
Монгол
Улсаас Хөлөнбуйр аймагт уригдан ирж бага сургуульд монгол бүжгийн
сургалтын чиглэлээр ажиллаж байгаа Уранчимэгийн Халиунаа хэмээх
бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.
-Таны шавь нар их авъяаслаг юм. Хөлөнбуйрт ирээд хэр удаж байна?
:- Би 2007 онд Монгол улсын СУИС-иас монгол бүжгийн ангийг дүүргэсэн. Сургуулиа дүүргээд л энд ирсэн дээ.Яг төгсөх жил дээрээ тоглолт гаргах үеэр Хөлөнбуйраас хүмүүс очиж бүжигчин элсүүлж байхад ирээд эхний удаад бүжиг дасгалжуулагчаар гурван сарын хугацаатай ажиллаад 10 сард нь "Хөлөн" Бага сургуульд бүжгийн багшаар уригдаж ирсэн.
-Таныг анх энэ сургуульд ирэхэд хүүхдүүд Монгол бүжгийн талаар сайн мэдэхгүй байсан нь мэдээж. Таныг бүжгээ заахад хүүхдүүд хэр сонирхож байсан бол ?
- Их л сонирхолтой. Ар Монголын хүн гэхээр одоо ямар хүн байдаг юм бол оо, бүжиг гэхээр яг ямар юм байдаг юм бол оо гээд аягүй сонирхолтой орж ирнэ.Тэгж сонирхож орж ирээд сурна, хийнэ, загнуулна. Том хүүхдүүд нь асууж сонирхох нь илүүтэй. Бүжиг гэлтгүй амьдралын талаас, өмсч зүүх, мөн түүхийн талаас их олон зүйл сонирхдог.
Бид заримдаа том ангийн хүүхдүүдийг дагуулж тоглоно. Ер нь хүүхдүүдийг дандаа загнаад л хичээл заагаад байлтай биш.Тэдэнтэй бас өөрийгөө хуваалцаж, өөртөө илүү дасгах хэрэгтэй. Миний анх ирээд хичээл зааж байсан хүүхдүүд одоо долдугаар ангид сурч байгаа.Гэхдээ заваараа над дээр ирж бүжигээ үргэлжлүүлээд сурч байдаг. Надаас зөвлөлгөө их авдаг. Бүжгийн хувцас,ээмэг зүүлтнээс авхуулаад олон зүйл асууж зөвлөнө.
-Хүүхдүүдэд бүжиг заахад хүндрэлтэй байдаг уу ?
- Бага
ангийн хүүхдүүд заахад жаахан хэцүү. Яахав би өөрөө дуртай гарч ирсэн
болохоор.Тэгээд ч Монгол Улсын бүжиг гэдэг ямар юм байдаг, мөн Монголын түүх, урлаг соёлыг сонирхож байгаа хүмүүст түгээж, мэдрүүлж, монгол
бүжиг урлагийн натурь биелэгээний чиглэлээр ажиллаж байгаа. Би
Жаминдагва болон Нанжид багшийнхаа гарын шавь байсан. Монгол бүжгийн
хувьд мөр хавирна, дал хавирна, мөр сугсарна, өвдөг сугсарна гээд бүжиг
болгон адилгүй байдаг. Манай Монголд Дөрвөн Ойрад, Баяд,Урианхай, Буриад,
Казак, Хотон гээд тэр бүрчлэн өөрийн гэсэн бүжгийн онцлогтой. Баяд
гэхэд хормой цэцэргэхгүй бүжиглэдэг байх жишээтэй.
-Яг одоо хүүхдүүддээ ямар бүжиг зааж байна вэ ?
-Анх ирээд голдуу Баяд ястны бүжгийг зааж байсан, мөн том ангийнханд Урианхай ястны бүжгийг зааж байсан.Энэ улиралд арай шинэлэг юм гаргана гэж бөөгийн бүжиг бүжиглүүлсэн. Бөөгийн бүжиг бол Хөвсгөл аймгаас гаралтай. Манай хүүхдүүдийн бие нь жижиг ч их сүрлэг гарч ирсэн. Энэ удаа материал арай дутуу байна. Манайхан бол үхрийн толгойн дагжны хэсгийг авч зүүж, хэнгэрэгийг нь хонины арьсаар хийсэн байдаг .Энэ удаа бид зүгээр бөс хэнгэргээр бүжиглэсэн. Бас гоцлол бүжиг, Орос бүжиг, Буриад бүжгийн тоглол гаргасан. Монгол бүжиг мөрөө хөдөлгөдөг бол Орос бүжиг хөлөө дэвснэ, хормойгоо цацна, хормойгоо өргөөд бүжиглэнэ гээд олон зүйл байдаг.Бүжиг нь биеэрээ хөдөлж үзүүлэх урлаг болохоор Орос улсын хувцас засал, урлаг шинжийг ойлгож болно."Хөлөн" бага сургууль маань өөдлөн хөгжиж байна.Одоо шинэ бүжгийн байртай болсон болохоор хүүхэд ч олон болж байна.Бүжиглэхэд хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн их нөлөөлнө.Ая дуу, хувцас хунараас авхуулаад бүх юм сайхан байхад л хүүхдийн сэтгэлийг татаж чадна.
-Та багаасаа л бүжиглэсэн үү. Яагаад урлагийн замыг сонгох болсон бэ?
:-Би
дөрвөн наснаасаа бүжиг бүжиглэж ирсэн. Манай Өвөө Гавъяат бүжигчин
байсан. Би Өвөөгөө дагаад бүжигчин болсон.
Хэсэгхэн хоромд сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа?
- Баярлалаа, Намайг анх хүлээж авч байсан Сувд багшдаа, Арвин даргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Хаа холоос хэл ус мэдэхгүй харь нутагт ирж ажиллана гэдэг мэдээжийн их хэцүү.Тэгэхэд Сувд багш маань миний эгч шиг намайг харж харгалзаж, олон зүйл дээр тусалсан. Бие биенийгээ тусалж дэмжиж явдаг монгол сэтгэлтэй хүмүүстээ баярлалаа. Мөн гурван жил хагасын хугацаанд загнуулж уурлуулж байсан ч багшдаа сэтгэлийн дэм өгдөг хүүхдүүддээ багшийгаа бүү мартаарай, та нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих