-Залуусаа хугацаат цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаад аль чийргийг нь авдаг тул халагдахад нь ч мөн үзлэгт оруулж, ирснээсээ хойш ямар өөрчлөлт гарсныг нь тогтоодог болмоор байгааг энэ нийтлэлээр дамжуулан уламжилъя-
Цэрэгт дэглэм байдаг. Гэхдээ яг одоо Монголын армид байгаа "харгислалыг” дэглэм гэж нэрлэвэл хэтэрхий уяхан хандсан хэрэг болно. Монгол Улс бол энхтайван тогтсон, дайн дажны хөлөөс хол, иргэд нь үймээн самуун дэгдээх хий цөстэй биш. Тиймдээ ч 1990 онд Ардчилалд хөл нийлүүлэхдээ ч оготны хамраас цус гаргаагүй. Гэвч энхийн цагт цэргийн алба хаагчид зүй бусаар амиа алдаж, эрэмдэг, зэрэмдэг болсоор. Хамгийн сүүлд л гэхэд эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй ахлагчдаа дэглүүлсний улмаас хөлийнхөө есөн хурууг тайруулж, үүрд тахир дутуу, бүтэн алхах заяагүй болж хоцорсон залуухан алба хаагчийн тухай дуулиан нийгмийг сэртхийлгэж байсан цаг саяхан. Залуугийн ярианаас дүгнэхэд, Батлан хамгаалах яам, холбогдох албад аль хэдийнэ нуувчинд ороод бүгчихсэн ба хариуцлагыг хэн үүрэх нь тодорхойгүй болсон тухай харуусангүй ярьж байсан удаатай.
Үүнээс өмнө, хээрийн дадлагад гарсан байлдагч нар гранатны тэсрэлтэд өртөж, хоёр ч хүний алтан амь эрсдэж, олонх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаалтад орсон билээ. Тухайн үед энэ асуудлын хариуцлагыг хэн үүрэх талаар маргалдаж байснаас биш асуудлыг яаж шийдэх, армид бугшсан идээ бээрийг хэрхэн цэвэрлэх талаар бодлогын түвшинд хэн ч, юу ч яриагүй.
Тэгвэл саяхан буюу тавдугаар сарын 6-нд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсанд "Дархан аварга, Батлан хамгаалахын Сайд, Б.Бат-Эрдэнэ танд хүргэх хов байна: Монголын Арми, Хилийн цэрэгт алба хаагчдад хүнсэнд зориулж их хэмжээний ТРАНС ТОС нийлүүлдэг юм байна. Энэ бол хамгийн ЭРҮҮЛ БУС сонголт тул та анхааралдаа авна уу. Хамгийн эрүүл залуусыг цэрэгт татдаг хэрнээ, татсан хойноо эрүүл мэндээр нь хохироох нь ёс зүйгүй хэрэг. Эр цэргүүд маань эрүүл хүнс идэх ёстой! Энэ хүмүүс цэргийн албаа хааж дуусаад цаана нь олон жил эрүүл урт наслах учиртай!” гэж бичсэн байв.
Энэ ямар учиртай бичвэр байв. Дэд сайд асан, өдгөө ч хариуцлагатай ажил хийж буй эмч хүн ийм асуудлыг баримтгүйгээр, барим тавим бичих болов уу. Мэдээж маш олон сэтгэгдэл энэ бичвэрийн дор цугларсан ба зарим нь баримт шаардсан бол ихэнх нь үүнийг зайлшгүй шалгаж, тодруулах ёстойг анхааруулжээ.
Хэдийгээр энэ мэдээг жинхэнэ эсэхийг нотлох нотлогоо үгүй ч үүнийг холбогдох газрууд шалгах шаардлагатай. Угаас арми, улсын өмчийн үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд шахааны бизнес хийгчдийн гайгүй сайн орлого, тэр ч бүү хэл хөрөнгөжих эх үндэс болсон нь нууц биш. Зах зээлийн ханшийг судлаад үзэхэд транс тос гэдэг нь тодорхой болсон, Оросоос голдуу орж ирдэг маслонууд цэвэр цөцгийн тос, зөөхийнөөс хэд дахин хямд байх аж. Тэгэхээр хямдхан транс тосыг манай хэдэн шахаачид оруулж ирээд армид нийлүүлээгүй гэсэн баталгаа л олон нийтэд хэрэгтэй байгаа юм.
Ер нь транс тос гэж юу юм. Үүнийг байгалийн цэвэр тосоор хийдэггүй бөгөөд үйлдвэрийн аргаар буюу, химийн урвалын дүнд гаргаж авдаг. Эрдэмтдийн зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, Альцгеймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэргийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс өөх, тосны хэрэглээнээс татгалзсаар байгаа. Үүнээс гадна транс өөх нь хүүхдийн хөгжилд бидний бодсоноос ч илүү аймшигтайгаар нөлөөлдгийг туршилтаар нотолсон. ДЭМБ-ын зөвлөснөөр, өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэвэл үр дүн нь дээр бичсэнчлэн илрэх юм байна.
Тэгэхээр болзошгүй аюулаас эх орон, элгэн түмнээ хамгаалах эр цэргүүдээ эрүүл саруул байлгахын тулд энэ асуудлыг шалгахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс хүсч байна. Мөн залуусаа хугацаат цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаад аль чийргийг нь авдаг тул халагдахад нь ч мөн үзлэгт оруулж, ирснээсээ хойш ямар өөрчлөлт гарсныг нь тогтоодог болмоор байгааг энэ нийтлэлээр дамжуулан уламжилъя.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих