болдыг зүүдлэн, нэрийг нь дуудна. Төрөөд хэцүү байсан ч түүнд огт гомдолгүйгээр улам ч ихээр халамжилна. Шинэ жилээр өвлийн өвгөн болж эхнэр, хадам ээж, хүүдээ бэлэг өгсөн ч төрсөн ээжийгээ баярлуулахаа мартана. Баттөрийн хайр аа гэж...
1..2...3...4...5...6...7...8...9...10. Сүнсгүй мэт хачин харцтай Зулаа шөнийн харанхуйд дэнлүү барин ийнхүү тоолсоор алхана. 10 гэж хэлэхэд хажууд нь түүний гарт амиа алдсан нөхөр Болдынх нь сүнс зогсох аж. Тэр Зулаагаас өшөөгөө авах нь битгий хэл, харин ч ааш нь зөөлөрчихсөн, урьдын Болдоо биш болжээ. Тэр их даардаг гэнэ.
Зулаа "Чи намайг уучилсан уу” гэж гэмшингүй асуухад сүнс "Нэгэнт болоод өнгөрсөн шүү дээ. Энэ тухай битгий ярь” гэж аядуухан хэлэв. Хүн байхаа больсон нь архичин Болдыг "хүн” болгосон гэлтэй. Зулаа "Хэрвээ энэ бүхэн зүүд байгаад сэрвэл чи юуг өөрчлөхийг хүсэж байна” гэхэд "Юуг ч өөрчилмөөргүй байна аа” гэж хэлээд Болдын сүнс амирлав уу гэлтэй замхран алга болов.
Хэрвээ тэрбээр дахин амьдарвал ингэнэ тэгнэ гэж тэмүүлэл дүүрэн хариулсан бол Зулаагийн амьдрах хүслийг бүр мөсөн үгүй хийх байсныг Болдын сүнс ухаарчээ. Магадгүй Болд амьд явсан бол үхсэнтэйгээ адил хүндлэл хүлээхгүйгээр барам архичин хэвээр хорвоог барах байсан биз ээ.
Түүний сүнс гахайн хороонд хоргодсоор... Амьд ахуйдаа өөрийн үрээ зулбасга хэмээн хараадаг байсан бол одоо эргэж тойрно, харагдахгүй л болохоос үргэлж гэртээ оршино. Зулаа үе үе дэнлүү барин тоолсоор... Болдын хайр аа гэж...
Баттөрийн найзыг Цог гэнэ. Түүний эхнэр Ундраа түрүүлж хайраа илчилснээр гэр бүл болжээ. Цогоо гэнэн цайлган сэтгэлтэй, архи уудаггүй, гэрийн ажилд сайн боловч, үргэлж л хар хөлсөө цувуулан нойт оргисон биетэй, амнаасаа тамхины эхүүн үнэр ханхлуулж явдаг, үр үндэстэй болох чадваргүй учир Ундраа түүнд хайртай хэвээр эсэхээ ч мэдэхгүй, гэхдээ салж чадахгүй. Гэрийн эзэгтэйн ажлаа хийхээ больж, үргэлж ундууцах болсонд нь Цогоо Ундраад бухимдан найз Баттөрдөө сэтгэлээ уудална. Тэрбээр тоглоом шоглоом болгон "Би Ундраагаас салчих уу, эсвэл алчих уу? гэх нь тэр. Ийм зүйл сонссон Баттөр өөрийн мэдэлгүй найзыгаа цохиод авна. Цогоо, Ундраа хоёрын хайр аа гэж...
Сүнсэн биетэй, махан биетэй хоёр эрийн дунд гүйх болсон Зулаа "Болдоогийн сүнстэй уулзсан, түүнийг ч, намайг ч битгий буруутгаарай, тэр өөрөө хүссэн үедээ явах эрхтэй” хэмээн Төрөөд хэлэхэд өнөөх нь түүнийг галзуурчихаж гэнэ. Тэд муудалцаж, энэ үеэс Зулаа хэнтэй ч юу ч дуугарахаа больж, галзуу мэт болжээ. Зулаагийн хайр аа гэж...
Ажилдаа сайн, ааш зан сайтай Баттөр эрс өөрчлөгдөж, бор дарсанд оров. Ээжээсээ илүү хайрлах болсон бүсгүй нь түүнтэй үг дуугарахгүйд элдвээр аргадаж, эцэст нь тэвчээрийн утас тасарч, бачимдсандаа түүнийг боогоод унагачихлаа. Урьд урьдынхаас арай л урт санагдах өвөл Төрөөгийн биеийг, бас сэтгэлийг нь жиндүүлнэ. Тэдний гэрт чимээгүй ноёлж байснаа үхээрийн буун дуу тас хийв. Эхнэрээ алчихлаа гэж айсандаа тэр үү, хар дарсан зүүд шиг амьдралаасаа уйдсан ч юм уу Төрөө өөрийгөө хороочих нь тэр.
Хүндэтгэх
сэтгэлгүй дурлал богино настай, хувирамтгай байдгийн адил хайрлах
сэтгэлгүй хүндлэл хүйтэн явцуу байдаг гэдэг. Хүн хүний хайр аа гэж...
Б.ДӨЛГӨӨН
mongolnews
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих