-Ирэх сард энэ оны эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35 сая ам.доллар өгөх ёстой-
"Шинэчлэлийн
Засгийн газрын эрлийн багийнхан" гэж нэрлэгдээд байгаа Н.Батбаяр,
Ч.Улаан нар өнгөрсөн 2012 онд тив дэлхийгээр "тэнэж", 1.5 тэрбум
ам.долларын бондоо борлуулж, ДНБ-нйхээ 17 хувьтай тэнцэх мөнгийг босгож
ирсэн гэдэг.
Эдийн засгийн өсөлтийг жигд болгож, инфляцийг бууруулж,
банкны хүүг нэг оронтой тоонд барихад зориулах битүүхэн зорилготой
"Чингис" бондоос өнөөдөр нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөгийн
үлдэгдэл байгааг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт
дуулгасан. Нийгэмд үүсээд байсан "Чингис бондын мөнгө зарцуулагдаад
дууссан" гэх цуурхалд няцаалт өгч байгаа хэрэг. Арга ч үгүй биз дээ,
сөрөг хүчний зүгээс байнга
"Чингис" бондын зарцуулалтын тайланг Н.Алтанхуягаас нэхэж, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа.
Зарцуулалтын тайланг ч Ерөнхий сайд НАлтанхуяг чуулганы хуралдаанд байн байн танилцуулсан нэр зүүж, сөрөг хүчний амыг нь тэрүүхэн тэнд нь таглачихаад байгаа.
Харин хаана, хэдийг, яаж зарав гэдгээсээ илүүтэйгээр бондын хүүд төлөх мөнгөний хэмжээ олны анхаарлыг татаж байгаа. Учир нъ "Чингис" бондын хувьд өрийн тоолуур гүйж эхэлсэн 2012 оны арванхоёрдугаар сарын 6-наас хойш хоног тутамд 196 мянган ам.доллар буюу яг өчигдрийн Монголбанкны нэрлэсэн ханшаар тооцвол 356 сая төгрөгийг хүүнд төлөх учиртай. Бонд босгон эхний санхүүжилт орж ирсэн өдрөөс яг таван жилийн дараагаас бид үндсэн зээлийнхээ 500 сая долларыг буцааж төлж эхлэх юм. Энэ цагт 2017 онд ирнэ.
Үүнээсээ мөн таван жилийн дараа үлдэх нэг тэрбумаа төлж барагдуулах ёстой. Энэ хугацаанд буюу 2017 оноос эхлэн бондоор босгосон мөнгөний нэг тэрбумынх нь хүүгийн төлбөрт хоногт 140 мянган "ногоон"-ыг төсвийн авдраасаа шилжүүлэх үүрэг хүлээсэн. Ийнхүү 1.5 тэрбум долларыг бид 605 сая долларын хүүтэй нь хамт 2.15 тэрбум болгон буцааж барагдуулах тооцоо судалгаа байгаа. Авсан цагаасаа хойш бондын хүүнд 74.6 сая ам.доллар төлсөн. Одоо удахгүй дахин нэг төлбөр хийх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35 сая ам.доллар буюу өнөөгийн зах зээлийн ханшаар тооцвол 63.5 тэрбум төгрөгийг ирэх зургадугаар сард шилжүүлэх юм.
63.5 тэрбум гэдэг чамгүй их мөнгө. Ялангуяа төсөвт тодотгол хийх нэрээр хэмнэлтийн горимд шилжээд байгаа гэх өнөө цагт бүр ч их мөнгө. 100 хоногт бүсээ тасартал чангалж, бутэн аяга хоолоо тал болгож хэмнэхэд амьдрал сайжирна хэмээн үлгэр хүүрнэх Шинэчлэлийн Засгийн газар хэмнэлт хийгээд ч энэ их мөнгийг бүрдүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч төсвийн сан хөмрөг хоосроод багагүй хугацаа өнгөрснийг эрх бүхий албан тушаалтнууд нь хүлээн зөвшөөрдөг. Харин Н.Алтанхуягийн цэргүүд л үүнийг эрс эсэргүүцэж мөнгөний авдар дүүрэн зоостой байгаа хэмээн гүрийсээр буй юм.
Хамгийн сүүлд л гэхэд Хөгжпийн банкны захирал Н.Мөнхбат "Олон нийтийн дунд Засгийн газар огт мөнгөгүй болсон, "Чингис" бондын мөнгө зарцуулагдаад дууссан гэх ташаа ойлголт түгээмэл байна. Ийм зүйл байхгүй бөгөөд "888" төслийг санхүүжүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар "Чингис" бондын үлдэгдэл нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөг бий. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна" хэмээн ташаа ойлголтыг амаар залруулж мэдэгдэл хийсэн. Үүнээс гадна "Самүрай" бондын 24.3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний эх үүсвэр энэ Засгийн газарт бий гээд байгаа.
Үүнээс өөр мөнгө баихгүй. Тиймээс Н.Алтанхуяг амь шигээ хайрлан хав дарж байгаа бондын хөрөнгөөс хүүг нь төлөх л гарц хайж мэднэ.
Уг нь шинэчлэлийн Засгийн газар хэмнэлтийг хэлж ярихаас илүүтэйгээр хийж, хэрэгжүүлэх л чухал байгаа аж. Өнөөдрийн байдлаар эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийт 490 гаруй хурган дарга албаны машин унаж байгаа. Угтаа бол яамдын Төрийн нарийн бичгийн даргаас дээгүүр албан тушаалтан албаны машин унах учиртайг Засгийн газар журмаараа зохицуулсан байдаг. Засгийн газрын эл журам тэрхүү 490 гаруй хурган даргад лав үйлчилдэггүй. Тэд албаны машиныг албандаа ч, аминдаа ч унадаг. Албаны жолоочоор өглөө , авахуулж, өдөр нь эхнэрээ дэлгүүр хэсэхэд үйлчлүүлж, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь зөөлгөж нэг үгээр албаны машиныг тултал нь сайн ашигладаг.
Хамгийн гол нь түүнд зарцуулж байгаа шатахууныг төсвийн мөнгөөр авдаг. Хурган дарга нарынх нь тансаглал ийм байхад Ерөнхий сайд нь 'Төрийн албаны тансаглалыг зогсооно" хэмээн лоозогнох нь хүмүүст хэр үнэмшилтэй сонсогдох нь ойлгомжтой. Төрийн түшээдээс дээгүүр эрх мэдэлтэй 490 хурган дарга нартайгаа хэмнэлтийн хариуцлага тооцож чадвал "Чингис" бондын хүүг өлхөн төлөхөөр мөнгөн хуримтлалыг бий болгоно гэдгийг Ерөнхий сайд Н.Атганхуяг мэддэг л байгаа даа.
Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих