"Орон сууцны үнийн хөөрөгдөлд НОСК цэг тавина. Эдийн засгийн хямралыг давах гарц нь мөн л НОСК”. Хотын дарга яг л ингэж хэлсэн. Тэр ажлаа ч эхлүүлээд байна. Одоогоор Нийслэлийн орон сууцны корпораци байгуулагдаж, үйл ажиллагааны журмаа боловсруулж байна. Энэ сард багтан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдвэл НОСК иргэдээс захиалгаа авч эхэлнэ. Эхний ээлжинд 20 мянган орон сууцны захиалга авч, 50 тэрбум төгрөг төвлөрүүлснээр барилгын ажил эхлэх юм.
Энэхүү төслийг эхлээсэй, мөнгөө хуримтлуулж байгаад байранд орох юмсан гэсэн хүсэлтэй иргэд олноороо байгаа нь мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш мэдрэгдээд байгаа. Үнэндээ энэ хөтөлбөр байранд орох хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр дээрээ гацчихаад байгаа иргэдийн загатнасан газар маажих шиг л болсон. Харин нэг хэсэг нь хотын удирдлагуудын сонгуулийн шоу, бүтэшгүй үлгэр мэтээр хүлээж авсан нь ч үнэн. Гэхдээ л сонгуулийн шоу байсан ч хамаагүй хэрэгжээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Иргэд ТОСК-аас байр авч болох ч 30 хувийн урьдчилгаа нь хамгийн том даваа болоод байгаа. Бага дунд орлоготой иргэдэд тоолоод өгөх бэлэн мөнгө үнэндээ ховор болсон. Тэгэхээр хүмүүсийн байранд орох найдвар нь одоогоор НОСК болж байх шиг.
Гэхдээ НОСК-ийн хувь заяаг хэлэхэд үнэндээ л бэрх байна. Нүдээр үзэж гараар барьж үзэхээс нааш бүх зүйлээ гаргаад өгчихдөг тийм гэнэн сэтгэхүйтэй хүмүүс монголчууд дунд хэр олон байгаа бол доо. Хотын дарга "Хэрвээ бүтэхгүй бол хотын захиргаатай заргалд, энэ хувийн байгууллага биш хэзээ ч дампуурахгүй” гэсэн үгээр баталгаа хийж өгсөн. Энэ үг баталгаа байж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ энэхүү төслийг зөвхөн Хотын дарга Э.Бат-Үүл санаачлаад, зөвхөн манайд хэрэгжих гээд байгаа хэрэг ч биш. Солонгос, Сингапур гээд дэд бүтэц нь өндөр хөгжсөн орнууд энэ л замаар орон сууцныхаа үнийг тогтворжуулж, иргэддээ байртай болох боломжийг нээж өгсөн байдаг билээ. Тиймээс бүгдээрээ НОСК-д итгээд захиалга өгөөд үзвэл ямар вэ. Тэдний хувь заяа зөвхөн байранд орон хүсэлтэй иргэдээс нь шалтгаална.
Speak out
Хэрэгжвэл дэмжинэ
НОСК-ийн үйл ажиллагаагаа эхлэх үү, үгүй юу гэдэг асуудал иргэдийн сонголтоос шалтгаална. Тиймээс энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.
БГД-ийн иргэн Я.Өнөрбаян: ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА
-Сонгуулийн дараа Хотын дарга солигдвол яах вэ. Гарсан дүрэм журам нь хэрэгжинэ гэдэг баталгаа байхгүй. Мөн Э.Бат-Үүл дарга сонгуулийн өмнө "Би гарвал хаус хороолол бий болгоно. Та бүхнийг эрүүл сайхан орчинд амьдруулна” гэж гарч ирсэн. Одоо тэр нь ч биелээгүй байна. Надад бол итгэл төрөхгүй л байна.
БЗД-ийн иргэн Х.Чанцал: БИ Ч ГЭСЭН БАЙРАНД ОРОХЫГ ХҮСЧ БАЙНА
-Ерөнхий мэдээлэл алга. Гэхдээ телевизээр хальт сонссон. Залуу, бага дунд орлоготой иргэдийг дэмжсэн цаг үеэ олсон хөтөлбөр санагдсан. Гэхдээ хэрэгжих эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Бэлэн мөнгө цуглуулж хуримтлуулж чадахгүй байгаа гэр бүлд болох л хувилбар юм билээ. Би ч гэсэн энэ хувилбараар байранд орохыг хүсч байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Отгонзаяа: БОЛОМЖТОЙ Л ХУВИЛБАР САНАГДДАГ
-Сайхан санаа байна. Боломжтой хувилбар юм. Би яаманд ажилладаг. Бэлэн мөнгө гаргаад байр худалдаад авах боломж байхгүй. Тийм хөтөлбөр гарвал сайн л байна. Байранд орно гэж зориод мөнгөө хуримтлуулаад эхэлбэл зорьсондоо хүрнэ л гэж хичээнэ шүү дээ.
БЗД-ийн иргэн Х.Бүүвэйбаатар: ОДОО БАЙРАНД ОРНО ГЭДЭГ ХЭЦҮҮ БОЛЖЭЭ
-Болох байлгүй дээ. Юм мэдэх хүмүүс боломжийг судалсны үндсэн дээр ийм төсөл санаачилсан байх. Миний зүгээс эсэргүүцээд байх зүйл байхгүй. Хэрэгжээд эхэлвэл дэмжинэ гэж бодож байна. Одоо байранд орно гэдэг их хэцүү болоод байна шүү дээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих