1. Та социалист нийгмийн үеийн ангийн гурван давхаргыг гүйцээсэн нэгэн гэж нэг бус удаа ярихыг тань
сонссон юм байна энэ тухай эхлэн ярилцвал ямар бол?
-Хүний амьдрал баян хойно хүүхэд нас, өсвөр, идэр үе маань санаанаас үл гарна. Нэгдлийн малчин, нүүдлийн киноны механикч болсон үйл явдлыг дурсахгүй байхын аргагүй. 1950-аад онд Цагаантолгойн бага сургуулийн сурагч болсон 8 настай балчир хүү би бээр сүүдэр ший хэмээхийг сураг төдий сонссоноос бус нүдээр үзэж, чихээр сонсоогүй явсан үед сургуулийнхаа улаан буланд анх удаа "хинуу" гээчийг үзэхээр үеийн нөхдүүдтэйгээ чихдэлцэж орохдоо ахаасаа гуйж авсан нэг төгрөгөө борхон гартаа хумхин атгасаар явж ширүүн харцтай, ширвээ сахалт эрд өгөөд цонхыг нь хаасан харанхуй байшинд ороод явчихав. Хэсэг хүлээтэл гадаа пад пад гэсэн чанга дуутай мотор гэгч нь асч, тэртээ ард нэгэн гэрэл асч байснаа унтарч урд дэлгэн өлгөсөн цагаан даавуу дээр ард буй нөгөө гурван хөлт, дээд орой болон ардаа том дугариг чихт шидэт хайрцагнаас хурц гэрэл тусч зураг гэтэл амилан хөдлөх дүрсүүд эрээлжлэн хөдөлж, дуу шуу хадаан хангинан ярьж эхлэхүйд гайхах цочирдох зэрэгцсэнийгээ нуух юун. Ийнхүү " Долоон цэцэг ", " Мэхээлэй хүү " хэмээх хүүхэлдэйн киног анх үзсэн тэр мөчөөс хүүхдийн сониуч зангаас ч юмуу жилдээ нэг хоёр удаа нүүдэллэн ирдэг ганц хоёрхон киног алгасалгүй үзэх сонирхол хязгааргүй ч хэзээ ирэх нь үл мэдэгдэх нь хяслантай байх. Том болоод тэр сахалт эр шиг кино гаргадаг хүн болчихвол ч сайхнаа гэх юм бодон мөрөөддөг байж билээ. Нөгөөх <сахалт эр> гээд байгаа хүн маань Өвөрхангай аймагт ирж ажилласан анхны сүүдэр ший буюу дуугүй киноны механикч Дамдинсүрэн гэгч сайхан буурал байсныг хожим мэдсэнсэн.
Бага сургуулийн дөрвөн жил өндөрлөж, ам бүл цөөн, арав таван малаар амьдрагч аав ээжийнхээ үгийг даган малын хошуу эргүүлэхээр маргаж буцалтгүй шийдсэн билээ. Балчирхан насаа үдэж арван таван насыг хүрэхүйд ах нарыгаа даган аян жингийн замд гарч Улаанбаатар хотыг зорин очоод уулын модыг атан тэмээнд ачиж арилжиж худалдан малын хөлийн албан татварын мөнгийг олох гэж зүтгэж явсаар ардын нэгдэлд гишүүнээр элсэж мал хуйгаа нийгэмчлэн нэгдлийн малчин болов. Мал маллаж хөдөө хээр, хүйтэн халуун, хөлдүү, нойтон, хуурайн ая аашийг даван туулах амар хялбаргүйч бас сайхан ажил амьдрал боловч нөгөө кино гаргадаг хүний ажил сэтгэлээс ер гарахгүй явсаар тохиолдлоор сум нэгдлийн намын үүрийн дарга Буяндэлгэр гуайн дэмжлэгээр аймгийн төв Арвайхээрт киномеханикчийн орон нутгийн 45 хоногийн курст 1960 оны сүүлчээр орж суралцсанаар миний мөрөөдөл биелсэн дээ. Ийнхүү малчнаас ажилчин болох амьдралын замд орсон минь энэ.
2. Киномеханикч болж хөдөөд соёл түгээгч нэгэн болсон ажил амьдралын замд бахархалтай, хөгжөөнтэй бас сонирхолтой, бэрхшээлтэй зүйлс зөндөө тохиолдоо доо?
- Орон нутгийн тодотголтой киномеханикчийн 45 хоногийн хугацаатай курсийг 13 нөхдийн хамт суралцаж төгсөх болоход Улаанбаатараас том мэргэжилтэн ирж авах шалгалт та нарыг кино механикч болох эсэхийг шийднэ хэмээн бидний багш нүүдлийн киноны техникч Гэлэгдорж гуай үе үе сануулах нь голдуу бага /4 жилийн/ боловсролтой хөдөөгийн малчин явсан биднийг шамдуулах, хичээнгүй суралцуулах ташуурын үг байж л дээ. Техникийн мэдлэг танихуйн хувьд"A”ч үгүй миний нүднээ анх багш маань голдоо онгитой, эргэн тойрондоо нүхтэй, айргийн бүлүүртэй төс бүхий нэгэн дугуй төмрийг гартаа барин эргэлдүүлж байснаа үүнийг < диск > гэдэг юм дахин давтан нэрлэж чадахгүй шүү гээд цааш тавихад нь яаран дүрсийг ойртуулан дэвтэртээ бушуухан зураад диск гэж тэмдэглэн бичээд амандаа давтан хэлж бүлтгэнэн сууж билээ. Ер нь ажихад надаас бусад нь кино үзэхээс хэтрээгүй нэгэн биш бололтой. Зарим нь бүүр кино аппаратад хальс цэнэглэчихдэг энэ нь ч тийм, тэр нь ч тэгдэг гэж гайхуулах мэт хоорондоо өрсөлдөн ам булаалдан ярилцах нь гайхалтай. Би гэгч яаж шүү энэ техник хэрэгслийн гайхамшигт бүтэц, үйл ажиллагаа, нэр томьёог сурч мэдээд кино гаргадаг болно доо гэж дотроо зүрхшээж суусанч эднээс юугаараа дутахав, багштай юм чинь болно биз гэж дотор хүндээ найдаж суух шүү байв. Ийнхүү маягаар хоног хугацаа явсаар шалгалт ойртох үед миний сурсан нь мэдэмхий нөхдөөс дутах юмгүй болсных ч юмуу тэд надаас зарим зүйлийг асуух болсонд би бас баярлаж байж билээ. Ялангуяа дуу өсгөгчийн схемийг ойлгоц, гарын дүйд дулдуйдан чамгүй зурж, дүрслэн ярьдаг болохоор тэгсэн ч юм уу,,, Аймгийн соёлын хэлтсийн дарга Б. Жанцан тэргүүтэйшалгалтын комисс шалгалт авахад бидний 9 нь тэнцэж аппарат техник хэрэгсэл хүлээн авах эрх олгосны нэгэнд багтсан миний хувьд маш баяртай байв.
Ийнхүү өгүүлж буй 1960-аад оны эхэн үе бол Монгол улс социалист нийгмийг бүтээн байгуулах их замд эргэлт буцалтгүй орсон өөрөөр хэлбэл ялсан пролетари нарын орны тусламжтайгаар феодализмаас социализмд шилжин орсон дэлхийн анхны ганц үлгэр жишээ орон мөн болой гэж ном, сонин, илтгэл, өгүүлэлд шагшин тэмдэглэж байв. Түүнчлэн Монгол улсад кино үзвэрийн байгууллага үүсэж хөгжөөд 30 орчим жил болж хөдөө аймгуудад хоёр сумын дунд нэг кино механикч нүүдэллэн ажилладаг байсныг үндэслэн Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийнхарьяаны"нүүдлийн кино салбар” нэртэй орон нутгийн үзвэрийн байгууллага бий болсон байв. Өвөрхангай аймаг 24 сумтай. Миний төрсөн нутаг Дөлгөөн сум зэргэлдээх Өлзийт сумын дунд нэг нүүдлийн кино ажилладаг. Киномеханикч нь Өлзийт сумын хүн учир тэндээс алдаг оног нүүдэллэн ирж аймгийн төвөөс харих замдаа хааяа кино гаргаж үзүүлж байсан юм билээ.
Намайг киномеханикч болоод сумандаа очиход /1961 он/ сум нэгдэл шинэ улаан булантай болчихсон сумын нам, эвлэлийн бүх гишүүдийн улиралд нэг удаа болдог долоо хоногийн "семинар”-ын үе таарч тэд болон сумын удирдлагууд нутгийн хүү мэргэжлийн киномеханикч болон орон нутагтаа суурьшилтай ажиллах болсонд их л талархалтай хандан ажлыг минь ихэд дэмжсэнээр миний ажил амьдралын гараа их өөдрөг эхэлж билээ.
Дөнгөж аппарат техник хэрэгслээ хүлээж аваад байтал нэгдлийн жолооч "хөх” хэмээх Дашдамба аймгийн төвд давхин ирж одоохон чамайг аваад ир гэж шавдуулан оройхон гарч ширүүхэн давхисаар дэвшил нэгдлийн төвд ирж шинэхэн улаан булангийн хаалгаар шөнийн 10 цагийн үед орохуйд өөдөөс суудал пиг дүүрэн сумын төв хөдөөгийн хөдөлмөрчид, нам эвлэлийн гишүүд угтаж би ч аппарат хэрэгслээ зоож тавин киногоо сонгох болсон чинь тавихад бэлэн болсон (монтажилсан) кино зураг нь 12 бүлэг "Шинэ эргийн зүг” гэдэг оросын өнгөт кино байсныг гаргаж эхлэв. Нас залуу олны өмнө бие дааж кино тавьж үзээгүй би бээр нутгийн ахмад, залуус, охид олныг хараад сүрдэн гар чичрэн хальсаа цэнэглэж тавьтал хураагч кассетныремэнэн хөтлөгч ажиллахгүй болж анд найз Дагвадорж минь тусалж гараар эргүүлэн эвхэж арайн хийн дуусахад шөнийн 00 цаг аль хэдийн өнгөрч байхыг хараад хөлсөө шударч байж билээ. Залуу халуун насны эрч хүчээр "Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн багш В.И. Ленинний гэгээн сургаалаар бахархаж гэгээрүүлж соён гийгүүлэх явдалдаа урамшин их л дэврүүн явж дээ. Миний ажиллаж буй сум 400-аад өрхтэй 2000 шахам хүн амтай, хойноос урагш 100 орчим км сунасан нутагт хааяа нэгдлийн машинд дайгддагч голдуу тэмээний хуруу, үхэр тэрэг, сүүлдээ тэмээ тэргэнд аппарат хэрэгслээ ачиж хангай говьд дөрвөн цагийн эргэлтэд ёстой л "нүүдэллэн” киногоо олон түмэнд үзүүлж үйлчилж байв. Ажилдаасонирхолтой ч байж амьжиргаа амьдралыг залгуулах эх үүсвэр, хүлээсэн үүрэг, хариуцлага нь киногоо аль болох олон хүнд хамруулан үзүүлэх ялангуяа хөдөөгийн малчдад хүргэж үйлчлэх үүргийг өндөрт тавьж орлогоороо цалинжин ажилладаг байлаа. Улсын төлөвлөгөө ёсоор сардаа 22-оос доошгүй кино гаргалт хийж , 800 төгрөгөөс доошгүй орлого оруулж кино гаргалтын 30-аас доошгүй хувийг хөдөөгийн суурь малчдын хот, сүүн завод бригадад гаргаж 420 төгрөгийн цалин авах нэг ёсны болзолтой ажиллаж байв. Насанд хүрсэн хүн 1 төгрөг, хүүхэд 50 мөнгөөр нэг кино үздэг. Аймгийн төвөөс 21 хоногийн давтамжтай солилтхийдэг. Хөдөлмөрчдөд үзүүлэх таван кино тутмын нэг нь л монгол кино бусад нь орос кино, ганц нэг Болгар, Хятад улсынх байх. Орос киноны ихэнх нь Орос хэл дээр учир заавал тайлбартайгаар үзүүлэх, тайлбар хийх шаардлага киномеханикчдад ногдоно.
Миний ажилладаг сум, аймгийн төвд харьцангуй ойр гэсэн шалтгаар надад хамгийн хоцрогдсон техник болох Л-3 мотор /станц/ КПСМ-проектор, 90-У-2 өсгөгчтэй КАТ-15 чанга яригчтай аппарат хэрэгсэл ногдсон юм. Би энэ байдлыг мэдэж байсан ч хэл ам хийдэггүй дарга даамалд нэг их "долигонодог”-гүй сааталгүй киногоо гаргаад техникээ эзэмшээд зохих засвар үйлчилгээгээ хийгээд явах чадвартай байж дээ. Техник хэрэгсэл нь овор ихтэй хүнд учир хоёр тэмээ юм уу тэргэнд ачна. Нэг удаа зуны сайхан цагт дарга нараас сумын төвөөс алсхан хангайн нэгэн бригадын хурал болно тэнд кино тавь гэснээр яаран сандран нэгдлийн ГАЗ-51 машинд киногоо ачаад очиж тавьчихад өглөө болсон чинь жолооч маань орхиод явчихсаныг мэдээд бригадын даргаас тусламж гуйсанд нэгэн сарлаг хөллөсөн тэрэг гаргаж өглөө. Нэгэнт гарсных ойр хавийн сүүн заводууд дээр кино тавихаар шийдэж үхэр тэргэндээ киноныхоо хэрэгслийг ачаад явган хөтөлж алхлаа. Зуны халуун нар төөнөхийг хэлэх үү. Завод ойртох үед хөллөсөн сарлаг маань ядарсан уу чангаагаад явдаггүй. Уул нь тэргэн дээрээ сууж үхрээ чилсэн шигээ хээвнэг сүүний тасаг дээр очих гэтэл бүтэхгүйд үеийн охидоос ичиж билээ. Өнөө муу киномеханикч чинь явган нүцгэн үхэр тэрэг хөтлөн хөлсөө гоожуулан явган нүцгэн бойтголцонявна гэхвий хэмээн бодсоных. Арга буюу гэдрэг цахлан адармаалах хөллөсөн сарлагийнхаадөрөөсчангааж алхан аядахуйд ноход хуцан хоргоох нь бүр ч гяслантай. Хожим санахуйд юунд ч тэгж байвдаа аргагүй залуу халуун насанд юу эс бодоход тэр л юм даа. Ийм маягаар хэд хоног аялаад сүүлчийн сүүн тасаг дээр хариугүй очихын даваан дээр тэрэгний өрөөсөн дугуй мултарч унан тэрэгний голын түгжээ бүхий голын үзүүр газарт шааж унахдаа хугарснаар бүр таг явгарч билээ. Шаантгийг нь чангалахаа мэдэхгүй явсных хөдөөд соёл түгээх гол хэрэгсэл үзэл суртлын хурц зэвсэг нь кино учир киног дарга нар ихэд чухалчилна. Хөдөөгийн малчид, суурь, хот айлаар явахдаа хамжаа дэмжлэг үзүүлэхээр нэг хүн авч явахыг хүсэхэд бригадын дарга намын хэсгийн ахлагчид хамт явж тэд ажлаа ч амжуулна, айраг цагаагаа ч ууна. Айл хот хоорондоо зайтай таруу учир өдрийн цагаар гэрт кино тавихын тулд өрхийг бүтээж гэрийн хатавчаар дурангаа тусгаж тавих болдог учир эхэн үед зарим хүмүүс дургүйцэвч сүүлдээ гэртээ тухлан сууж киногоо үзэж айраг архиа уусан шигээ сэтгэл хангалуун үзэж байх болж билээ.
Киноны зарлалаа аятайхан бичиж гаргачихад цаг нь болохоор улаан булангийнхаа үүдэнд бүрээ үлээн урин дуудаад үзэгчид суудал дүүрэн ирж сонирхолтой киногнь сааталгүй тавьчихад үзүүлсэн киноныхоо үйл явдлаар тэднийгээ инээлгэж баясгаж, бас нулимс унагааж энэ тэр элдвийг эргэцүүлж бодуулсан дүр төрхийг харж үдэхэд хийж яваа ажлаараа бахархаж л байдаг байв. Төлөвлөгөө нормоо цагт нь биелүүлчихэдтөрийн яамдын /1965 он/ үзлэгт үнэлэгдэн сайшаалын үнэмлэх гардан цалингаа өвөртлөөд зогсож байх ч бас зүгээр байж шүү. Миний хувьд ч, тэр цаг үед ч нүүдлийн киноны механикч нэг иймэрхүү байж дээ.
Юм нэгээр дуусах биш арваад жил нүүдэллээ одоо нэг жаахан суурьшмаар. Нас гуч дөхлөөбусдыг ажихад нэг ширээнд тохой залган суусан нөхдийн зарим нь аль хэдийн их дээд сургууль төгсөж ажил амьдралаа төвхнүүлж, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж байхад би тэднээс юун дутахсанбилээ. Нэгэн үе дөрвөн жилийн 16 улиралд онц сурсны хэрэг юусан, гэтэл түүнээс хэтэрсэн нь үгүй учир ядаж алган дээрээ 10 төгссөн гэрчилгээтэй болох минь. Хөдөөгийн сум бригадад хөсөр болох нь ч юу юм. Хөл нийлэх хөгжиж урагшлахад хоцрогдол бас буйг мэдэрч байна аа. Аймгийн төв орж өдрийн ажил хийж оройн сургуулиар боловсрол ахихаас өөр зам олсонгүй. Учир байдлаа тоочиж арай хийж кино зураг засварын ахлах монтажчиныажлыг хийхийн хажуугаар 10 жилийн боловсролыг оройгоор олж дээд сургуульд орох эрхийг гардсанаар ажилчин ангийн эгнээнээс сэхээтний хэмээх давхаргад шилжих зам нээгдэв. Ажил мэргэжлийн дагуу дээд мэргэжил боловсрол эзэмших хувь тохиогоогүй ч Улсын багшийн дээд сургууль "хэл уран зохиолын анги”-ийг дүүргээд "диплом” гэгчийг өвөртлөөд дээд боловсролтой мэргэжилтэн хэмээн үнэлэгдэн дүгнүүлж улмаар авдаг хэд нь нэмэгдэж ахуй, амьжиргаа дээшилсэн өөдрөг зам маань аймгийн соёлын хэлтсийн зааварлагч, кино үзвэр Орхон кинотеатрын даргын албанд томилогдсон үйл явдлаар эхэлж билээ.
Дарга гэж дуудуулж хүндлүүлэх минь ч яамай давхар, давхар үүрэг хариуцлага нэмэгдэхийг ухаарсан ч тойрч гарахын аргагүй дайрч, давж гарахаас өөр замгүй ажил тулгарч байв.
Зах зээлд шилжиж буй 1990-ээд онд хариуцлагагүй нөхдийн гайгаар хөлдөөж бөглөрсөн шугамтай "хөлдүү”нэрийг зүүсэн " Орхон " кинотеатрыгхүлээн авч шугамыг өөрчилж халаалтыг шийдсэн ч улсын тэтгэлэгт төсөв зогсож, уран сайхны киноны хангалтгүй болсон, видеотехникхэрэгсэлд шохоорхож дэлгэцийн бүтээл шахагдаж, үзвэрийн бодлого алдагдаж театрт ирж кино үзэх үзэгчидгүй болсон үе таарч халаалтын зардлаа дийлэхгүй ханхай хоосон байшин харж суултай биш, нам даралтаар халаалтыг шийдсэн ч хүмүүсийн сонирхлыг татах кино үгүйлэгдэж арга буюу төвийн хэдэн кинотеатраа бараадаж түрээс, прокатынзарчмаар ажиллах болсон үеэс одоогийн Тэнгис, тэр үеийн Ялалт кинотеатртай дотно холбоотой ажиллаж эхэлснээр энэ их театрын дарга агсан миний кино зургийн монтажийг мэргэжлийн багш инженер Дунхүүгийндэмжлэгийг авч улмаар энэ театртай ажил амьдралын холбоо хэлхээ үүсэж тус дэмийг олон насны сүүлчийг гэгээлэг сайхнаар элээж яваагаа чухалчлан дурдахын ялдамд Ялалт-Тэнгис кино театрынхаа 29 жилийн ойн баяр тохиож байгаад маш их баярлаж байгаагаа илэрхийлье.Театрынхаа нийт ажилтнуудад баярын мэндийг дэвшүүлж ажлын өндөр амжилт эрүүл энхийгхүсье. Тус театрын хамт олон ахмад үе биднийгээ хүндэтгэж байнга холбоотой байж уулзаж уулзалдуулж, урам хайрлаж урамшууллын арга хэмжээг зохион байгуулснаар бидний нас нэмэгдэж байдаг шүү гэдгээ нийт ахмадуудынхааөмнөөс илэрхийлье.
Тэнгис кино театрын ахмад ажилтан, Алтан гадас одонт, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
Бизъяагийн Цэрэндаш
2014 он
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих