Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний номын сан, "Бичиг соёл” ТББ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тавдугаар сарын 12-14-ний өдөр Архангай аймагт тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Архангай аймгийнхан уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэнан хаарч, идэвх чармайлттай ажиллаж байгаа юм.
Тус аймагт болж буй Үндэсний бичиг үсгийн баярын өдрийн хүрээнд 2014 оны тавдугаар сарын 12-нд Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн нар Монгол Улс, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа.Үүний дараа үндэсний бичиг үсгийн баяр, монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болов. Уран бүтээлчид өнөөдөр монгол уран бичлэгийн үзүүлбэр сонирхуулсан бөгөөд тус аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд болох монгол таталган бичих, хичээнгүй бичих, түргэн унших зэрэг тэмцээнийг шүүж, арга туршлагаасаа хуваалцлаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд болон уран бичээч Д.Ганбаатар урилгаар оролцож буй ӨМӨЗО-ы "Монгол уран бичээчдийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б.Оргил, ОХУ-ын Буриад улсын "Очирзам” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Маргарита Дамбаева нар оролцож байна. Монгол туургатан монгол хэл бичиг, соёл, сэтгэлгээгээрээ нэгдэн олон улсын чанартай анхны үзэсгэлэн зохион байгуулж буйд оролцогчид, иргэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид уг арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэн аймаг бүр хэрэгжүүлэхийг уриалж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оноос "Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг уламжлал болгон өмнө нь Улаанбаатар хот, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь аймагт тус тус зохион байгуулсан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих