2016 оны 11-р сард Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын II багийн нутаг "Хагт уул”-ын хөндийгөөс XIII-XVII зууны үеийн байж болох эртний хүний шарил олдсон тухай мэдээллийг ЦЕГ-с ирүүлсэний дагуу Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин, эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Батдалай нар 2016 оны 12-р сарын 22-оос 26-ны өдрүүдэд газар дээр нь уг хадны оршуулгыг малтан судлав.
Тус хадны оршуулганаас ухмал модон австай эрэгтэй хүний хатмал шарил илэрсэний дээр нум сум, зэр зэвсгийн зүйлс, эмээл дагалдуулан тавьсан байжээ. Уг хадны оршуулганаас гарсан шарил, эд өлгийн зүйлс одоо ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд олдвор хэрэглэгдэхүүн дээр нарийвчилсан судалгаа хийж байна.
Монгол улсын хэмжээнд малтан шинжилсэн Дундад зууны үеийн Монголчуудын чулуун дарааст булш болон хадны оршуулганаас шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл урьд нь илэрч олдож байгаагүй юм. Энэхүү хадны оршуулганаас гарсан хүний дүрс бүхий эсгий онго урьд өмнө илэрч олдож байгаагүй чухал хэрэглэгдэхүүн болоод байна. Онго шүтээний талаар XII-XIII зууны үед Монголд аялаж байсан жуулчид "Тэд эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон шүтээн хийж гэр дотор үүднийхээ баруун зүүн талд байрлуулах бөгөөд түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж мал сүргээ сахин хамгаалж их сүү, олон төл хайрлагч онгон шүтээн хэмээн сүсэглэн биширнэ” хэмээн тэмдэглэж байжээ. Оршуулганаас гарсан олдворуудын он цагийг нарийвчлан тогтоолгохоор Япон, Франц улсад дээжийг илгээгээд байгаа ба урьдчилсан байдлаар дагалдуулан тавьсан олдвор хэрэглэгдэхүүн, оршуулгын зан үйл зэргээс үндэслэн уг оршуулгыг XII-XIII зууны үеийнх гэж үзэж байна.
"ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн"- хуудаснаас
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих