Халхын голын дайны түүхт ялалтын 75 жилийн ой ирэх наймдугаар сард тохионо. Бид ойн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээнүүд болон ахмад дайчдад хандсан ажлуудын талаар БХЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Ө.Батмөнхөөс тодрууллаа.
- Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?
-Халхын голын дайны ялалтын үнэ цэнийг залуу хойч үеийнхэндээ мэдрүүлэх, Монгол, Орос улсын найрамдалт харилцаа, хамтыг ажиллагааг батжуулах, ахмад үеэ хүндэтгэх, залуу үеийг ахмад үеийн баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, үндэсний эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх зорилгоор ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх асуудлыг БХЯ-наас санаачилж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ойг энэ оны наймдугаар сард улс орон даяар тэмдэглэхээр боллоо.
Энэ ажлын хүрээнд ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсэг, мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ойг зохион байгуулах салбар ажлын хэсэг томилогдож, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Салбар ажлын хэсэг эхний ээлжинд 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ерөнхий ажлын хэсгийн ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр, ойн хүндэт тэмдгийн загварыг гаргаж, Засгийн газрын комиссын хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн.
Хувьсгалт Монгол танкийн бригадын хөшөөг засварлахаар болсон.
Соёлын өвийн тухай хуулинд хөшөө дурсгал орон нутгийн хамгаалалтад байна. Дурсгалыг сэргээн засварлах ажлыг орон нутаг төсөвтөө тусгаж, тухайн аймаг, орон нутаг хэрэгжүүлдэг заалттай учраас орон нутгийн удирдлагуудад түүхт ялалттай холбоотой хөшөө, дурсгалын газруудыг сэргээн засварлах үүрэг чиглэл өгүүлсэн. Үүнээс гадна зарим байгууллагуудад хандаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам манай саналыг дэмжиж, Хувьсгалт Монгол танкийн бригадын хөшөөг засварлахаар болсон. Мөн БШУЯ, Нийслэлийн ЗДТГ, Хүүхэд залуучуудын үндэсний төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулна. Хүүхэд, залуусыг хамруулдаг бас нэг том, уламжлалт арга хэмжээ бол "Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт, өдөрлөг юм. Энэ жилийн хувьд хоёр талаас тус бүр 75 залуу оролцох бөгөөд орос залуучууд мөнхийн галыг авчирч, Зайсан толгой дахь Дурсгалын цогцолборт асаана. Түүнчлэн ахмад дайчидтай уулзалт хийж, уралдаан, тэмцээн, цэнгүүн гээд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.
- Ном, альбом гээд бүтээл гарах уу?
-Халхын голын дайны түүхтэй холбоо бүхий өмнө нь дэлгэгдэж байгаагүй баримт, эх сурвалжуудыг багтаасан түүхийн ном гаргахаар цэргийн эрдэмтэд ажиллаж байна. Үүний зэрэгцээ нэвтэрхий толь бүтээхээр төлөвлөсөн. Эхний боть нь Халхын голын дайны сэдэвтэй. Гэхдээ данц ганц Халхын голын дайн гэлтгүй 1930-аад оны Азийн цэрэг улс төрийн байдал, дэлхийн I дайны төгсгөл гэдэг ч юмуу өргөн цар хүрээ, хугацаа, үйл явдлыг хамарсан байхаар төлөвлөж байгаа.
Ирэх жил Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохионо. Хоёрдугаар боть нь үүнд чиглэх юм. Танин мэдэхүйн томоохон бүтээл болох байх. Түүнчлэн "Халхын голын ялалт-75” хамтарсан болон гэрэл зураг, зэвсгийн үзэсгэлэн, "Халх гол-75 түүх сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлага, телевизийн нэврүүлэг гээд олон арга хэмжээ зохион байгуулагдана.
- 75 жилийн ойтой хамт цөөнгүй онцлох үйл явдал, арга хэмжээ давхцан тохиож байгаа байх аа…
- Халхын голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, БНМАУ-ын баатар, армийн генерал Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Энэ хүрээнд ч багагүй ажлууд нийслэл болоод орон нутагт өрнөнө. Мөн "Сэлэнгэ-2014” Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль Дорнод аймагт явагдах бөгөөд сургуулийн төгсгөлийн үйл ажиллагаа ойн баярын ёслолтой давхцах юм.
- Ахмад дайчид руугаа хандсан ямар ажлуудыг зохион байгуулах вэ?
- Эх орныхоо төлөө амиа хайрлалгүй тэмцэж ялалтыг авчирсан ахмад дайчид маань энэ арга хэмжээний хамгийн хүндтэй хүмүүс. 70 жилийн ойгоор 131 ахмад дайчин амьд сэрүүн байсан бол энэ оны 3 дугаар сарын 15-ны байдлаар 39 ахмад дайчин энх тунх байна. Орон сууц, тэтгэлэг гээд нийгмийн асуудлыг зохих түвшинд шийдэж ирсэн, энэ жил ч гэсэн онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Мэдээллийн эх сурвалж: БХЯ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих