Тус аймгийн иргэд урин дулааны улиралд хүнсний шинэхэн ногоогоор тасардаггүй ч өвөлдөө урд хөршөөс зарим төрлийн нарийн ногоог байнга зөөснөөр 7.2 тэрбум төгрөг гадагш нь урсгадаг гэсэн статистик үзүүлэлт бий. Түүнчлэн "ДБЭХС” ТӨХК нь өвлийн ид ачааллын үед нийт үйлдвэрлэсэн дулааныхаа 60-аад хувийг ашиглаж, үлдсэнийг нь агаарт хөргөдөг. Тэгвэл ашиглагдахгүй байгаа дулааны ердөө 2 хувийг өвлийн хүлэмжид зарцуулахад л Дорнодчууд жилийн дөрвөн улирлын турш шинэ ногоогоор хангагдах боломж бүрдэх юм.
Энэ талаарх санал санаачилгаа аймгийн Засаг дарга, Эрчим хүчний сайд П.Ганхүүг Дорнод аймагт ажиллах үеэр уламжлахад, "Станцын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, жижиглэсэн биш төвлөрсөн байдлаар өвлийн хүлэмжийн асуудлыг шийдэж, ирэх жилийн халаалт эхлэхээс өмнө төслөө тодорхой өгч шийдүүл” гэсэн хариуг өгсөн юм. Тийм учраас өвлийн хүлэмжийг барьж байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, тус аймгийн Инженер зохион бүтээгчдийн холбоо хүлэмж барих боломжтой инженерийн зураг төсвийг ч гаргаад амжжээ. Дулааны үнэ өртгийн тал дээр "ДБЭХС” ТӨХК-тай тохиролцож чадвал хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор газар олгох, нэг загвар, жишгийн дагуу өвлийн хүлэмжийг барих ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярив.
ЭХ СУРВАЛЖ: WWW.DORNOD.GOV.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих