Саяхандаа, саяхан Тавантолгой дахь нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж, УИХ-аар дэмжигдэж байсан юм. Тухайн үед энэхүү орд газрыг муу муухай бүхний үүр уурхай болчих юм гэж хэн ч төсөөлөөгүй биз. Чухамдаа үнэтэй үнэгүйдээ тулж буй нүүрс яах вэ. Нүүрснээс дээгүүр тавих ёстой хүний асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон байна, цаана чинь.
...хэдэн халтар төгрөг олохын төлөө угалз мэт сааралтан агаарт хөөрөх нутаг шороон дунд жолоо мушгиж яваа биз, хөөрхий гэмээр санагдавч бодит амьдрал дээр даварсан хятадуудын ноёрхол, дарангуйлал дунд манайхан амь өрсөн "тулаанд” ордог байна...
Өдрөөс өдөрт сөнөж буй говийн үзэсгэлэнт байгаль, орд газрыг тойрсон хятад иргэдийн дарангуйлал, шоронгийн хулгайч нарын орогнол, монгол жолооч нарын архидалт, тэдний халаасыг хоослох үүнээс улбаатай бэлгийн замын халдварт өвчин хар тамхины төрөлд багтах мансууруулагч бодис Ми Ми-гийн наймаа гээд хорвоогийн муу бүхэн тэндэхийн хөрс шороо, агаарт шингэж орхижээ. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаярын хийсэн мэдээллээс үзэхэд, зөвхөн Монгол талаас 1500 орчим том оврын тээврийн хэрэгсэл 24 цагийн турш нүүрс тээвэрлэдэг аж. Мөн дээр нь албан ёсны бүртгэл бүхий урд хөршийн 600 орчим тээврийн хэрэгслийг нэмэх хэрэгтэй.
Гэмгүйхэн төсөөлөхөд монгол, хятад жолооч нарын аль аль нь амьдрахын эрхэнд, хэдэн халтар төгрөг олохын төлөө угалз мэт сааралтан агаарт хөөрөх нутаг шороон дунд жолоо мушгиж яваа биз, хөөрхий гэмээр санагдавч бодит амьдрал дээр даварсан хятадуудын ноёрхол, дарангуйлал дунд манайхан амь өрсөн "тулаанд” ордог байна. Өөрөөр хэлбэл, хятад жолооч нарт хил гаалийн асуудал ногоон гэрлээр шийдэгддэг байхад монголчууд хонон өнжин дугаарлаж байж хилийн дээс алхах жишээний.
Ийн дугаарлахдаа ч элдэв асуудалтай тулгарна. Ер нь тэнд монгол жолооч амь нас, эрүүл мэндээрээ хохирдоггүй өдөр гэж байхаа больжээ. Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хэргийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдэг нь уул уурхай, тодруулбал нүүрс тээвэрлэлттэй холбоотой. Эрсдэл нүүрс ачуулахаас л эхэлнэ. Жолооч нар ковшоор нүүрсээ ачуулдаг агаад ковшчин хятадууд тэвшин дээр нүүрс асгахдаа хүчтэй шидэж, тэвшийг нь задлах эсвэл машиныг нь унагах, өвлийн цагт хөлдүү нүүрсээр цонхыг нь хагалж орхидгийн улмаас чанар муутай хятад машины тэвш тэр дороо задарна. Түүнийг нь мэдээж хятад гагнуурчид гагнан олсон ашгаа ковшчидтойгоо хуваана.
Монгол жолооч нарын ихэнх нь түрээсийн машинтай тул эвдэрсэн тэвшнээсээ болж өрөнд орж, хэдэн өдрөөр ажилгүй сул зогсох нөхцөл үүсдэг нь хятад жолооч нарт тэр хэрээр олз болох нь бий. Ийм байдалд орохгүй байх арга нь ковшдод ачилт бүрдээ 100 юань бэлнээр төлөх учиртай. Өчигдөр л гэхэд ийм байдлаар таван машины тэвш эвдэрсэн сураг дуулдав. Асуудал үүгээр дуусахгүй. Амь тэмцэн хил дээр ирээд Цагаан хад, Ганц модны боомтын хүнд суртал, мөнгөтэй хүнд үйлчлэх хил, гаалийн ажилтнуудын өмнө сөхрөхөд хүрнэ.
Тэд монгол хүн атлаа хятад жолооч нарыг хилээр зүгээр нэвтрүүлж, харин монгочууддаа элдэв янзын бичиг баримт нэхэн сүрийг үзүүлэн дөвчигнөдөг гэнэ. Ер нь л тэнд тээвэр хийх 14 хоногт амьд гэртээ буцах баталгаа байхгүйг Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа анзаарсан байдаг. Анзаараагүй байтлаа "Энэ боомтоор нүүрс, баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна.
Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатайг олж харлаа. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна” хэмээв гэж. Мөн УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг, үүнээсээ болж осол аваар гаргадаг” гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдийн сонорт хүргэсэн удаатай.
...кофейны төрлийн сэргээх бодисыг Оюутолгой, Тавантолгой болон бусад компаний 2000 гаруй жолооч нар аяны замд хэрэглэдэг...
Эх сурвалжийн мэдээллээр, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Ми Ми хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1800 төгрөгөөр худалдаж авдаг аж. Энэхүү кофейны төрлийн сэргээх бодисыг Оюутолгой, Тавантолгой болон бусад компаний 2000 гаруй жолооч нар аяны замд хэрэглэдэг гэхээр тэнд хар тамхины наймаа жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж буйн нотолгоо биш гэж үү. Дээр нь жолооч нар эхнэр хүүхэд, гэр бүлээсээ хол ажиллаж буй. Хоол унд муутай, бусдын дарангуйлал дор амь өрсөн ажиллах эрчүүд гутрахын эрхээр архитай найзлах нь юу ч биш. Тэгээд ч тэдний халаасанд бэлэн мөнгө бий. Мөнгөтэй, Ми Ми хэрэглэн хар тамхинд мансуурсан нөхдүүд цадталаа хооллож аваад дараагийнхаа ажилд мордоно. Тэр нь мэдээж, хормойн явдал.
...статистик мэдээллээр Өмнөговь аймаг бэлгийн замын өвчлөлөөр улсад нэгдүгээрт бичигдсэн...
Өнгөрсөн оны статистик мэдээллээр Өмнөговь аймаг бэлгийн замын өвчлөлөөр улсад нэгдүгээрт бичигдсэн. Ерөнхий боловсролын ахлах ангийн охид ч өвчилсөн нь тогтоогдсон. Сүүлийн үед тэмбүүтэй хүүхэд төрөх болсныг юу гэх вэ. Заг хүйтэн, тэмбүү өвчин туссан хүн эрүүл хүнээсээ 30 дахин их байгаа талаархи мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудаснаас уншиж болно. Биеэ үнэлэгчид хятад жолооч нартай явахыг илүүд үздэг байна. Бүр нэг машины кабинд хоёр, гурваараа явж байгаад замаасаа машинаас машин дамжин биеэ үнэлдэг юм байх. Ингээд л өөрийн биеэр худалдаж авсан өвчнөө нэгээс нөгөөд мөнгөөр худалдаж орхино.
Түүнийг нь авсан жолооч гэртээ очихдоо гэргийдээ нааж таарна. Иймэрхүү маягаар л өвчин газар авч буй. Эмч нар тэднийг загнах аваас хүний эрхэнд халдлаа, амьдрах өөр арга алга гээд гудийх ч үгүй сууж байдаг гэх юм. Нөгөөтэйгүүр, нүүрс тээвэрлэлтэд зөвхөн Улаанбаатар, Өмнөговийн иргэд явдаггүй. Монгол Улсын 21 аймгийн эрчүүд ажил хайн бэдэрсээр эцэст нь эр чадалтай, Е ангиллын жолооны үнэмлэхтэй нь том оврын тээврийн хэрэгсэл түрээслэх эсвэл хөлсний ажилчин байдлаар тэнд түр хугацаанд ажиллаж амьдардаг. Аж ахуйн нэгжүүд жолооч нарт зориулан түр амрах байр, хоолны газар ажиллуулдаг ч тэр нь ор нэр төдий. Жолооч нарт тансаглал бус нэг удаагийн тээвэр юу юунаас чухал нь мэдээж. Улаан шороон дунд амь өрсөн байж олдог өдрийн 150 мянган төгрөг чухамдаа зарим хүнд эхнэрээс үнэтэй байж ч мэднэ. Хамгийн гол нь гэр бүл, үр хүүхэдтэй гэдгээ мартаж орхих нь тиймхэн. Эцэст нь хэлэхэд, ажлын байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг дураараа хэрэглэж байгаа нь хэн бүхэнд ил болоод байхад арга хэмжээ авах төр, албан тушаалтан алга.
Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг жолооч нар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байна, боомтоор бодис оруулахыг завдлаа гэх мэдээлэл шинэ зүйл, сенсааци байхаа болиод удаж буй. Хэдэн жилийн өмнөөс яригдсан асуудал. Хуулийнхан тээврийн бүх хэрэгсэлд хяналт тавих гэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, улс орны эдийн засаг хямралтай байхад нүүрсний тээвэрлэлтийг зогсоож, саатуулж болохгүй гэх чиглэлийг дээрээс өгсөн гэдэг юм гэнэ лээ. Тэгээд ч манай боомтын үйл ажиллагаа муу, хил гаалийн ажилтнууд нь багаж хэрэгсэлгүй учраас мэдрэмжээрээ л ажиллацгаадаг. Гэтэл хэдхэн алхмын цаана байх Хятадын тал тусгай багажаар шалгаж байх жишээний. Амьдрал тэнд иймэрхүү маягтай л өрнөж байна даа.
Өдөрт 2, 3 машин осолдохыг байх ёстой үзэгдэл мэт хардаг, алт шиг залуусын амь нас эвдэрч гүйцсэн замын энхэл донхол дунд шийдэгдэж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байлтай.
Ядарсан монголчуудынхаа зовлонгоор ашиг олдог хэсэг бүлэг ч тэнд байдаг тухай чих дэлсэх болсон. Тухайлбал, халаасны хулгайчид том оврын машины жолооч нарын гадаад паспортыг хулгайлан ашиг олдог гэнэ. Паспортоо алдсан жолооч хэдэн өдрөө ажлаа алдана. Тэр хэрээр цалингүй сул зогсолт хийнэ. Хилээр гарч чадахгүй учраас хий дэмий л гадаад паспорт шинээр хэвлэгдэхийг хүлээж хэвтдэг гэх. Тиймээс хэдэн төгрөг өгөөд ч болов паспортоо авахын тулд хулгайч нарын аманд багтан мөнгө төлдөг шинэ төрлийн "бизнес” хүртэл тэнд цэцэглэчихээд байгаа гэх.
Өвлийн хүйтэн шөнөөр 200 машин зэрэгцэж зогсчихоод нэг нь түлхүүрээ эргүүлэх төдийд л нирхийтэл машинаа асаан хөгжилддөг тухайгаа нэгэн жолооч инээдэм болгон ярьж билээ. Гэвч энэ бол эмгэнэл. Эзэнгүй төрийн хар гайг тэд үүрч, хэдэн өдрөөр ч хамаагүй машиндаа амьдарч, хилээр гарахаа хүлээн зогсоцгоож буй юм. Өдөрт 2, 3 машин осолдохыг байх ёстой үзэгдэл мэт хардаг, алт шиг залуусын амь нас эвдэрч гүйцсэн замын энхэл донхол дунд шийдэгдэж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байлтай. Үүнийг төрийн чихэнд хүргэх учиртай компанийн удирдлагууд нь энд бод идсэн боохой аятай гэдсээ илж суучихаад шаардлага тавьсан нэгнийг гөлөг, нохойгоор нь дуудаж суугааг эмгэнэл гэж хэлэхээс өөр яалтай билээ.
Монголын мэдээ
Ч.Чулуун
Сэтгэгдэл бичих